Иргэдийн талархлыг хүлээгээд байсан ”ТҮМНИЙ БАЙР” төсөл СОНГУУЛИЙН ШОУ байсан уу
2020/04/20
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг "Ханан Шишгэд" ХХК-ийн хамт олон өнгөрсөн оны долоодугаар сард "Түмний байр" төслийг эхлүүлсэн билээ.
Тэд тухайн үедээ ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй амьдралын боломж, бололцоо тааруухан, гэр хороололд амьдардаг өрхийг орон сууцанд оруулж, түлхүүрийг гардуулж өгч байгаа үйл явцаа олон нийтэд цацаж байв. Энэ нь ч ард иргэдийн талархлыг хүлээж, "Түмний байр" төсөлд хамрагдах гэсэн олон нийтийн хүсэл, дараалал нэмэгдэх болсон. Харамсалтай нь, "Түмний байр" төслийн багийнхан ердөө зургаан айлыг орон сууцжуулаад таг болчихлоо. Гэтэл ард нь тохилог, дулаахан байранд амьдрах сонирхолтой ч амьдралын боломж нь хүрдэггүй олон мянган өрх тэрхүү төсөлд нь хамрагдах битүүхэн хүлээлт тээж хоцорчээ.Үүнээс харахад өнгөрсөн оны зун олон иргэдийн анхаарлыг татсан "Ханан Шишгэд" ХХК-ийн "Түмний байр" төсөл сонгуулийг угтсан шоу байсан бололтой.
Уг нь, энэхүү "Түмний байр" төсөл нь нийслэл хотын ард иргэдийг эрүүл орчинд, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ипотекийн найман хувийн орон сууцны зээлд түргэн шуурхай хамруулж, орон сууцжуулах зорилготой. Төслийн хүрээнд эхний ээлжид орон сууцанд хамрагдах нэн хүсэл тэмүүлэлтэй, мөн ажлын байртай болж, ажил хийж орлогоороо зээлийн эргэн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгосон билээ. Хамгийн гол нь урьдчилгаа 20 хувийг байршуулж, “Ханан шишгэд” ХХК-аас 10 хувийг нэмэн, 30 хувь болгон банканд байршуулснаар 30-50 ам.метр байруудыг орон сууцжуулах боломжийг хангаж өгч байсан зэргээрээ олон нийтийн талархал, хүлээлтийг үүсгээд байсан юм.
Нөгөө талаараа банкны шалгуур болон эргэн төлөлтөд баталгаа өгч байсан бөгөөд зээлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах нэмэлт боломж олгож байснаараа давуу талтай төсөл байсан гэж хэлж болно. Даанч олон нийтийн талархал, хүлээлтийг бий болгосон "Түмний байр" төсөл зогсож, уг төслийн багийнхан усанд хаясан чулуу шиг алга болжээ. Гагцхүү тэрхүү төсөлд нь хамрагдах битүүхэн хүсэл тээсэн олон мянган өрх үлдсэн байна. Үнэхээр "Түмний байр" төсөл сонгууль угтсан шоу байсан гэж үү.
-
1
-
2
-
3
-
4