Дөрвөн дэд төвийн барилгын ажил гүйцэтгэх талбайн хэмжээг баталлаа
2020/07/31
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр болж байна. Өнөөдрийн хурлаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулах тухай болон “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепт зураг төсөл боловсруулах уралдааны дүнг танилцуулах зэрэг 10 асуудал асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хэсэгчилэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд байгуулна. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай явж байна. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шар хад дэд төв байгуулах хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцуулсан юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн X, XI, XII, XIII дугаар хорооны 131.5 га талбай, Сүхбаатар дүүргийн XVI, XVII дугаар хороо 70 га талбайн нутаг дэвсгэрийг хамрах аж. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Дэнжийн 1000 дэд төвийн хэсэгчилэн төлөвлөгөөг гаргахдаа дүүргээс мэдээлэл авсан уу? Дүүргийн хөгжлийн үзэл баримтлалтай хэр уялдуулж байна, цаг хугацааг хэр баримтлаж ажиллаж байгааг” тодруулж асуулаа. Дэнжийн 1000 дэд төвийг төлөвлөхдөө дүүргээс саналуудыг авсан, газар чөлөөлөлтөөс шалтаалж цаг хугацаа алдсан гэдгийг төслийн инженер хэлж байна.
Мөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Тулгат “Тухайлбал Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвүүд 3000 гаруй айлыг хамарч байна. Уг дэд төвүүд эдийн засгийн үр өгөөжгүй харагдаж байна” гэв.
Нийлэлийн Хот байгуулалт, Хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга “Нийт санхүүжилт 320 сая ам.доллар. Энэ нь эдгээр дэд төвүүдийн барилгын зардал, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээ, нийгмийн байгууламж зэрэг ажлуудад зарцуулагдана” гэдгийг хэллээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Уг төслийг Иргэдийн хурал цэг, таслалгүй дэмжиж ажиллаж байна. Тиймээс төслийн багийнхан гүйцэтгэл дээр анхаарч, ажилдаа анхааралтай ажиллах хэрэгтэйг сануулж, тогтоолыг баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