Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
2020/07/03
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ.
Нийслэлд энэ жил нийт 1714 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхнээсээ хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх дүүрэг хороо тус бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид тулгамдаж буй зарим асуудлыг дурдлаа. Тэрбээр " Газар олголтын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсөл арга хэмжээ батлагддаг, мэргэжлийн бус байгууллагуудад эрх шилжүүлдэг зэрэг асуудлаас үүдэж худалдан авах ажиллагааны явцад хүндрэл үүсдэг” гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын төрөл, дүүрэг бүрт хэрэгжиж буй ажлын явцыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан юм. Тэрбээр улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, он дамжих санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 307 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа гэв. Одоогийн байдлаар нийт төсөл хөтөлбөрийн ажлын явц 80 хувьтай явагдаж байгаа аж. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг хурдан шуурхай гүйцэтгэхэд гурван хэлтэс дамжиж хугацаа алддаг хүндрэл учирч байна. Тиймээс гэрээ байгуулах процессыг хөнгөвчилөх шаардлагатай байгаа талаар хотын ерөнхий менежер дуулгалаа.
Худалдан авах ажиллагааны газарт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Болормаа мэдээллээ. Тэрбээр энэ жил улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих 207 арга хэмжээ байгаа бөгөөд 88,4 хувийн хэрэгжилттэй байгаа талаар хэллээ. Мөн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Энэ жил авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 275 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөр 58 хувийн хэрэгжилттэй явагдаж байгаа бөгөөд дүүрэг бүрт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж санал хэлэв. Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг мэргэжлийн бус байгууллагуудад эрх шилжүүлдэг байдлыг таслан зогсоох, удаашралтай байгааг төсөл хөтөлбөрүүдийг хурдан гүйцэтгэх шаардлагатай байгааг зөвлөлийн гишүүд онцлон хэлж байв.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, дүүрэг хороодод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Мөн тендерийн гэрээ байгуулах журмыг цэгцэлж, хариуцлага тооцох ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин · 2020/07/03