Монгол банкны ерөнхийлөгч Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бэлэн болсон гэдгийг жиргэв
2020/08/19
“Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бараг бэлэн болчихлоо. Удахгүй хэлэлцэгдэх байх” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр жиргэжээ.
Энэ бол зээлийн хүүг бууруулахаар Монголбанкнаас боловсруулж байгаа хоёр дахь баримт бичиг юм.
Тодруулбал, 2018 онд төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран 2018-2023 онд зээлийн хүүг бууруулах стратегийг багагүй хугацаа зарцуулж боловсруулж, баталсан. Бас сүр дуулиантай зарласан. Тэгвэл үүнээс хойш хоёр жилийн дараа хөтөлбөр нь бэлэн болжээ.
Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас эхлээд мэргэжлийн байгууллагууд нь стратеги, төлөвлөгөө гаргаад зээлийн хүү буурдаг бол буурах хугацаа өнгөрчээ. Гол нь ажлын хэрэгжүүлэлт байхгүй бол ямар ч сайхан стратеги, хөтөлбөр зохиогоод нэмэргүй билээ.
Монголбанкны мэдээллээр 2020 оны зургаадугаар сард шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 16.3% болж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10% байна. Энэ нь өмнөх оноосоо 0.6 нэгж хувиар мөн буурсан байна.
Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлээд зээл болгон гаргадаг. Энэ логикоор харвал хадгаламжийн хүү буурч байж зээлийн хүү буурна. Харин хадгаламжийн хүү нь бодлогын хүү, инфляц, төгрөгийн үнэ цэнийг хадгалах (долларжилтоос сэргийлэх) гээд олон хүчин зүйлээс хамаардаг тухай судлаачид хэлдэг билээ.
Зочин · 2020/08/19