Говь-Алтай аймаг бужигнаантай байгаа. Учир нь тус аймгийг удирдаад удаагүй О.Амгаланбаатар намын ялгаа гаргаж олон хүнийг ажилгүй болгож эхэлсэн. Түүний шалтгаангүйгээр ажлаас халсан хүний тоо өдгөө 200 гарчихаад байгаа гэсэн албан бус тоо хэвлэлээр хэдэнтээ гарав. Гэхдээ ингэж ажилгүй болж байгаа хүмүүс бүгд Ардын намын тодотголтой гэх. Бодит байдал ямар байгаа талаар ажлаас халагдсан зарим хүний төлөөллийн байр суурийг сонслоо.




 
-“О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийг бужигнуулаад байна” л гэх юм. Таны хувьд яагаад халагдчихав? 

-Би Засаг даргын орлогч хийж байгаад ажилгүй болсон. Шалтгаан нь ердөө л намаар ялгаварласан асуудал. Говь-Алтай аймаг 18 сумтай, 11 нь МАН- ын “Засаг даргатай юм. Өнөөдрийн байдлаар О.Амгаланбаатар гэдэг хүн Есөнбулаг, Алтай, Дэлгэр, Цогт, Тонхил гэсэн таван сумын Засаг даргыг хөдөлгөөнд оруулчихаад байна. Нэг ёсондоо энэ хүмүүс эхнээсээ ажлаа өгөөд эхэлчихсэн байна. Үүнээс гадна агентлаг, хэлтсийн дарга, сургуулийн захирал гээд 50 орчим боловсон хүчний халаа сэлгээг хийсэн. Үүгээр ч зогсохгүй хамгийн сүүлд л гэхэд хэлтэс, агентлагын дарга нарт “Таваас дээш хүнийг ажлаас нь хал” гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Ингэхдээ өөрөө цохолт хийж, халах хүнийхээ анкетыг явуулсан байна лээ. Оронд нь томилох хүнээ ч бас өөрөө сонгож байгаа. Тухайлбал, Улс төр, соёлын газрын аялал жуулчлал хариуцан ажиллаж байсан мэргэжилтнийг өмнөх даргын хүн гэх шалтгаанаар халж, оронд нь өөрийн хүнээ авсан. Энэ бол наад захын жишээ. Агентлаг, хэлтсийн дарга нар нь ч халширч байна шүү дээ. Хөдөө аж ахуйн газарт л гэхэд даргыг нь цэрэг болгож цэргийг нь дарга болгосон. Ийм байхад төрийн ажил яаж урагшаа явах юм бэ. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар Эрдэнэбулган гэдэг залууг өөрөө томилсон байдаг. Гэтэл үүнээс арав ч хүрэхгүй хоногийн дараа “Надтай гар нийлэх хүн биш байна” гээд аймгийн номын сангийн эрхлэгч болгочихож байх жишээтэй. 

-Аймгийн Засаг дарга гэр бүлийнхээ хүмүүсээс албан тушаалд томилсон тохиолдол байна уу? 

-Гэр бүлийн хүмүүсийг албан тушаалд томилсон тохиолдол байгаа. Аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Болормаа гэдэг эмэгтэйг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар. Харин нөхрийг нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга болчихсон. Гэтэл Болормаагийн тухайд саяхан АН-д элсч орсон хүн. Уг нь бол манай намд л явж байсан хүн байхгүй юу. Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Мөнхбаатарын эхнэрийг Байгаль орчны газрын дарга болчихсон. Бас л АН-ын хүмүүс ажилтай болж байгаа нь энэ. Харин О.Амгаланбаатар гэр бүлийн хүмүүсээ албан тушаалд томилсон тохиолдол байхгүй. Хамгийн гол нь АН-ын гэх тодотголтой маш олон хүнийг зохиомлоор ажлын байртай болгож байна. Ингэхдээ дээр дурдсанчлан хүмүүсийг шалтгаангүйгээр хална. Эсвэл шууд орных нь хүний тушаалыг гаргана. Өнгөрсөн жил л гэхэд төрийн албаны шалгалт болоход Улаанбаатараас 400 гаруй хүн авчирсан. Үүний 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан. Гэтэл аймагт нь боловсролтой ажилгүй залуус олон байхад яагаад нийслэлээс ийм их хүн авчирсан нь сонин. Аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Сугарцэцэгийг Улаанбаатараас авчирч томилсон. Уг нь хэвлэлийн төлөөлөгч гэсэн орон тоо байдаггүй байсан юм. Гэтэл Засаг дарга өөрөө ийм ажлын байрны орон тоо шинээр зохионгуутаа хотоос нэг хүүхэн аваад ирчихэж байгаа юм. 

