Мэдэхгүй төслийн “их мэдэхүүдэд”
2021/01/29
Р.ДАВААДОРЖ
Оюутолгой төслийн талаар дахин улс төржиж , ухаан бодлоо уралдуулцгааж эхэллээ. Би энэ төслийг уншаагүй болохоор сайн, муу гэж ярьдаггүй. Гэхдээ энэ бол мега төсөл гэдгийг мэднэ. Ийм төсөл дэлхийн улс орон бүрт хэрэгжиж байна. Улс орны хөгжил дэвшлээрээ дэлхийд танигдах болсон нууцыг харин эндээс олж болно. Хөгжилд хурдацтай хүрсэн улс олон мега төслүүдийг \mega projects\ амжилттай хэрэгжүүлж чадсан гэх үзүүлэлтээр ялгарч байна. Иймээс аливаа улс орны нийгэмэдийн засгийн хөгжлийн стратеги нь урт хугацааны зорилго, хөгжлийн тэргүүлэх чиглэл, механизмаа тодорхойлсны үндсэн дээр мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх явдал болон хувирчээ. Гэвч ийм төсөл урт хугацаанд хэрэгждэг, нарийн төлөвлөлт шаарддаг, өндөр өртөг зардалтай байдаг учраас эрсдэл өндөртэйд тооцогддог юм билээ. Арваад жилийн өмнө нэг тэр бум ам.доллараас дээш санхүүжилт шаардагдах төслийг мега гэж тооцдог байсан бол өнөө үед даруй арав орчим тэрбум ам.долларт хэлбэлзэх болсон байна. Иймээс эрсдэлээ тооцсон ч хөрөнгө оруулалт хийхдээ санхүүжилтийн холимог хэлбэр хэрэглэж иржээ.
Дэлхий нийтийн жишгээс харвал мега төслүүд төр-хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хэрэгжиж байна. Хугацааны хувьд наад зах нь 5-7 жил шаардлагатай бөгөөд түүнээс дээш байх нь элбэг. Мэдээж асар их ажиллах хүч шаардлагатай. Ойролцоогоор 15-20 сая хүн-цаг буюу дунджаар 6-20 мянган хүний ажлын байр бий болдог гэсэн тооцоо зонхилно. Монгол Улсын хувьд Оюутолгой, Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Нефть боловсруулах үйлдвэр, Эгийн голын УЦС зэрэг хэд хэдэн мега төсөл бий. Төсөл хэрэгжээд эхэлсэн тохиолдолд ажлын байр, гаднын хөрөнгө оруулалт, валютын урсгал, татварын орлого нэмэгдэж эдийн засаг талаасаа олон эерэг үзүүлэлт бий болдгийг Оюутолгой төслийн үйл ажиллагаа харуулж байна.
Нөгөө талаас улс орны өрсөлдөх чадвар нэмэгдэх, дэлхийн хэмжээний чанартай олон мэргэжилтэн бэлтгэгдэх, бусад улс орон манайхыг сонирхож, өөр олон шинэ төслд хамтарч ажиллах боломж нээгдэх сайхан ирээдүй бий. Гэвч үе үеийн улстөрчид нийтэд нэр хүндээ өсгөх зорилгоор том төслүүдтэй холбоотой асуудлаар “эх оронч дүр эсгэх”, “тооцоо судалгаагүй мэдээлэл тараах” зэргээр төслийн ажилд саад болж ирлээ.
Манайд хэрэгжиж буй Оюутолгой төслийн хувьд хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн хугацаа төлөвлөснөөс хэтрэх, үр ашиг төлөвлөснөөс өөр байх, зарим өр зээлийн асуудал сөхөгдөх зэргээр дэлхийн бусад улсад хэрэгжиж буй мега төсөлд учирдаг нийтлэг бэрхшээл байдаг бололтой. Мега төслийн чухал хэсэг нь олон нийтийн сурталчилгаа бөгөөд уг төсөл зөвхөн нийгмийн материаллаг амьдралд төдийгүй хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх учиртай юм. Гэвч энэ асуудал орхигдвол популист улстөрчдөд сайхан боломж гарч ирнэ. Энэ талаар ганц жишээ дурдъя.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2019.05.29) хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн юм. УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалт нь Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус зөвхөн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх зэрэг үндсэн баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүхэлд нь хамруулан шалгасан аж. Ингээд ажлын хэсэг хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Ихэвчлэн анх төлөвлөсөн зардлаа хэтрүүлсэн, хугацаа хэтэрсэн, ирээдүйн орлого, зарлага гэсэн хэдхэн сэдэв хөндөгдөх ажээ.
Түүгээр зогсохгүй манай улстөрчид сэтгэлийн хөөрлөө хачирлан тооцоо судалгаагүй зүйлсээр нийтийн анхаарлыг татахыг чармайж байгаа нь харагдсан. Тус төсөлтэй зарим нэг улстөрчийн нэрийг холбон буруутгахыг чармайж байсан. Хэрвээ хэрэгжиж буй төсөл нь тэс буруугаар эргэчихээд түүний буруутан хайж байгаа бол 2003 оны арванхоёрдугаар сарын 26 өдөр Оюутолгойн А лицензийн зөвшөөрлийг өгсөн эрх мэдэлтнээс эхлэх ёстой байлгүй. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг ардын сайхан үг байдгийг санацгаа. Улстөржихөөрөө хамаг бүхнээ мартаж, улс орныхоо хөгжилд садаа болдог манай зарим улстөрчдийн ухвар мөчид “хөөсрөл” савнаасаа хальж байгааг зориуд энд тэмдэглэж хэлье.
