Трансжендер Юна Тунгалаг: Хань ижил, амрагийн асуудал талаасаа Монгол эрчүүдийг би сонирхдоггүй
2013/01/29
Монголдоо байхдаа гей мисс хэмээх тодотголтой явсан Юна Тунгалаг Нидерланд улс руу цагаачилж гарснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ.
Сурч мэдэхийн өтгөн мананд умбаж яваа түүнийг одоо хэр нь ойлгодоггүй олон хүн байдаг ч ойлгож, хүндэлдэг нь ч цөөнгүй. Магадгүй тэр өдийд Монголдоо байсан бол олон, олон өөрчлөлтүүдийг хийж чадах байсан болов уу. Гэхдээ хүн ер нь, олон бэрхшээл зовлонтой таарах тусмаа хатуужиж, гялалзаж байдаг шүү дээ. Түүний нэгээр Юнаг тодотгомоор байна. Оны өмнө (2012.12.14) түүний хоёр насны төрсөн өдөр нь болсон бөгөөд хоёр нас гэдэг нь шинэ амьдралд, шинэ нэрээрээ өөдрөг хөл тавин алхаж буйн илэрхийлэл юм.
Нараар гоёогүй тэнгэрийн хормойд
Өдөртөө нэг жиндэж,
Сараар чимээгүй шөнийн сүүдэрт
Хоногтоо хэд бээрсэн ч Амьдрах л сайхан... (Т.Юна)
-Юнагийн хоёр насны төрсөн өдөр хэрхэн өнгөрөв өө?
-Мэдээж миний хувьд хамгийн онцгой өдөр учраас ач холбогдол өгье гэж боддог. Найзуудтайгаа уулзаж тэмдэглээд өнгөрсөн.
-Төрсөн өдрөөрөө авсан хамгийн үнэтэй бэлгийг сонирхож болох болов уу?
-(инээв) Би яг үнэндээ хүний сэтгэлээсээ өгч байгаа бэлгийг үнэтэй, хямдхан гэж ангилаад сууж байж чадахгүй. Чин сэтгэлээ шингээсэн бэлэг бүхэн л үнэтэй санагддаг.
-Амстердам хотод суурьшаад хоёр жил болж байна. Хэлний бэрхшээл үгүй болсон биз дээ?
-Бэрхшээл гэдэг талаас нь харвал гайгүй дээ. Гэвч би өөрөө сэтгүүлч хүн болохоор ч тэр үү, хэл сурах тал дээр их буурь суурьтай ханддаг. Хэдэн үг цээжилчихээд л би ийм хэлээр ярьдаг, тийм хэлээр ч ярьдаг гээд хээвнэг явж байдаг хүмүүсийн өмнөөс ичих шиг болдог. “Англи, нидерландаар төгс ярьдаг болсон биз дээ?” гэж асуух хүмүүс байдаг л даа.
Гэхдээ өнөөдөр бид өөрсдийн эх хэлээ ч төгс эзэмшээгүй, түүнийхээ үнэ цэнийг мэддэггүй байж хүний хэлийг төгс сурна гэвэл хол сонсогдож байгаа биз дээ. Миний хувьд тэнцэх ёстой хэлний бүх шалгалтууддаа тэнцсэн. Гэхдээ л өдөр бүр шинэ үг сурч, дүрмийнх нь учрыг ухаж ойлгох гэж ноцолдсон хэвээрээ л байна даа.
-Шалгалтандаа тэнцсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе! Юнагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Баярлалаа. Миний нэг өдрийн амьдрал бусдынхтай л адил өнгөрнө дөө. Өглөө босно, үс гэзэг, нүүр амаа янзалсаар хичээлийн цаг болно. Өдрийн гурван цаг хүртэл хичээлтэй, хичээлийн дараа ангийнхантайгаа кофе энэ тэр ууж буу халж суусаар тав, зургаан цаг болчихно. Тэгээд л гэртээ ирж хоол цай...Энэ мэт дээ (инээв). Эндхийн тэнгэр ихэвчлэн бүрхэг, саарал, бороо ихтэй учраас тэнгэр харж цаг баримжаалах хэцүү. Өдөр их хурдан өнгөрч байх шиг санагдаад байдаг юм.
-Дуртай хоол тань юу вэ. Ямар хоолыг чадварлаг, амттай хийж чадах вэ?