-Хүүхнүүдэд л ажлын байр бэлдээд байна гэж та хэлэх гээд байна уу? 

-Хууль бусаар ажилгүй бологсдын оронд ирж байгаа хүмүүсийн олонхи нь л эмэгтэй хүн байх юм байна шүү дээ. Чухам ямар холбоотой байдгийг нь мэдэхгүй юм. 

-Ажлын байрны халаа сэлгээний үндсэн шалтгаан нь зөвхөн намаар ялгаварлах юм уу. Эсвэл халагдсан хүмүүс ямар нэгэн байдлаар алдаа гаргасан тохиолдол байна уу? 

-О.Амгаланбаатар Засаг дарга болсныхоо дараа ажилд томилох комисс байгуулсан юм билээ. Энэ комиссоо ганц удаа л хуралдуулсан байдаг. Одоо бол бүх халаа, сэлгээг ганцаараа толгой мэдэж хийж байгаа. Бусад хүн юу гэж хэлэх нь ч хамаагүй. Хуулиар далайлгаж дарамталж, сүрдүүлдгийг нь бүгд мэднэ. “Шоронд хийнэ шүү, миний ард АН байгаа “Та нар намайг яаж ч чадахгүй” л гэж ярьдаг хүн. Өмнө нь гаалийн байцаагч байсан хүн шүү дээ. Төв аймгийн мөрдөнд 2005 онд Бургастайн хилээр ноолуур гаргасан хэргээр эрүү үүсгэн шалгуулж байсан юм билээ. Саяхан нэг хүлээн авалт дээр энэ хэргээс яаж мултарч байснаа гайхуулах маягтай яриад хөлчүүрхэж байна гэсэн. Ерөөсөө л том “ар”-тайгаараа айлгаж, дарамталдаг. Засаг дарга болсныхоо дараа Тамгын газарт халаа сэлгээ хийсэн бол одоо сумд руу орж байна. Угтаа бол хуулийн дагуу сонгосон Засаг даргыг нэг хүн толгой мэдэн халж, сэлгэх эрх зүйн орчин байхгүй. Гэтэл ийм үйлдэл гаргасаар байхад энэ үйлдэлд нь анхаарал хандуулдаг хүн ч алга. Ийм хүн аймаг орон нутаг удирдана гээд сууж байгаад үнэхээр их харамсч байна. 

-“Орон тоо данхайсан” гэж үзээд хүмүүсээ халаад байгаа юм уу. Эсвэл өөр шалтгаантай юм болов уу? 

-Хасч, цөөлөх биш оронд нь ийм “хүн ав” гэсэн шаардлага тавьж байгаа. Хэнийг халж, хэнийг ажилд авахаа тэр хүнээ өөрөө сонгодог. Тэгэхээр орон тоо данхайсан гэж үзээгүй, өөрийн хүмүүсээ л авч байгаа нь тодорхой байгаа юм.

-О.Амгаланбаатарыг ажил авснаас хойш 200 гаруй хүн ажилгүй боллоо л гэх юм. Одоогийн байдлаар МАН-ын гэсэн тодотголтой хэчнээн хүнийг ажлаас халчихаад байгаа юм бэ? 

