Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар хүргэв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу 260 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд гал түймрийн улмаас нэг, усны ослоос нэг, үерийн далангаас нэг, нийт гурван буцалтгүй нэрвэгдэгчийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллалаа. Алба хаагчид голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргасан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Нийслэлийн Онцгой комисс болон НМХГ-ын даргын холбогдох тушаал шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 248 байцаагч холбогдох объектууд дээр, бэлэн байдалд 252 байцаагч буюу нийт 500 гаруй улсын байцаагч дээрх өдрүүдэд хяналт шалгалт хийж, бэлэн байдалд ажиллалаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд долдугаар сарын 10-15-ны өдөр 14 дуудлага мэдээлэл ирсэн. НМХГ-ын Улсын байцаагчид баяр наадам зохион байгуулагдсан Хүй долоон худаг, XIII зуун цогцолборт хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр хуушуур болон холбогдох худалдаа эрхэлж байсан 19 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 150 мянган төгрөгийн торгууль тавьсан. Гэхдээ энэ жил худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүйтэй холбоотойгоор гарсан зөрчил өмнөх онуудтай харьцуулбал хэд дахин бага байлаа. Нэг ноцтой дуудлага ирсэн нь долдугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны нэгэн айлд хийн газ дэлбэрч, байрны эд хогшил эвдэрч, хоёр иргэн нь түлэгдсэн. Дуудлагын дагуу НМХГ-ын холбогдох байцаагч газар дээр нь очиж ажиллахад тухайн байрныхаа шалыг доошоогоо цөмөлж, зөвшөөрөлгүйгээр тэр газраа газаа хэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн. Иймд манай байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн. Иргэд зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн газыг ахуйн орчиндоо хэрэглэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг НМХГ-аас онцгойлон анхааруулж байна” гэсэн юм.

НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл “Иргэд болон хүүхдүүд зэрлэг амьтдын үр төлийг байгаль дээр олсон бол битгий аваач гэж хүсэх байна. Үүнээс үүдэж тухайн зэрлэг амьтны тоо толгой хорогдох эрсдэлтэй. Харин гэмтсэн тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газарт өгч болно. Мөн хүн суурьшсан газар нэвтэрсэн бол манай байгууллагад хандах хэрэгтэй” хэмээлээ.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар 17 галт тэргээр зорчсон 10.163 хүн, МИАТ-ийн 19 нислэгийн 1.338 зорчигч, 216 авто тээврийн хэрэгслээр зорчсон 5.231 хүний биеийн халууныг үзэж, шалгахад сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг Зам тээврийн яамнаас мэдээлсэн. Түүнчлэн баяр наадмын үеэр Хүй долоон худаг, 13-р зуун цогцолборт болон ёслолын буудлагын үйл ажиллагааны үеэр 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн” гэв.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс