Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад 200 мянган төгрөгийг энэ сараас олгоно
2020/04/16
Хөдөлмөр, нийгэм хамгаалалын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийж, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар болгон 200 мянган төгрөг олгох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Баталсан тохиолдолд 200 мянган төгрөгийг энэ сараас олгож эхлэх юм. “COVID-19”-ийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй” хэмээв.
Мөн гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж буюу 30 мянган төгрөг болгон олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг энэ сараас хэрэгжүүлэх бөгөөд үүнд зориулсан журам гаргах шаардлагагүй гэдгийг ХНХ-ын сайд дурдлаа.
Ташрамд дурдахад, энэ оны эхний гурван сард 5200 иргэн ажилгүйдлийн тэтгэмж авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 200-гаар өссөн үзүүлэлт. Өмнөх оны эхний гурван сард ажилгүйдлийн тэтгэмжид 9 тэрбум төгрөг олгож байсан бол энэ онд 12 тэрбум болж өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөгөөс 420 мянга болсонтой холбоотой аж.