-Сумын Засаг дарга, сургуулийн захирал, хэлтсийн дарга, мэргэжилтэн гээд нийт 60 гаруй хүнийг ажлаас нь халсан. Бидний оронд Засаг даргын томилсон хүмүүс бүгдээрээ АН-ынх. Хамгийн гол нь энэ бүх хууль бус томилгооных нь үр дүнд төрийн ажил ямар ч чадамжгүй болж байна. Төрийн мэргэшсэн албан хаагчдыг халчихаар ажил яаж явах нь тодорхой шүү дээ. Шинээр ажилд орсон хүмүүс нь наад захын албан бичиг бичих чадвар байхгүй. Манай аймгийн 18 сумын 11 нь МАН-ын гишүүн Засаг даргатай. Одоо тавыг нь халчихлаа. Цаашдаа ч халаа, сэлгээ хийнэ. Худалдан авах албаны даргаар л гэхэд зүгээр нэг МСҮТ-ийн цагийн багш байсан хүнийг томилчихсон. Уг нь хуульд заахдаа Худалдан авах албаны даргаар 10 жил төрийн албанд, сүүлийн гурван жил энэ чиглэлээр ажилласан хүн байх ёстой гэж заасан байдаг. Одоо томилсон хүн нь энэ хуулийн шаардлагыг огт хангахгүй л байна. 

-Баахан л халаа сэлгээ хийгээд байдаг. Улсын ажил юу болж байна аа. Аймаг орон нутгийн ажил энэ цаг үед ер нь хэр зэрэг явж байна вэ. Нутгийн иргэний хувьд асууж байна л даа? 

-Ажил авсан цагаасаа хойш нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэг ч ажил хийгээгүй. Төдийгөөс өдий хүртэл албан тушаалын халаа сэлгээ л хийж байна. Үндсэн ажил нь энэ юм биш үү. О.Амгаланбаатар бол Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн л боловсролтой хүн шүү дээ, үнэндээ бол. МАН-ын зүгээс хэсэгтээ харъя л гэсэн байр суурьтай байна. Гэхдээ алийн болгон ийм хүлцэнгүй байх юм бэ. Тэнд нэг хүн өөрийн ноёрхлоо тогтоож дууслаа шүү дээ. Манай аймаг 23 жил сонгуульд ялагдаж үзээгүй. Сая хөхөө өвлийн хүйтнээр сонгууль явуулах ямар ч шаардлага байхгүй байсан. Олонхиороо л далайлгаж, хүч түрэмгийлж байна. Ийм үед бид өөрсдөө нам дотроо эвтэй, нэг зүг рүү харж чаддаг байх хэрэгтэй байна.

-Энэ бүх хууль бус үйлдэлтэй тэмцэх ямар арга зам юу байна вэ? 

-Саяхан аймгийн залуучууд нам шинэчлэх хөдөлгөөн гэж байгуулсан. Намын харьяаллаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагчид, намын гишүүнчлэлтэй залуус байгаа юм. Эд жаахан явах байх. Гэхдээ бас намаа дотроос нь унагадаг хэсэг бүлэг хүмүүс нь намаа шинэчилнэ гээд л зэрэгцээд гараад ирсэн. Угтаа юм хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуусыг мохоох гэсэн арга л гэж харж байгаа. Ямар ч байсан О.Амгаланбаатарын ноёрхлын талаар бид намынхаа удирдлагуудад хэлж хандсан. Цаашдаа энэ байдал удаан үргэлжилбэл намын зүгээс томоохон акци зохион байгуулах байх гэж найдаж байна. Бид ингэж хүлцэнгүй байгаад байж боломгүй санагдаж байгаа. Үнэндээ манай аймаг бол нэг хүний дарангуйлал дор үнэхээр өрөвдөлтэй байдалд орчихоод байна. Энэ хүнийг уг нь Ерөнхий сайд хазаарлах ёстой юм билээ. Гэвч үг хэлэх нь бүү хэл улам ч өөгшүүлдэг бололтой. “Миний ард АН байна” гэж томорсон хүн л байх юм. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэх ёсгүй. Бид бүх талаар тэмцэх учиртай. 
Эх сурвалж: Монголын үнэн сонин