Мега төслүүдийн хувьд анх төлөвлөсөн зардал 50 хүртэл хувиар хэтрэх нь энгийн үзэгдэл. 10 мега төсөл тутмын ес нь зардлаа хэтрүүлдэг судалгаа бий. Энэ асуудал нь улсын, хувийн хэвшлийн, хамтарч хэрэгжүүлж буй бүх төслүүдэд тохиолддог бөгөөд өнгөрсөн 70 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн бүх улсад тохиолдсон гэнэ. Өнөөгийн жишээ гэвэл, Калифорни мужийн Лос Анжелос, Сан Франциско хотын хооронд тавьж буй өндөр хурдны төмөр замын төсөл 2030 онд дуусах бөгөөд зардал нь нэмэгдсээр 70 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл Саудын Арабын аялал жуулчлалын ухаалаг хот NEOM төсөл 2025 онд дуусах төлөвлөгөөтэй ба одоогоор 500 тэрбум ам.доллар гарах магадлалтай байна. Мега төсөлд урт хугацааны төлөвлөлт ордог, нарийн ажиллагаа шаардагддаг, эрсдэл өндөртэй байдаг (Flyvbjerg, 2006). Төслийн хугацаа анх төсөөлснөөс ихэвчлэн сунадаг аж.
Оксфордын их сургуулийн судалгаагаар нийт төслийн 77 хувь нь анх төлөвлөсөн хугацаагаа 40 хувиар сунасан байна. Хугацаа сунах нь зардал өсөх, үр ашиг буурах бас нэгэн хүчин зүйл болж таарна. Өнөө цагт мега төслийн ирээдүйд бий болох орлого, зарлагыг ярьж маргалддаг улстөрчид манайд л үлдэж буй бололтой. Ноднин худалдаж авсан идэшнийхээ үнэ мөнгийг ярин маргалдаж зогсох хоёр малчны дүр төрх өөрийн эрхгүй нүдэнд бууна. Гэтэл дэлхий нийтэд мега төслийг тэс өөр өнцгөөс нь буюу өнөө цаг үеийн нэгэн гайхамшигт үзэгдэл хэмээн тодорхойлж байна. Социологич Зигмунт Бауман(Zygmunt Bauman) “Орон зайн тусгаар тогтнолын агуу дайн”-тай зүйрлээд орчин үеийн нийгэм дэх хамгийн хүчирхэг, хамгийн сонирхолтой хүчин зүйл, шинээр гарч ирж буй “шинэ хөдөлгөөн” юм гэж тодорхойлжээ. Пол Вирилио(Paul Virilio) "Газарзүйн төгсгөл" буюу "орон зайн төгсгөл" ирсэн хэмээн тэмдэглэжээ.
Харин Майкрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс “капитализмын хөгжлийн шинэ үе шат” эхэлсэн гэж онцолдог. Хоёр том хөршийн дунд хавчигдсан жижигхэн Монгол Улсын хувьд бид нар ч дэлхий нийттэй хамт алхах юм сан. Харин миний хувьд М.Энхсайхан стратегичийн хэлсэн “Мега төсөлд дундуур гэсэн ойлголт байхгүй. Эсвэл амжилтад хүрнэ, эсвэл унана. Ийм осолтой гэдэг утгаараа Мега төсөл бол “шил” юм. Мега төсөл хэзээ ч хагарч унаж болно. Жижиг төслүүд рүү чулуу шидэхэд жаахан хонхойгоод цааш явчих байх. Том төслүүд хэр баргийн чулуунд оногдох юм бол шууд хагарна” гэсэн үг л санаанд бууж байна
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn
Зочин · 2021/01/30
Хэнчбиш · 2021/01/29
Шаабар Та тэнэг юм шиг байна Миний бие монголд ашиггүй гэж бодохгүй байна Түвдэн Та өөрттөө л эзэн бол буруусойлголтоороо бусдыг бүү төлөөл Цаг хугацаа бүхнийг харуулна
Зочин · 2021/01/29
шаабар · 2021/01/29
Санааг нь сайн ойлгссонгүй. Шил шиг амархан хагардаг мега төсөл хэрэгтэй гээд байна уу хэрэггүй гээд байна уу . Жишээ авсан улсууд нь иргэдээ баян сайхан амьдруулж чадаж байгаа орнууд байна. Илүү сайхан болгох гээд том төслүүд хэрэгжүүлж. Харин манайх иргэдээ хоосруулж, улсаа дааж дашгүй өрөнд оруулсны шалтгааныг тайлбарлаж чадсангүй. Магадгүй би тэнэг байх л даа.
Түвдэн · 2021/01/29
Мэдэхгүй бол бүү байлайраа. Хэний бууны нохой бэ. Монголд ашиггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомтой байна шүү дээ