Оршуулган дунд аж төрөх айлууд
2020/04/17
Нийслэл хэмээх их айл “чимээгүй хот”-уудтай хаяа нийлэх болоод цөөнгүй жилийг үджээ. Цаг хугацаа өнгөрөх тусам оршуулгын газартай зэргэлдээ орших айл өрх, албан байгууллага байдаг л зүйл шиг болж. Хэн ч үүнд цочирдож, гайхаж, эмзэглэхээ байж. Бурхан болоочийнхоо дэр чулууг хөдөлгөдөггүй монгол ёсыг умартаж, хот бараадаж, амьдралаа залгуулах гэсэн айлууд айх эмээхийг үл ажран хашаа хатган овоолго, шороог нь түрсээр оршуулгын газартай хөршлөн, аль аль нь урагш гишгэх газаргүй болов. Улсдаа урдаа барьдаг, засаг захиргаанаас онцгой анхаардаг хүндэтгэлийн оршуулгын газрыг ч их нүүдэл бүчин баглажээ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, алдар цуутнуудаа нутаглуулдаг “Алтан өлгий”-н хүндэтгэлийн оршуулгын газар Баянзүрх дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт 4.7 га талбайг эзлэн орших бөгөөд нэг жилийн нөөцтэй гэнэ. Их жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын гэгээн дурсгалд зориулсан бунхан тэргүүтэй, цаг цагийн баатруудын ариун цогцос бүхий булшийг улаан хүрэн өнгийн шавар ханаар хүрээлэн айл, өрхүүдээс тусгаарлажээ. Тус газрыг Засгийн газрын 2004 оны 100 дугаар тогтоолоор улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгасан бөгөөд эдүгээ Хот тохижилтын газраас хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.
Биднийг очиход хамгаалагч Д.Алтангэрэл үүргээ гүйцэтгэж байлаа. Тэрбээр “Би хоёр жил гаруйн хугацаанд энэ газрын хамгаалагчаар ажиллаж байна. Гурван хүн хуваарийн дагуу ээлжлэн хамгаалалтад гардаг. Манайх бусад газруудыг бодоход хамгаалалт, арчилгаа сайтай. Харуул хамгаалалттай учраас хүн орох, хүүхэд тоглох, ухаж төнхөх асуудал гардаггүй” гэсэн юм. Үнэхээр ч түүний хэлснээр хашаан доторх хэсэг цэвэр, цэмцгэр, саяхан суулгасан залуу модод салхинд найгаж харагдана. Гэхдээ энэ бол хүндэтгэлийн оршуулгын газрын “А” бүс. Тус оршуулгын газар А, Б, В гэсэн хэсгээс бүрдэнэ. Түрүүхэн бидний харсан харуул манаа бүхий цэмцгэр хашааны хойхно талд бусад хэсэг бий. Энд нэрт жүжигчин Цагааны Цэгмид, хошууч генарал Ж.Самбуу гэх мэт алдар суутны ариун шарил шатсан шар өвс, үхсэн ноходтой зэрэгцэн оршиж байна.
Хэдийгээр оршуулгын газрыг тусгаарлан хашаа барьсан ч хаалга нь онгорхой, хэн дуртай нь орж гарах юм. Хашааг хөндлөн туучсан явган хүний жим, машины мөр байна. Мөн хашаа сунаж зүүн талын урд хэсгээрээ айлын хашаатай нийлжээ. Чимээгүй хот, их хот хоёр ердөө л машин замаар тусгаарлагдана. Талийгаачийнхаа шарилыг эргэхээр яваа ээж, хүү хоёртой таарч тус газрын арчилгаа үйлчилгээний талаар сонирхоход “Манай хүн энэ газрын В хэсэгт байдаг. Эвдэлж сүйдлээд байх нь гайгүй ч сониучирхсан хүүхдүүд гүйж харагддаг. Бас зам товчлон алхах хүмүүсийн хөдөлгөөн энэ хашаагаар тасардаггүй” хэмээн учирлав. Түүнчлэн оршуулгын газрын чанх урд хүүхдийн тоглоомын талбай байх аж. Хэдэн гулсуур, жижиг сагсны талбай, модон саравч бүхий энэ хэсэг ойр орчмын айлуудын хүүхдээ саатуулах ганц газар гэнэ. Урдхан талд нь хүүхдүүд тоглож, хажууханд нь өтгөс нойрсож өнгөрсөн, ирээдүй хоёр өөд өөдөөсөө харан байна.
