Импортыг орлож, экспорт нэмэх томоохон үйлдвэрүүд ойрын хоёр жилд ашиглалтад орно
2014/04/23
ЦЕМЕНТИЙН ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЭХНИЙХ ЭНЭ ОНД БАГТАН АЖИЛЛАЖ ЭХЛЭХ БОЛОМЖТОЙ
Манай улсад жил ирэх тусам цементийн хэрэглээ өсч, одоогийн байдлаар жилд хоёр сая гаруй тонн цемент хэрэглэж байна. Үүний гуравны хоёр хувийг гадаадаас импортоор авдаг. Дотоодын хоёр томоохон үйлдвэр ажиллаж байгаа нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон, хуучин буюу нойтон технологитой. Өнөөдөр дэлхийн ихэнх улс хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэж байна. Хуурай арга нь нойтон аргаас 4-5 дахин бага ус ашигладаг, хоёр дахин бага түлш зарцуулдаг, эрчим хүчний хэрэглээг 30 хувь хэмнэдэг, тоосжилт багатай, хаягдлаа дахин ашиглах боломжтой эко технологи юм. Иймд өнөөгийн стандарт шаардлагад нийцсэн технологитой цементийн үйлдвэрлэлийг дэмжихээ Шинэчлэлийн Засгийн газар зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд эхний ээлжинд дэмжлэг үзүүлэх боломжтой цементийн гурван үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хамт газар дээр нь очиж танилцаад, ажил хариуцсан төр, хувийн хэвшлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Эдгээр нь нийлээд дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангах тул импортоор цемент авах шаардлагагүй болно. Шинээр босч буй үйлдвэрүүдийг танилцуулъя.
Барилгын салбарын хэрэгцээг урт хугацаанд хангах үндэсний том үйлдвэр ирэх онд эхний бүтээгдэхүүнээ гаргана
170 жил ашиглах шохойн чулууны нөөцтэй Сэнж худаг ордыг түшиглэн барьж буй “Монцемент” цементийн үйлдвэр Монгол Улсын барилгын салбарыг урт хугацаанд хангаж, тогтвортой ажиллах үндэсний томоохон үйлдвэр болж босно. Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах энэ үйлдвэрийг “Монполимет” группын охин компани "Сэнж-Сант" барьж байна. Шинэ үйлдвэр орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Ойрын жилүүдэд дотоодынхоо хэрэгцээг хангаад цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор тооцоолж байна. Иймд цементийн үйлдвэрийг дагаж бүс нутагт туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжинө.
Үйлдвэрийн ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийг шийдсэн. Барилгын ажлаа энэ сард багтаагаад эхэлнэ. Хөрөнгө санхүүжилт болон бусад асуудалд Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл ирэх онд ашиглалтад орж, эхний бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. Зардлаа 4-5 жилийн дотор нөхнө гэж үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа. Үйлдвэрийн төсөлд салбартаа тэргүүлэгч Франц улсын Lafarge компани хамтран ажиллаж байгаа юм байна.
Тус үйлдвэр Хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэх төслийн тоонд багтсан юм. Иймд үйлдвэрийн ажлыг саадгүй явуулж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Хөгжлийн банк болон холбогдох яамдад даалгалаа.
Жилд сая тонн цемент үйлдвэрлэх Хөх цавын цементийн үйлдвэрийн барилгын ажил 70 хувийн явцтай байна
Монголын цемент үйлдвэрлэлийн салбарт шинээр эхэлсэн өөр нэг том төсөл бол Хөх цавын цементийн үйлдвэр. Улаанбаатар хотоос 300 км-т буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх энэ үйлдвэрийг “Монголын алт” корпораци барьж байгаа юм.
Хөх цавын цементийн үйлдвэр европ стандартын хуурай аргын технологитойгоос гадна захиалагчийн хүсэлтийн дагуу тусгай зориулалтын цементийг олон хэв загвараар үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн барилгын ажил 70, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100, тоног төхөөрөмжийн татан авалт 93 хувьтай байна. Зураг төсөл, үндсэн техник тоног төхөөрөмжийг нь цемент үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч, энэ чиглэлээр 130 гаруй жилийн туршлагатай Дани улсын "FLSmidth" компани нийлүүлжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор төсөвт жилд 50 шахам тэрбум төгрөгийн орлого оруулж, 700 гаруй ажлын байр шинээр бий болгоно. Түүхий эдээ ойроос нийлүүлэх учраас бүтээгдэхүүний өртөг хямд байж, шинээр барих барилгын нэг метр квадрат талбайн өртгийг бууруулахад бодитой нөлөө үзүүлэх нь хамгийн гол үр дүн юм. Үйлдвэр 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч, зургаан жилийн дотор зардлаа нөхнө. Өнөөдрийн байдлаар цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад 152 сая ам.долларын санхүүжилт дутагдаад байгаа гэнэ. Энэ хөрөнгийг Засгийн газраас дэмжлэг үзүүлэн шийдвэрлэж өгвөл Хөх цавын цементийн үйлдвэр 2014 онд багтан ашиглалтад орох боломжтой гэж МАК-ийн удирдлагууд хэллээ. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, гадаадын нарийн мэргэжлийн ажиллах хүчний квотыг тогтоож өгөх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих томоохон дэмжлэг болно гэж тэд үзэж байна.
“Гермес гахиур” ХХК-ийн цементийн үйлдвэр орон нутгийн барилгын материалын хэрэгцээг хангана
Ерөнхий сайдын газар дээр нь очиж танилцсан бас нэг шинэ үйлдвэр бол “Гермес гахиур” ХХК-ийн цементийн үйлдвэр. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн “Гермес гахиур” ХХК-ийн барьж байгаа энэ үйлдвэр хүчин чадлын хувьд харьцангуй бага. Жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хэдий ч орон нутгийн барилга, бүтээн байгуулалтын ажилд ойрын ханган нийлүүлэгч болж чадна.
Үйлдвэрийн барилгын ажлыг 2011 онд эхлүүлж, одоогийн байдлаар шаардлагатай дэд бүтцийн асуудлуудаа шийджээ. 2015 оны 8 дугаар сар гэхэд үйлдвэрийг бүрнээр нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдний үйлдвэрлэх цементээр зам гүүр, нисэх онгоцны талбай болон даацын бетон хийх боломжтой.
МОНГОЛЫН ГУРАВ ДАХЬ МЕГА ҮЙЛДВЭР 2016 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Монголд Эрдэнэт, Оюутолгой үйлдвэрийн дараа орох гурав дахь “мега” үйлдвэр Дорноговь аймгийн Мандах суманд босч байна. Энэ бол Цагаан суваргын зэс-молибдений баяжуулах үйлдвэр юм. 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Цагаан суваргын орд Монгол Улсын Стратегийн ордын нэг бөгөөд лицензийг нь одоо "Монголын алт" корпораци эзэмшиж байна. 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй энэ орд Оюутолгойгоос 27,8 дахин, Эрдэнэтээс 7 дахин жижиг, ил уурхайн ашиглалтын хугацаа 18 жил гэж тогтоожээ. Орд жилд 16,9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 60 гаруй хувьтай тэнцэхүйц хэмжээний үйлдвэрлэл юм.
Цагаан суваргын зэс-молибдений баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. “2016 оны сүүлч гэхэд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төслийн нийт ажлын явц 45 хувьтай, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 80 хувьтай байна. Эрчим хүчний хангамжийг дотоодоос буюу Тавантолгой, Оюутолгойн чиглэлийн эрчим хүчний шугамаас авна. Шугамын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Усны хайгуулын ажлыг хийж дууссан. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгож, одоогийн байдлаар 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үйлдвэрт 1200 гаруй хүн ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт жилд 180 шахам тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой” гэж "Монголын алт” корпорацийн удирдлагууд танилцууллаа.
Стратегийн орд учраас төрийн оролцоо шаардлагатай. Энэ оролцоог тодорхой болгох, татварын бодлогоор дэмжих, холбогдох бусад асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг МАК-ийн зүгээс хүсч байгаа юм. Төрийн эзэмшлийг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр шийдэхээр ажиллаж байгааг Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн сайд нар онцоллоо.
ХИЙТ БЕТОН ХЯМД ҮНИЙН ЖИШИГ ТОГТООНО
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Баян зөрлөгийн дэргэд, нийслэл хотоос 40 км, Налайх дүүргээс 8 км-т “Монголын алт” корпораци Хийт бетоны үйлдвэр барьж байна. Налайхын дэнжийн элсний ордод түшиглэсэн энэ үйлдвэр жилд 465 мянган метр куб бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 70 гаруй хувийг нь “Монголын алт” корпораци бие даан шийдвэрлээд байна. Үйлдвэрийг энэ оны 7 дугаар сард ашиглалтад оруулах ба одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын явц 90 гаруй хувьтай, цахилгаан, төмөр зам зэрэг дэд бүтцээ бүрэн шийджээ.
Эдний үйлдвэрлэх бүтээгдэхүүнээр барилгын салбарт одоо хэрэглэж байгаа хөөсөн бетон, тоосго зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлуулж болно. Талх хөөлгөхтэй адил технологиор үйлдвэрлэх шинэ бүтээгдэхүүн нь дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй, тоосгоноос 3,6 дахин хөнгөн жинтэй хэрнээ даац нь 70 хувиар илүү гэж төсөл хэрэгжүүлэгчид тайлбарлалаа. Хамгийн гол нь хийт бетоны үнэ хямд учраас барилгын салбарт үнийн шинэ жишиг тогтооно гэж үзэж байна. Улаанбаатарт баригдаж байгаа барилгын 1 м.кв-ын дундаж үнэ хоёр сая төгрөг байгаа бол энэ бетоныг ашиглаж барихад 600-700 мянган төгрөгт багтах юм байна.
Тус үйлдвэрийн шинэ технологийн бетоныг ялангуяа амины орон сууц барих төслүүдэд ашиглавал үр дүнтэйг Засгийн газрын тэргүүн онцлоод, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Хувийн хэвшлийнхний барьж байгуулж байгаа ач холбогдол өндөртэй энэ мэт үйлдвэрүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт ажиллах үеэрээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
19001973 · 2014/05/07
Та авто тээвэр болон авто машин, аялал зугаалгатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асуугаарай.Бид танд шинэ итгэл шинэлэг үйлчилгээг хүргэх болно.
19001973 · 2014/05/07
Та авто тээвэр болон авто машин, аялал зугаалгатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асуугаарай.Бид танд шинэ итгэл шинэлэг үйлчилгээг хүргэх болно.
1900-1973 · 2014/05/07
Та авто тээвэр болон авто машин, аялал зугаалгатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асуугаарай.Бид танд шинэ итгэл шинэлэг үйлчилгээг хүргэх болно.