Н.Алтанхуяг: УИХ-ын саяны санал хураалт эцсийн дүн бол биш
2014/04/16
Сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут “ уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, Статистикийн үндэсний хороо хамтарч энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг гаргасан байна.
Засгийн газар өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний өсөлтийг бууруулах зорилттой ажилласан. Инфляц өсч байгаа ч 2012 оныхтой харьцуулахад бага байна. Инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны 3 дугаар улирлаас эхэлсэн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан импортлогдсон инфляцын нөлөө юм. Энэ өсөлтийг хязгаарлах боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ. Өнгөрсөн жил Засгийн газар барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ салбарын өсөлт 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ч нөлөөлжээ. Энэ оны эхний улиралд эрдэс бүтээгдэхүүний гол нэрийн 5 бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн бол хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт 2,2 хувиар буурчээ. Мөн согтууруулах ундаа, тамхины импорт 25, үүн дотроо янжуур тамхины импорт 32 хувиар багасчээ.Ерөнхий сайд дэлхийн эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, инфляц, улсын төсөв, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн зарим үзүүлэлтийн талаар товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан таны охин А.Саранзаяа болон албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Энэ талаар?
-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үзэх вэ гэхээр шүүхийн шийдвэр гарснаар эцэслэгдэх учиртай. Энэнээс өмнө цацаж байгаа бүх яриа сүржин суртал ухуулга явж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажиллаад хоёр жил шахуу хугацаа болоход хоёр нөхөр ажил хийлгэсэнгүй. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар.
- Дөнгөж сая давхар дээлийг тайлуулахаар боллоо. Засаг өөрчлөгдөх нь гэсэн бодол хүн бүрт төрж байна?
- Саяны УИХ-ын санал хураалт Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш. Цаашаа хэлэлцүүлэгтэй, олон процесс хүлээж байна. Засгийн газрыг огцруулахыг яарч байгаа, хүсэж байгаа хүмүүсийн хувьд хэзээ мөдгүй Засаг огцорчих юм шиг харагдаж байгаа, ойлгогдож байгаа. Гэхдээ тийм юм болохгүй. Нарийн яривал цаашаа Үндсэн хуулийн асуудал хөндөгдөх төвөгтэй асуудал юм шүү дээ. Тийм болохоор УИХ-ын саяны санал хураалт эцсийн дүн бол биш.
-Эдийн засагт хүндрэл үүссэний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хүн хүний хардаг өнцөг өөр. Би та бүхэнд дөнгөж сая эдийн засгийн бодит байдлыг танилцуулсан.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр энэ жил үргэлжлүүлэх үү?
-“Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Тэгэхдээ нефтийн бүтээгдэхүүн, махан дээр үргэлжлүүлнэ.
-Хятадын хөрөнгө оруулалттай банк Монголд салбараа нээх болсон тухай сүүлийн үед нэлээд яригдах боллоо. Засгийн газар хэр судалгаа хийсэн бэ?
-Эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Гэхдээ үүнээс өмнө нөхцөл байдлаа сайн үнэлж дүгнэх ёстой. Тухайлбал, банкийг оруулаад ирэхэд ямар хүндрэл гарах юм, манай банкуудад өрсөлдөх чадвар байна уу? Сөрөг үр дагавар гарвал ямар хүндрэл гарах уу гээд энэ бүгдийг дүн шинжилгээ хийж байж шийдвэр гарна.
Зочин · 2014/04/20
icheech ***** mini
Зочин · 2014/04/17
наана нь өчнөөн хор найруулах хугацаа байна тийм үү ерөнхий сайдаа
Зочин · 2014/04/17
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179