-Хийе гэвэл монгол хоолуудаа сайн хийж чадна. Гэхдээ одоо монгол хоол ерөөсөө иддэггүй шахуу. Би хагас цагаан хоолтон болоод багагүй хугацаа өнгөрсөн. Долоо хоногт 2-3 удаа тахианы мах л хэрэглэдэг. Бусад үед ногоо, жимс их хэрэглэдэг.
-Тэгэхээр таргалалтаас айдаг байх нь ээ?
-Яг үнэндээ бол айдаг. Элсэн чихэр, чихэр, шоколад гээд л амттанаас ихэвчлэн татгалздаг. Ер нь калори ихтэй хүнс бараг хэрэглэдэггүй дээ. Хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг юм. Гэхдээ би туранхай байх дуртай. Би юу хүсч байна, түүнийгээ хийх л амьдралын бас нэг таашаал биз дээ.
-Тийм шүү. Таны хувцасны шүүгээгээр шагайвал... Илүүтэй ямар хувцсаар гоёж байна даа?
-Нэг их эмэгтэйлэг хувцаслаад байх дургүй. Өдөр тутамдаа бол жинс, савхин хүрэмтэй л нөхөрлөнө дөө. Биедээ эвтэйхэн хувцаслах дуртай. Зарим онцгой тохиолдолд мэдээж даашинзаар гоёно. Ер нь ажиглаад байхад европ хүүхнүүд азиуд шиг бүлтийтлээ гоёж гоодоод байдаггүй. Тэр нь нүдэнд дулаахан, чөлөөтэй, тухтай байгаа юм шиг харагддаг.
-Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Таны үс сайхан ургажээ. Яаж арчилж байгаа талаараа бүсгүйчүүдэд шивнэвэл?
-Монголоос анх гарахад миний үс халимаг байсан. Хоёр жил гаруй л ургаж байна даа. Үс, арьс арчилгаандаа өөрөөсөө мөнгө харамлая гэж боддоггүй. Аль болох чанартай бүтээгдэхүүн хэрэглэе гэж хичээдэг. Ялангуяа миний арьс их эмзэг учраас яалт ч үгүй их арчилгаа шаарддаг. Ер нь гоё сайхан байна гэдэг маш их тэвчээр, хөдөлмөр шаардсан ойлголт гэж боддог. Хэдий гоо үзэсгэлэнтэй төрсөн байлаа ч түүнийгээ арчилж, тордохгүй бол цэцэг усгүйгээр хатаж, гунддагтай л адилхан шүү дээ. “Тhеге аге no ugly women in the world, just lazy one’s" хэмээн алдарт Коко Шанель хэлсэн байдаг даа.
-Хэрэглэх дуртай үнэртэн. Энэ сайхан үнэртнээ сурталчилвал?
-”Сhannel Allure”-ын байнгын хэрэглэгч. Үнэр нь их гоё, эмэгтэйлэг. Тэр үнэр нь намайг хувь хүн талаас нь илэрхийлж чадах юм шиг санагддаг.
-Та юунаас гоё сайхныг илүү мэдэрдэг вэ?
-Эргэн тойрныхоо бүх зүйлээс л гоё сайхныг мэдрэхийг хүсдэг. Хувь хүнээс өөрөөс нь л хамаардаг байх. Аливаа юмыг гоё сайхан талаас нь харъя гэвэл бидний эргэн тойрон тэр чигээрээ л гоё зүйлсээр дүүрэн байдаг. Муу муухайг нь харъя гэвэл бас л дүүрэн. Тиймээс сэтгэлээрээ ариун байж, аливаа зүйлийн сайн сайхныг хардаг байх нь зөв болов уу гэж боддог доо.
-Эх орон гэдэг хүний сэтгэл зүрхэнд үүрд тамгалаастай байдаг. Санахаараа яаж тайтгарч байна?
-Бодохгүй байхыг л хичээдэг. Монголоор бага ярьж, Монголын тухай мэдээллээс өөрийгөө холдуулахыг хичээдэг. Энд надад монгол найзууд бараг байдаггүй. Тэр нь ч дээр гэж боддог. Шинэ нийгэмдээ хурдан дасах, шинэ орчин, найз нөхдийн хүрээлэлтэй болох, хэл усыг нь хурдан сурах гээд олон тал дээр тустай.
-Монголдоо байгаа мэт ааруул, бяслаг, хаан сүүтэй цайгаа хэрэглэх юм уу?
-Хамгийн дуртай амттан чинь юу вэ гэж асуувал би ааруул гэж хариулна (хэхэ). Гэхдээ байнга хэрэглээд байдаггүй юмаа, жилдээ ганц удаа ч юм уу найз нөхдөөс санаандгүй л ирнэ. Яг зориод илгээмж авъя энэ тэр гэж бодож байгаагүй.
-Та хэнд талархаж явдаг вэ?
-Мэдээж өвөө, эмээ, ээждээ талархаж амьдардаг. Өвөө, эмээ хоёрыгоо би сэтгэлдээ аав, ээж хоёрыгоо гэж бодож, хайрладаг.
-Дэлгүүр хэсэхийн сайхан нь?
-Өө, дэлгүүр хэсэх дуртай, дуртай. Би дээр хэлсэн, миний яг өөрийн стиль гэвэл tomboy талдаа. Эрэгтэйлэг маягаар хувцаслах нь таатай санагддаг. Гутланд бас их мөнгө зориулдаг байх. Тэр тусмаа том арьсан boot-нүүд үнэхээр таалагддаг.
-Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц агуулга, ид шид нуугдаж байдаг.Та өглөөг цэцэггүйгээр төсөөлөх ч аргагүй юм шиг байна?
-Цэцэг бол эндхийн ёс заншил, амьдралынх нь нэг хэсэг. Монголд цэцгийн тариалалт гээд байх зүйлгүй, бүгдийг нь импортоор оруулж ирдэг. Тиймээс үнэ нь өндөр, өөрөөр хэлбэл цэцэг өдөр тутмын амьдралд бараг үүрэг гүйцэтгэдэггүй. Онцгой баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр л хүмүүс нэгэндээ цэцэг бэлэглэдэг. Гэхдээ энд тийм биш.
Цэцэг тариалдаг, ялангуяа тулифаараа дэлхийд алдартай. Гадаад руу экспортолдог. Айлууд гэртээ амьд цэцгийн баглаа байлгаж, түүнийгээ долоо хоног тутамдаа шинэчлэх нь энд онцгой зүйл огт биш. Би хувьдаа цэцгэнд дуртай. Тэр тусмаа нар бага гардаг ийм орчинд амьдарч буй орчиндоо сайхан цэцэгс байлгах нь сэтгэл зүйн талаас зөв санагддаг.
-Анх Амстердам хотод ирээд хөглөж байв уу?
-Гэрээ олохгүй, хажуу гудамжиндаа төөрчих нь энүүхэнд байсан шүү (хэхэхэ). Би жаахан хэнэггүй талдаа болохоор нэг хэсэг л төөрч, будилах асуудалтай явсан даа.
-Нидерландын бусад хотуудаар аялж амжсан уу?
-Газар нутгийн хувьд Недерланд их жижиг улс. Тиймээс бусад хотуудаар аялах нь хүндрэлтэй байдаггүй. Хэд хэдэн хотыг үзсээн. Хотжиж байна, хөгжиж байна гээд түүхээ нурааж сүйтгээд байдаггүй, харин ч түүхnйг тэр чигээр нь хадгалаад үлдсэн сайхан хотуудтай.
-Зураг авалтын зохиомжийг та өөрөө гаргадаг уу, их л мэдрэмжтэй гардаг?
-Ер нь моделийн хувиар зураг авалтад оролцох нь зүгээр л хобби юм уу даа. Гадуур явж байхад хүмүүс хүрч ирээд “Хамтран ажиллаач” гэх тохиолдол багагүй байдаг л даа. Би ази хэрнээ их өндөр, туранхай болохоор хүний нүдэнд содон харагддаг юм шиг байна лээ. Гудамжинд намайг олж хараад, улмаар санал тавих маягаар хэд хэдэн хүнтэй хамтарч ажилласан. Зохиомжийг нь тэр хүмүүс өөрсдөө гаргана. Тэдэнд яг хэрэгтэй байгаа дүр төрх учраас л намайг сонгодог. Тиймээс би хэрэгтэй дүр төрхийг нь л бүтээж өгөх ёстой.