Хотын зах руу байдал бүр ч хүндэрнэ. БЗД ХХII хорооны нутаг дэвсгэрт Цагаандавааны оршуулгын газар бий. Хэдэн уулын бэл дамнан сааралтах чимээгүй хотын анирыг эвдэн автобус, машин хүнгэнэж, их хотын амьдрал ундарч байна. Талийгаачаа эргэхээр ирсэн нэгэн “Хэзээ, хаанаас олно доо” гэж бодогдом эмх замбараагүй, эвдэрч гэмтсэн дурсгалын чулууд уртаас урт үргэлжилнэ. Тус оршуулгын газар 59 га талбайг эзлэх бөгөөд нөөц талбай дууссанд тооцогддог. Нийслэлийн Захирагчийн албанаас Нөөц дууссан оршуулгын газрын хил хязгаар, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоох учиртай. Хамгаалалтын бүс байтугай, хашаа саравч нь үл мэдэгдэм юм. Ойртож харвал өеөдсөн мал ч шөргөөгөөд унагачихмаар турьхан шонгуудыг өргөстөй төмөр утсаар холбож хашаалах аяджээ. Гэвч хашааны ихэнх хэсэг нь нурж, тасрах нь тасарсаар бэлэг тэмдэг төдий болжээ. Оршуулгын газраас сөөм ч хүрэхгүй зайд хэсэг залуус хашаа хатгаж, бетон цутгаж харагдав.
Ямар учиртай ажил өрнөж байгаа талаар тодруулахад тэднийг ахалж буй Д.Мөнхбат гэх залуу “Манайх энэ газрыг долоон жилийн өмнө өмчилж авсан. Энэ жилээс том машин зогсоох талбай бүхий хашаа барих санаатай. Хууль зөрчсөн юм байхгүй. Тэртээ тэргүй өнөөдөр улаанбаатарчууд ингэж л амьдарч байна шүү дээ. Сэжиглээд байх юм алга” хэмээлээ. Ойр хавийн айлуудаас энэ орчинд амьдрах хэцүү эсэх талаар сонсох гэсэн боловч илт цааргалах нь газрын зөвшөөрлөөс үүдэлтэй болов уу гэсэн хар төрүүлээд амжив. Зам дагуу таарсан хижээл насны эрийг тосон очлоо. Тэрбээр “Ах нь автобус баазад жолооч байсан.
Хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад оршуулгын газар их хумигдчихаад байна. Ний нуугүй ярихад хүмүүс алга дарам газрын төлөө эрээ цээрээ алдаж, шарил бунхан хөндсөн нь энүүхэнд” гэж хуучиллаа. Үнэхээр ч энэ газрыг харж ханддаг, адаглаад айж эмээдэг ч хүн алга. Магад буурлаа нутаглуулсан хэн нэгэн л сэтгэлээ чилээж суудаг биз. Явсаар хэдэн банзаар оршуулгын газраас тусгаарлагдсан, хаалга гэх зүйлгүй хэмхэрхий хашаан дахь гэрт орвол 80 гаруй насны эмгэн байлаа. Түүнийг Ж.Хулганаа гэх бөгөөд тэрбээр “Ирээд жил болж байна. Охин ажилдаа явсан. Эгчид нь мэдэх юм алга даа” гэсээр эрхээ эргүүлэн хоцров. Бурхан болоочдын хаяанд, сатаарах зурагт ч үгүй гэрт ганцаар суух тэр хөгшин юу бодож өнждөгийг төсөөлөшгүй.
Ахиад хэдэн хаалганы цаана ийм өр эмтрэм дүр зураг оршин буй бол...
