Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
2020/05/08
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.08) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх юм гэдгийг дурдав.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулах юм байна. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байх аж.
Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэжээ.
Мөн уг Санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.
Төслийн талаарх танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо
Хотын иргэн · 2020/05/09
Хотын даргыг л ийм юм яриад байна гэж ойлгоод байсан. Засгийн газрын хэмжээний ажил байсан байна. Энэ чинь нийтийн тээвэрт хэзээ ч ашигладаггүй аялал жуулчлалд, цанын бааз зэрэгт л ашигладаг тээвэр л дээ. Манайх чинь өвөлдөө хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, салхи шуургатай. Тэгээд хэрэглээний соёл ямар билээ. Ийм боломжгүй юмыг зүтгүүлээд байдаг ямар учиртай юм бэ. Тэрнийхээ оронд энэ мөнгөө дагуул хотоо хөгжүүлж, төвлөрлийг сааруулах ажилдаа зармаар байна. Энэ дээр байгаа нөхдүүд бүгдээрэ толгой битүүрсэн байлдаг юм уу. Энэ хотын дарга нөхөрт болж байгаа юм байна уу. Талбай тойруулаад баахан чулуу хийлгэсэн. Тэнгэрийн зам гэж бас нэг бүтэхгүй юм ярьсан. Төв цэцэрлэгийг короно гээд өвчин тархаалд эдийн засаг хүндэрч байхад засна усан оргилуур барина гэж зүтгээд байдаг, Түр тэвчиж болно доо. Баарыг нээгээд маргааш нь хаасан. Яасан юм ойлгодоггүй нөхөр вэ Ерөнхий сайдаа нэг юм бодооч Сонгууль хаянд ирлээ Таны хийж хэрэгжүүлж байгаа ажил, нэр хүндийг чинь иймэрхүү нөхдүүд баллаж байна. Эсвэл зориуд ингэдий муу
Зочин · 2020/05/09
эрүүл ухаанаар бодоод үзэхэд хайран мөнгийг өр зээлэндээ өгч байвал арай дээр байхаа
зочин · 2020/05/08
Тросонд дүүжилсэн кабинтай замыг зарим орнуудад зөвхөн аялал жуулчлалын бүсэд л ашигладаг. Сая гаруй хүнтэй хотын нийтийн тээврийг хүүхдийн тоглоом шиг 10 хүн ч багтахгүй кабинтай, халаалт тавих ямар ч боломжгүй зүйлээр шийднэ гэдэг бол үлгэрээ. Яг л СБ талбайд тавиад буцааж хураадаг чулуунууд шиг зүйл болно шүү.