Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн жагсаал тус улсын нийслэл Минск хотод болсон байна.

Лхагва гаргийн орой хүчнийхэн сүүлийн долоо хоногуудаас илүү хатуу ажилласан боловч сонгуулийн дараах эхний өдрүүдтэй харьцуулахад жагсагчдад харьцангуй зөөлөн хандсан гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа 18:00 цагт эхэлж, шөнө дунд болох үед дууссан байна. Жагсагчид эхлээд “Минск-Баатар хот” баганын дэргэд цуглаж, тэндээс хүчнийхэнд хөөгджээ. Түүнчлэн “Ялагчид” өргөн чөлөөнд цугласан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар ус шүршигч машин ашигласан байна.  

"Минск-Баатар хот” баганын дэргэдээс хөөгдсөнийхөө дараа жагсагчдын зарим нь хотоор тарсан байна. РИА Новости агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, Немига, Мельникайт гудамжууд, "Пушкинская" метро болон Спортын ордны ойролцоо жагсаал болсон бөгөөд жагсагчдыг баривчлах хатуу ажиллагаа явуулж эхэлжээ. Жагсагчид “Гутамшиг!”, хэмээн хашхирцгааж, хүчнийхний автобусны цонхыг гараа зангидан цохицгоож байсан байна.

Хүчнийхэн жагсагчдын эсрэг ус шүршигч машин хэрэглэсэн болохыг Минскийн Дотоод хэргийн ерөнхий газар ТАСС агентлагт нотолжээ. “Минск болсон жагсаалын үеэр ус шүршигч машин зэрэг тусгай хэрэгсэл ашигласан” гэж тус газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Ганусевич хэлсэн байна. Тэрбээр мөн захиргааны үйл ажиллагааны хүрээнд дор хаяж 10 хүнийг хууль бус эсэргүүцлийн ажиллагаанд оролцсонтой нь холбогдуулан саатуулсан гэж мэдээлжээ. Түүнээс мэдээлэл авч байх үед баривчилгаа үргэлжилж байсан учир яг хэдэн хүн баривчлагдсаныг тодорхой хэлж чадаагүй байна. Харин "Весна" хүний эрхийн төвийн мэдээлснээр, 155 хүн баривчлагджээ. Тэдний ихэнх нь Минск хотод саатуулагдсан бөгөөд зарим нь тэр оройдоо суллагдсан байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг