Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг хааж, зам дээр нь цайны газар, худалдааны байгууллагууд барилга барьсныг эсэргүүцэж тус эмнэлэг шүүхэд хандаад хоёр жил шийдэгдээгүй байсан асуудлыг ийнхүү өнөөдөр /2020.05.15/ шийдвэрлэж байна.

Сар гаруйн өмнө хотын дарга С.Амарсайхан бодит байдалтай танилцсаныхаа дараа уг асуудлыг шийдэх үүрэг өгчээ. Улмаар зөвшөөрөлгүйгээр, эмнэлгийн орц гарцыг хааж барилга барьсан этгээдүүдэд өөрсдөө замыг чөлөөлөх талаар ДӨРӨВДҮГЭЭР САРД мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байгаа юм.

-А.ЭНХМАНЛАЙ: ХСҮТ ОРЦ, ГАРЦГҮЙ БОЛСООР 20 ГАРУЙ ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЭЖ БАЙНА-

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.ЭНХМАНЛАЙ:

 

Зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьсан ААН-үүд Улаанбаатар хотод маш их байна. Зөрчил үүсгэсэн байдалд хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хотын даргын захирамж гаргаснаар бид 200 гаруй зөрчилтэй газруудыг чөлөөлөөд байна. Цаашид олон газрыг чөлөөлнө. ХСҮТ орц гарцгүй болсоор 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Онцгой байдлын газраас ХСҮТ-ийн эмнэлэгт ямар нэгэн байдлаар гал түймрийн аюул гарлаа гэхэд эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд эрсдэлтэй нөхцөл байдал орно гэсэн дүгнэлт гарсан. Иймээс Хотын даргын захирамжийн дагуу хойд болон урд талын орц, гарцыг чөлөөлсөн. Өнөөдөр зүүн талын гарцыг албадан чөлөөлөх ажил ийнхүү явагдаж байна гэлээ. Намар зоогийн газрын эзэд 2004 онд газар эзэмших эрхийг авч байсан. Улмаар өөрийнхөө газрыг хэтрүүлэн сунгах эрхийг 2010 онд авсан байна. Улмаар Намар кофе хаягтай өргөтгөлийг зөвшөөрөлгүй барьсан байдаг. Газар зохион байгуулалтын албатай байгуулсан гэрээнийхээ үүргийг зөрчсөн байна.

Э.ТҮВШИНБАЯР: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН БАРИЛГАА БУУЛГАХ МЭДЭГДЭЛ ӨГСӨН Ч БИЕЛҮҮЛЭЭГҮЙ-

Нийслэлсийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр:

 

Хоёр жилийн өмнө Нийслэлийн газар зохион байгууллатын алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байсаар ирсэн. Сарын өмнө нийслэлийн удирдлагууд эл газрын нөхцөл байдалтай танилцаж албадан чөлөөлөх шаардлагатай юм байна гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл хоёр хоногийн өмнө шүүхээс ХСҮТ-ийн орц, гарцыг хаасан байгууллагын талд шийдвэр гаргасан байна. Тус компани 2004 оны Нийслэлийн засаг даргын 30 дугаар захирамжаар 900 метр газрыг эзэмших эрх авсан байдаг. 2010 онд газар эзэмших талбайн хэмжээг томруулах хүсэлт гаргаж, дур мэдэн өргөтгөлийн байшин барьсан байна. Дөрөвдүгээр сарын 10-наас тус компанид зөвшөөрөлгүй баригдсан барилгаа буулгах гурав хоногийн хугацаатай мэдэгдэл өгсөн. Улмаар тухайн ААН шаардлага биелүүлээгүй. Шүүхээс тавдугаар сарын 12-ний өдөр хэрэг үүсгэсэн. Хэрэг үүсгэх үү, үгүй юу гэдгийг газрын үзлэгээр шийдэж байгаа. Одоогийн байдлаар шүүхээс хүмүүс ирээд газар дээр нь танилцаж байна.

Н.ЭРДЭНЭХҮҮ: ШҮҮГЧ ЭНЭ БАРИЛГА ТА НАРТ ЯМАР ГАЙ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ ГЭСЭН ЗОХИЖГҮЙ АСУУЛТ АСУУЛАА

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү:

 

Шүүгч ХСҮТ-ийн орц, гарцыг хаасан нөхцөл байдалтай ирж танилцлаа. Тэгээд ЭНЭ БАЙХААР ТА НАРТ ЯМАР ГАЙ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ гэсэн асуултыг шүүгч асууж байна. Энэ яг ямар утгатай асуулт юм бэ ерөөсөө ойлгосонгүй. Ерөөсөө зохимжгүй асуулт байна. Шүүх хэний талд ажиллаад байгаа юм бэ. Эмнэлгийн орц, гарцыг зөвшөөрөлгүй хаасан ААН-ийн талд ажиллаад байгаа гэж хардаж байна. Хавдарын эмнэлгийн төлөө, ард түмний төлөө яагаад машин орох гарах замыг чөлөөлж болдоггүй юм бэ. Цөмийн оношилгоо, цөмийн эх үүсвэртэй, цацраг идэвхит бодистой байгууллага бол зөвхөн манайх. Осол гарахгүй гэх баталгаа байхгүй. Осол гарвал яах вэ. Тэр үед бид хаагуур нь орж ирэх юм бэ. Мөн хоёр жилийн өмнө манай эмнэлэгт гал гарахад галын машин орж чадахгүй тун хүнд нөхцөл байдалд хүрч байсан. Энэ бүхнийг шийдвэрлэхээр ирсэн Хотын захиргаа, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхны ажлыг шүүгч ирээд зогсоож байгааг бид гайхаж байна гэлээ.

ШҮҮГЧ БАТЗОРИГ: ГАЗРЫН МАРГААНЫ АСУУДАЛ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ БИШ ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ ШҮҮХ ДЭЭР ИРСЭН-

Мөн сэтгүүлчид бид орц, гарц хаасан нөхцөл байдалтай танилцахаар ирсэн шүүгч Батзоригийг машиндаа суух гэж байхад нь дараах тодруулгыг авсан юм.

Шүүх талуудын хүсэлтийг хүлээж аваад хуульд заасан хугацаандаа шийдвэрлэнэ. Талуудад гурваас доошгүй хоногийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ гэж заасан байдаг. Богино хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийг хийж талуудын гаргасан хүсэлтийг шийднэ. Шүүх асуудлыг шийдээгүй байгаа. Хоёр жил биш долоо хоногийн өмнө энэ асуудал шүүх дээр ирсэн гэсэн товч хариултыг өглөө.

“БИ ЭЗЭН НЬ БИШ, МАНАЙ ДҮҮГИЙН БАРИЛГА, ДҮҮГЭЭ ДУУДААД ИРЬЕ”

Намар зоогийн дэргэдэх Намар кофе барилгын эзэн гэх эмэгтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан, болон эмнэлгийн ажилчдыг эсэргүүцэж байгаад шүүгчдийг явангуут тэндээс холдсон юм.

Тухайн үед нь ямар нэгэн тайлбар өгөхийг хүсэхэд тэрбээр, Би эзэн нь биш, манай дүүгийн барилга. Би дүүгээ дуудаад ирье хэмээх товчхон тайлбараас өөр зүйл хэлээгүй юм.

ЭМНЭЛГИЙН ОРЦ ГАРЦЫГ ХААЖ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН БАРИЛГЫГ НУРААЖ БУЙ БАЙДАЛ:

 

-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫГ НУРААЖ ЭМНЭЛГИЙН ОРЦ, ГАРЦЫГ ЧӨЛӨӨЛСӨН БАЙДАЛ: