Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр “Тоёота мотор корпорац” шийдвэрлэжээ
2020/07/08
Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “ТОЁОТА ЦОМ” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. “ТОЁОТА ЦОМ” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна.
Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ. “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.
Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.
Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах ажлуудыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.