Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр нэг иргэнээс коронавирус илэрлээ
2020/04/16
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ, тандалтын 44 хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Харин ОХУ-аас ирсэн 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ" гэлээ.
Ийнхүү манай улсад батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж нийт 31 болж, үүнээс яг одоогоор эмчилгээ хийлгэж байгаа 26 өвчтөн байна.
Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хоёр удаа хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Эрүүлжиж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсийг банканд хадгалж, ийлдсэн дахин шинжилгээ хийхэд нэг хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлын үргэлжлүүлэн хийсээр байна.
Эсрэг бие гэж хүний биед гадны биет буюу вирус орж ирэхэд нянтай тэмцэж дархлалын систем ажиллаж эхэлдэг. Ингээд тодорхой хугацааны дараа гаднаас орсон вирусийг таних эсрэг бие үүсдэг. Тэгэхээр тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч цусанд нь эсрэг бие үлддэг. Энэ хүн халдвар авсныг илэрхийлж байгаа юм. Эсрэг бие бол вирус биш. Тэгэхээр бид энэ эсрэг биеийг хянаж байдаг. Харин ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан таван хүний цусанд эсрэг бие илэрсэн.
Цусанд эсрэг бие үүссэн тохиолдолд дахин тухайн халдвар авдаггүй, байгалийн дархлаа тогтсон гэсэн үг. Харин коронавирус шинэ халдвар учир эдгэрсэн хүмүүс дахин өвчлөхгүй гэх баталгаагүй байна гэж тайлбарлав.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх