ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19 өвчний цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд тусгаарлалтад 1747 хүн байна. Үүнээс архаг хууч өвчтэй, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаа  133 хүн байна. Мөн шинээр дөрвөн тохиолдол нэмж бүртгэгджээ. 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  " Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчдлэгдсэн.

ХӨСҮТ, Дархан, Орхон аймаг дахь нийт гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвартай дөрвөн иргэний нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр иргэн байна. Орон нутагт байгаа илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-д татан авч, эмчлэх ажил зохион байгуулагдаж байгаа.

Нийт батлагдсан 140 тохиолдлоос 24 хүн эмчлэгдэж гарсан. Одоо ХӨСҮТ-д 116 хүн хяналтад байна" гэв.