-Өндөр хэрнээ ази төрхтэй болохоор “монгол” гэж мэддэг болов уу?
-Монголын тухай бараг мэддэггүй шүү дээ. Намайг “Япон уу?” гэж их асуудаг. Монгол гэхээр хятадын нэг хэсэг үү гэдэг. Үгүй л гэж хариулдаг. Надад би монгол, тэр муу хятад энэ тэр гэж балайрч суух хүсэл байдаггүй. Хүн мэдэхгүй л байгаа биз, яахав дээ.
-Таны хобби гэрэл зураг. Тиймээс хобби чигээрээ байх уу, эсвэл..?
-Миний хобби гэрэл зураг гэж үнээн. Би их алдартай загварын гэрэл зурагчин болно гэж хүсдэг. Яахав, залуу насанд зураг хөргөө авахуулахад хожим дурсамжтай, буруу зүйл гэж боддоггүй. Харин яг миний чин хүсэл гэвэл өөрөө загварын мэргэжлийн хүн болохоор зорьж байгаа.
-Хагас нүцгэн ч юм уу эротик зургийн санал ирж байв уу. Ер нь танд ийм зураг авахуулах бодол байдаг уу?
-Тийм санал ирж байгаагүй. Мэдэхгүй юм даа, би тэгж нүцгэлж шалдлах тухай ерөөсөө бодож байгаагүй юм байна.
-Загварын чиглэлээр суралцах юу болж байна даа?
-Он гараад хичээл эхэлнэ.
-Бүсгүй хүний аз жаргал юунд оршдог юм бол оо, таныхаар?
-Миний хувьд гэвэл “Би эмэгтэй хүн” гэж бодох нь л намайг хангалттай аз жаргалтай болгодог. Харин ихэнхи бүсгүйчүүд маань тийм мэдрэмжийг мэдэрдэггүй, ерөөсөө анзаардаг ч үгүй юм шиг санагддаг. Эмэгтэйчүүдийн ертөнц их нандин, гэгээлэг, эмэгтэй хүн байна гэдэг л сайхан шүү дээ.
-Өөрийнхөө юугаар илүүтэй бахархдаг вэ?
-Хэзээд өөрийнхөөрөө байдаг зан чанараараа. Бас зорьсондоо их тууштай ханддаг.
-Мэс засалдаа хэдийгээр орох төлөвлөгөөтэй байна?
-Энэ талаар би дахин ярихаа болихоор шийдсэн. Хангалттай ярьсан, чадлынхаа хэрээр тайлбарласан. Одоо сүүлдээ бүр утгаа алдлаа шүү дээ. Хүйс солих мэс заслын талаар юу ч мэдэхгүй хүмүүст ганц нэг үг хэлэх юмсан, ойлгуулах юмсан л гэж хүссэн. Ойлгох хүмүүс нь ойлгосон байх.Ер нь ЛГБТ хүмүүсийг үзэн яддаг гээд байдаг хүмүүс надад маш өрөвдөлтэй санагддаг болсон. Жижигхэн Монголоо дэлхий гэж бодоод л, тэндээ юу ч мэдэхгүйгээр насыг барж байна гэж бодохоор нэг л харамсалтай. Тэр хүмүүсийн буруу ч гэж байхгүй биз, нийгэм нь тийм юм чинь.
-Миний хувьд та “Трансжендер” хэмээх ойлголтын гүүр нь болж чадсан юм шиг санагддаг?
-Би өөрийн нандин бүхнээ, хайртай бүхнээ золиослон байж тэр нийгэмд өөрийгөө “трансжендэр” гэж зарласан. Тэгснээр өрөөл бусдыг маань ч хүмүүс ойлгоосой, надаас болж хайртай хүмүүсийг маань давхар битгий үзэн ядаасай гэж хүссэн. Хар амиа бодсон бол би таг дуугүй байж байгаад нэг өдөр хилийн дээс алхах байсан биз.
-Таныхаар европ, монгол эрчүүдийн ялгаа?
-Европ эрчүүд соёлтой, эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг. Монгол эрчүүдийн тухай сайн мэдэхгүй ээ, мэдэх ч шаардлага байхгүй.
-Эвгүй асуулт асуусан бол уучлаарай!
-Зүгээр ээ, эвгүй асуулт биш. Зүгээр л яг хань ижил, амрагийн асуудал талаасаа монгол эрчүүдийг би сонирхдоггүй.
