МАХН-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайдууд сүүлийн үед тэсэх аргагүй болж байгаа гэх. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд анхан шатны шүүхээс улс төрийн албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасч, арав гаруй сая төгрөгөөр торгох ял оноосон нь МАХН-ыг засгаас шахах тактикийн эхлэл гэх хардлага бас байна.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын тойруугаар хэлсэн үг ч үүнийг баталж буй. Тэрбээр Э.Эрдэнэжамъянд анхан шатны шүүхээс оноосон ялын талаар “Магадгүй улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах гэсэн, бидний хэлж заншсанаар хаврын синдромыг шүүхээр эхлүүлэх гэсэн улс төрийн явуулга энэ бүхний цаана байдаг юм биш биз гэсэн ойлголт бидэнд хүссэн хүсээгүй үүсч байна” хэмээн дүгнэж байгаагаа хэвлэлийнхэнтэй хуваалцсан.

 

    Дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн нэр холбогдсон хэргийн талаар гаргасан шүүхийн тогтоолд улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хассан талаарх шийдвэр бий. Дэд сайд гэдэг улс төрийн албан тушаал. Анхнаасаа салбарын сайд болж чадаагүй ч, амбицаа дарж чадахгүй байгаа улстөрчдөд зориулан гаргасан мест. Гэтэл шүүхийн тогтоолд улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хаслаа гэсэн шийдвэр гарсан нь улс төрийн хэрэг гэдгийг нь илэрхийлсэн шинж мэт харагдаж буй. МАХН-ынхан ч уг шийдвэрийг ингэж “уншиж” байгаагаа мэдэгдсэн. Суудал нь ганхаж эхэлсэн дараагийн сайд бол О.Чулуунбат. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд тэрбээр сүүлийн үед Засгийн газрыг шүүмжилсэн, эрх баригчид руу чиглэсэн хатуухан шүүмжлэлийг хэлэх болсон.

 

    Эдийн засгийн нөхцөл байдлыг ил задгай шүүмжилж, ийм болтол дордуулсан нь эрх баригчдын алдаатай бодлого шууд нөлөөлсөн хэмээн хэлснийхээ төлөө Засгийн газрын зүгээс хавчлагад орж байгаа сураг байна. Түүнд дургүйцсэн олонхийн бүлгийн сайдууд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагвад хандаж, О.Чулуунбатыг үтэр түргэн чөлөөлөхийг шаардсан хэмээн эх сурвалжууд хэлж байна. Засгийн газарт МАХН-ыг тэргүүлж байгаагийн хувьд Д.Тэрбишдагва ёстой л “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг болсон гэнэ. Эхэндээ О.Чулуунбатыг огцруулах асуудлыг намын түвшиндээ ярина гэж байсан ч, яагаад ч юм буцсан сурагтай. Үүнээсээ болж Ерөнхий сайдтай муудсан ч гэх. Засгийн газрынхаа эсрэг байр суурьтай, Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмждэггүй дэд сайд О.Чулуунбатыг огцруулдаггүй юм аа гэхэд, ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл оногдуулах тухай Засгийн газрын түвшинд яригдсан ч Д.Тэрбишдагва эсэргүүцсэн байна. О.Чулуунбатын хувьд Засгийн газрын “гол судас”-ыг барилцаж буй.

 

     Гэтэл том бодлого дээр нь сууж буй хүн “ардын дайсан” шиг аашилсанд эрх баригчид эмзэглэх нь аргагүй. Мэдээж эдийн засаг эмзэгшсэн нь салбарын дэд сайдтай ч холбоотой. Ямбыг нь эдэлцэж байгаагийн хувьд ялыг нь ч гэсэн хамт үүрэх нь ойлгомжтой. Гэтэл 0. Чулуунбат сайд асуудлыг өөрөөсөө ангид үзэж байгаа нь Засгийн газар дотроосоо задарч эхэлсний дохио ч гэлтэй. Ерөнхий сайдын шүдний өвчин болсон дараагийн хүн бол Н.Удвал. Эрүүл мэндийн салбарын нэрийг навс унагаж байгаа тэрбээр сайдын суудлаа Элчин сайдаар “арилжих” тухай эрчимтэй ярьсан байна. Гэхдээ Англи, Америк гэсэн том гүрний аль нэг рүү л явна хэмээн томорсон сурагтай. Энэ мэт МАХН-ын сайдуудыг гортигны гадна гаргах гэсэн оролдлогуудын эхлэл нь, бас үндэслэл болох шалтгаантай нь Э.Эрдэнэжамъян болж байгаа бололтой.

 

 

Б.Энхжаргал