Монголд анх удаа хип хоп урсгалын өнгө төрхийг мэдрүүлж байсан хамтлаг бол “Хар тас”. Тус хамтлаг хөгжмийн ритм, бүжгийн хөдөлгөөн, хувцаслалт имижээрээ 1990-ээд оны эхэн үеийн залуусын шүтээн болж байсан.

Мөн нийгэмд  хөгжмийн энэ урсгалыг үл ойшоодог байсан учир тэдний хувьд маш хүнд үеийг туулсан гэж хэлж болно. Харин энэ бүхэн өнөөдөр түүх болон үлджээ.

“Хар тас” хамтлаг анх 1992 онд байгууллагдаж  байв. 1993 онд анх “Бүрхэг тэнгэр” дуугаа стрийт гангстер хэв маягаар дуулж байсан бөгөөд энэ дууг “Hero”-гийн Б.Баатар, “Фрилайн”-ны Ц.Гансэрээ, “St студ”-ийн Амараа, “Боролдой” студи хамтран дамран хальсаар бичиж байжээ. Энэ дуу тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байв. Анхны тоглолтоо 1994 онд Улсын циркт гурван өдрийн турш  хийсэн бөгөөд тухайн үед “Хар тас” хамтлаг жинхэнэ хүчирхэгжиж  байжээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд маш олон удаа өөрчлөлт орсон байна. Нийт 200 гаруй хүн энэ хамтлагийн гишүүн болж байжээ. 

“Хар тас” хамтлагийн зарим гишүүд хамтран 1998 онд “Дайн ба энх” хамтлагийг байгуулсан байна. 1999 онд тус хамтлагийнхан дуучин Т.Ариунаатай хамтран “Үггүй мордсон чи минь” дууг дуулсан нь тухайн үеийн залуусын хамгийн их сонсдог шилдэг дуугаар шалгарч байлаа.

Мөн хит болж байсан зарим дуунаас нь нэрлэвэл “Хар тас хаа ч явсан сийхгүй”, “Бүрхэг Тэнгэр”, “Газар тэнгэр”, “Санаа минь” , “Охин заяа” зэрэг дуунууд юм. “Нисванис” хамтлаг болон дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран 1997 онд амьд тоглолт хийсэн байна. Тоглолтын дараа Т.Дэлгэрмөрөн “Би мөнгө төгрөг гэхгүйгээр нэг дууг чинь авъя. “Охин заяа” дуугаа надад өгчих” гэж хамтлагийнхнаас хүсч байжээ. Хамтлагийнхан сүүлд 2016 онд “Mon Ta Rap”, “Mr.Doggs” болон “Татар” хамтлагтай хамтран тоглолтоо хийсэн байна. “Хар тас” хамтлагийг сонсож  өссөн хүмүүсийн хувьд энэ нь гэнэтийн бэлэг болсон байна. Сүүлд “Хар тас” хамтлагийн ахлагч Марка залуу дуучин Лодкотой хамтран “Хайрла” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ зориулжээ.

 

 

Б.Оюунзул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин