Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь нутгийн захиргааны байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 24 төрлийн үйлчилгээнээс барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, архивын лавлагаа авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээлэл болон инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх зэрэг таван төрлийн үйлчилгээг дээрх цахим хуудсаар дамжуулан онлайнаар авах боломжтой боллоо. Дээрх нэгдсэн порталаас үйлчилгээнүүдтэй холбоотой мэдээ, мэдээлэл авах, үйлчилгээний төлбөр төлөх, шийдвэрлэлтийн үйл явцад хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Хот байгуулалт, хөгжлийн газар цаашид барилга барих хүсэлт, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга хэлсэн юм.

Eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны 11 байгууллагын 110 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үүний нэг нь Хот байгуулалт, хөгжлийн газрын барилга барих хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйлчилгээ цахим боллоо.  

Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа хэлэхдээ “Оны эхний найман сарын байдлаар манай байгууллагап 4256 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүсэлт ирсэн. Үүний 30 хувийг цахимжуулах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, eservice.ulaanbaatar.mn цахим хуудаст хандаж, барилга барих хүсэлт гэсэн цэс рүү орж, өөрийнхөө хүсэлт өгөх байршил, дүүргийг сонгосны дараагаар автоматаар мэдээллийн сантай холбогдоно. Барилга барихад шаардагдах баримт бичгийн мэдээллийг оруулсны дараагаар холбогдох материалыг оруулж илгээх товчийг дарснаар хүсэлтээ өгч байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд хүсэлт нь ямар шатанд явагдаж байгааг мэдээллийн системээс харах боломжтой болно. Мөн хүсэлтийг ямар хууль, журмын дагуу шийдвэрлэж байгааг цахим хуудсаас авах боломж бүрдсэн. ” гэлээ.

Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэснээр иргэн, хуулийн этгээдийн цаг хугацааг хэмнэсэн, шийдвэр гаргалтад хүний оролцоог багасгах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагууд хэлж байлаа.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс