Улаанбаатар хотын такси үйлчилгээний стандартыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр  энэ онд томоохон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулан ажиллаж байна. Улмаар “Улаанбаатар такси каб” ХХК нь хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэлсэн. Цаашид такси үйлчилгээний стандартыг хангуулах “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор “UB cab” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан хувиараа такси эрхлэгч 1000 орчим иргэнийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашид 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар зорин ажиллаж байна.

Тэгвэл эдгээр  стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 машиныг хотын удирдлага болоод иргэдэд танилцуулах арга хэмжээ өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа юм. “Улаанбаатар такси каб” ХХК нь цаашид гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаанаар явдаг таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компанийн 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж найман хувийг эзэлж байгаа аж. Олон улсын стандартын дагуу 1000 хүн тутамд 3-4 такси оногдож байж таксины эрэлт хангагддаг байна. Иймд Улаанбаатар хотод 4000-5000 такси байх шаардлагатай тул “Улаанбаатар такси каб” ХХК цаашид олон улсын стандартад нийцүүлэх зорилготой ажиллаж байна. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэдгийг “Улаанбаатар такси каб” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ариунболд онцлов.