-Манай монгол эрчүүдээс таны сэтгэлийг татдаг байсан залуу байхгүй гэж үү?
-Өө тэгээд л тухайн үед анхны хайр минь энэ тэр гэж бодоод л уйлж хайлж байсан залуу байдаг юмаа. Гэхдээ одоо бодоход шохоорхол л байсан юм билээ. Хөөрхөн, дурсамжтай санагддаг. хүндэлж, хайрладаг болж байгаа юм болов уу гэж анзаарагддаг. Элэг нэгтэй болохоор ч тэр үү дотно л санагддаг.
-Шинэ он гарах дөхөж байна. Та гоёлын даашинзаа сонгосон уу?
-Би хувцаслалт тал дээр үнэхээр минималист талдаа. Олон янзын элдэв гоёл чимэглэл, зүүлтнээс харшилтай. Тод хачин өнгө энэ тэрд дургүй. Гоё цамц аваад тэрийгээ янз бүрийн болсон болоогүй зүүлт чимэгтэй өмсөхийн оронд гоё цамц чигээр нь л өмсөхийг хүсдэг. Оёдол, материал сайтай, цэвэрхэн загвартай даашинзанд дуртай. Ер нь бол хэд хэдэн янзын даашинзтай.Ер нь даашинз сонгоно энэ тэр гэж сүйд болоод байдаггүй. Зөвхөн шинэ жилд зориулж даашинз авна гэж дэмий мөнгө зарлагдаад байхыг ч хүсдэггүй. Хэзээ ч, хаана ч өмсөж болох энгийн хөөрхөн даашинзууд байдаг шүү дээ. Тийм даашинзууд надад хэд хэд бий. Заримыг нь бараг авснаасаа хойш өмсөө ч үгүй байх. Тэднээсээ хэрэг гарвал сонгоод өмсөнө дөө.
-Ирээдүйн “амттай” төлөвлөгөө тань юу вэ?
-Заримдаа бодохоор сонирхолтой санагдаад байдаг юм. Би маш олон янзын хоббитой. Зурах, бичих, зураг авах, нүүр будахаас эхлээд. Ирээдүйд ч энэ бүхнээ орхих бодолгүй. Бас дэндүү ихийг хийхээр зорьж, төлөвлөж амьдардаг. Энэ зан чанар маань намайг хөглөж, өнөөдөрт минь авчирч, ирээдүйдээ тэмүүлж эрч хүчээр тэтгэдэг байх.
-Хамгийн үнэтэй бэлэг?
-Энд ирээд би анх удаа эмэгтэй хүнийхээ хувиар найз залуутай болж байсан. Түүний намайг ойлгосон сэтгэл, надад өгсөн хайр нь миний хувьд хамгийн том бэлэг байсан даа.
-Хэр романтик билээ. Романтик мөчөө дурсвал?
-Би өөрийгөө их романтик хүн гэж боддог. Тиймээс хайр дурлалын харилцааны бүхий л зүйл романтик санагддаг. Ер нь би гоё нүдтэй, ухаалаг харцтай залууст дуртай. Гоё гэдэг нь бүлтгэр том, давхраатай нүд биш л дээ. Тэгээд тийм гоё ухаалаг харцаараа над руу ширтэх нь сайхан санагддаг.
-Таны санхүүг сонирхож болох уу?
-Өө, би тийм баян цатгалан хүн биш шүүдээ. Тийм байх шалтгаан ч байхгүй. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун л амьдардаг нэгэн. Нэг их илүү хүсч, өөрийгөө зовоогоод байдаггүй. Хүн ер нь өөрт байгаадаа талархаж сурах хэрэгтэй гэж боддог.
-Секс таныхаар юу вэ?
-Мэдээж секс бол хэрэгцээ. Замбараагүй байдалд бол дургүй.
-Таны найз нөхөд дотор трансжендер охид бий юу?
-Байлгүй яах вэ. Хэд хэдэн трансжендер охид бий. Гэхдээ надад энгийн найз охид олон байдаг. Тэдэнтэй байхад өөрийгөө илүү их эмэгтэй хүн гэдэг талаас нь мэдэрдэг.
-Ярилцсанд баярлалаа.
П.Мөөг
Эх сурвалж: "Далд амьдрал"