Чингэлтэй дүүргийн ХII хорооны нутаг дэвсгэрт Самбалхүндэвийн буюу Далан давхрын оршуулгын газар оршдог. Тус газарт 1950-иад оноос талийгаачдыг нутаглуулдаг болж, 1987 онд албан ёсоор хаасан. Улаанбаатар хотын төв хэсэгт 70 орчим мянган га талбайг эзлэн, гэр хороололтой зэрэгцэн орших энэхүү газарт 250 мянга гаруй оршуулга байдаг ч олонх нь эвдэрч, тоногдсон тухай албаны хүмүүс ярьдаг. Мөн хөшөө чулууны нэр бүдгэрэн, таних тэмдэггүй болж, ар гэрийнхэн нь одогсдоо эргэж тойрохоо больсон байна. 2013 оноос хойш нэлээд хэдэн жил тус оршуулгын газрыг тэгшилж, гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих талаар яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй. Арваад жилийн өмнө тус оршуулгын газрыг суурьшлын бүсээс тусгаарлан хаашаа барьсан. Гэвч эдүгээ чимээгүй хотын хашаа хэд хэдэн хэсэгтээ нурж, элэгдсээр дуртай нэг нь хүссэн газраараа орох боломжтой болгосон харагдана.
Айл өрхтэй хаяа нийлэн орших, хэдэн мянган булштай энэ газар улаанчулуутын хогийн цэгээс арай дээхнүүр төрхтэй байна. Бурхан болоочдын алтан шарил дундуур золбин ноход гүйлдэж, маанийн үсэгтэй дурсгалын чулууны нөмөрт элдвийн хог хунгарлан овоорчээ. Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл, өрөөсөн оймс, уранхай өмд хуйлран хийсэх нь амгалан нойрсогчдыг нүүр нүдгүй балбах шиг. Тус газрын арчилгаа, хамгаалалтын талаар тодруулахаар манаачийг нь хайсан ч олдсонгүй. Үймээн самуунд нэрвэгдсэн эзэнгүй айл шиг дүнхийх чимээгүй хот хойд хэсгээрээ Булгийн арван долдугаар гудамжтай хиллэнэ. Энэ хэсэг уулын энгэр орчим тул айлууд хашаагаа тэгшлэн дугуй ивсэн байх нь элбэг. Гудамжны эхэнд байх хаалга нь онгорхой хашаан дахь хоёр гэрийн захын гэрт орвол гуч орчим насны гурван хүүхэдтэй эмэгтэй угтлаа. Тэднийх энд хашаа түрээслэж амьдардаг бөгөөд дөрвөн жил болж байгаа гэнэ.
Тэрбээр “Бага маань хоёр сартай. Орой үдэш айчих вий гэж эмээгээд заавал ширгэлдэг. Хоёр том маань учир мэдэх хэрнээ хашааны онгорхой цоорхойгоор орж, гүйчих гээд санаа зовоодог. Энэ хавийн хүүхдүүд сониуч зандаа хөтлөгдөн оршуулгын газар руу орчихсон яваа харагддаг. Түрээс нь хямд учраас манайх энд нэлээд удчихлаа. Боломж гарвал нүүнэ” хэмээн ярьсан юм. Түүнчлэн “Манайхыг энд амьдардаг гэж ганц нэг хамаатан маань л мэднэ. Оршуулгын газрын хажууд амьдардаг гэдгээсээ ичдэг болохоор найз нөхдөө гэртээ урьдаггүй” гэж аминчлан хэлсэн юм. Ийнхүү чимээгүй хотын хаяанд аж төрөх нэг өрх гэрт гурван ч хүүхэд өсөж, торниж байна. Үүний цаана хэчнээн хүүхэд булш бунхантай зэрэгцэн амьдарч байгаа бол.
Олонхийн мэдэх эдгээр оршуулгын газраас гадна Баянзүрх дүүргийн ХХ хороон дахь “Мянган лант”, тус дүүргийн V хороон дахь “Орос иргэдийн оршуулгын газар”, Сүхбаатар дүүргийн XVII хороон дахь “Япон цэргийн оршуулгын газар”, Хан-Уул дүүргийн XIV, XVI хорооны нутаг дэвсгэр дэх “Өлзийт хорооллын оршуулгын газар”, “Нисэхийн оршуулгын газар”, Нарангийн энгэрийн Исламын шашинтны оршуулгын газар зэрэг хотын төвийг тойрсон 20 шахам чимээгүй хот 480 орчим га талбайг эзлэн оршиж байна. Магад дэлхийн хаанаас ч улсын нийслэл, нас барагсдын “нийслэл” хоёр нь хаяа нийлэн ханьсаж, хөрсөн дээр нь хүүхдүүд тоглож, хөрсөн доор нь өтгөс нойрсох дүр зургийг олж харахгүй биз. “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” хэмээн ярьдаг ч оюун санааны дархлаа сууж, бүрэн төлөвшөөгүй хүүхдүүд оршуулга дунд өсөж, өндийж буй нь “чимээгүй аюул” дагуулж мэдэх юм.
Оршуулгын газарт ойрхон амьдрах нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг талаар сэтгэлзүйч С.Долгорсүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Хэрвээ оршуулгын газартай ойрхон амьдардаг бол хүүхдэд зөвөөр тайлбарлаж ойлгуулах, ярилцдаг байх нь чухал. Хүний биеэс энерги ялгарч байдаг. Үүнтэй ижил нас барсан хүний булшнаас ч тодорхой хэмжээний энерги ялгарна. Энэ нь хүүхдийн энергийг гэмтээдэг байхыг үгүйсгэхгүй. Мөн ямар нэг тохиолдлоор хүний шарил, яс,эд, эрхтнийг харвал цочролд орох, цаашлаад энгийн хүн цочирдмоор зүйлээс эмээхээ болино. Нэг ёсондоо эцэг, эхийн хүмүүжлээс гадна нийгмийн зүгээс хүүхдийн хөгжил, сэтгэцэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө” гэсэн юм. Иймээс оршуулгын газрууд суурьшлын бүстэй хил залган байх Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын ухамсар, хөгжил, төлөвшилд ил болон далд хэлбэрээр нөлөөлсөөр байна.
Бурхан болоочоо амгалан нойрсог гэж нутаглуулдаг учраас монголчууд оршуулгын газрыг чимээгүй хот хэмээн нэрийддэг. Гэвч өнөөдөр чимээгүй хотын талийгаачид их хотын нүргээнд яс амарч чадахгүй байх шиг. Дээр нь эх орны гэрэлт ирээдүй болсон үр, хойчис минь чимээгүй хотын саарал утаан дунд сэтгэл, зүрх булингартай өсөж байна. Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмд амьдарч буй соёлт нийгмийн үр сад цаашид хэдэн жил буурал өвгөдийнхөө магнай дээр гишгэлэн тоглох ёстой вэ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2025/01/23
Манайхан л үхсэн хүнээс цэрвээд тэнэгтээд байдаг болхоос гадаадад бол хот дундаа, хотынхоо төвд байжил бдагшдээ. Ер нь амьд хүн л аюултай болхоос үхсэн хүн юу л аюул учруулж чадах вэ дэ хөөрхий
Хариулт · 2020/04/18
Битгий Улс төр болго .Битгий эргүүт
bat · 2020/04/17
1 хүнд ноогдох газраар дэлхийд толгой цохидог гэх тэгээд үхсэндээ 2м газар өмчлүүлж чадахгүй тэгэхэд Оросуудыг хар 1800 онд нас барсан хүний шарил байж л байна ҮҮНИЙГ л улс гэдэг байгүй юу
Зочин · 2020/04/17
Odoo dalan davhariig nuulgeh stag n bolson heterhii ih hor ylgaruulj bid ter horond hordsoor baina hunsnii gol zah n hurtel yg orshuulgiin gazriin hajuud tendees hotiin buhiil mah niiluulegddeg
Зочин · 2020/04/17
Бат-Үүл Элбэгдорж өмхий Баабар тэргүүтнүүдээс асуу. Чухам л Ардчилал гэдэг нь энэ юм байлгүй дээ