Орчин үеийн хүүхэд, залуусыг интернэт орчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Гар утас, компьютер тэдний үндсэн хэрэглээ болсон. Өнөөдөр монголчуудын хүн амын 80 хувь нь, хүүхэд залуусын 92 хувь нь интернэт орчинд “амьдарсаар” байна. Z үеийнхний ихэнх нь youtube сувгийн фэнүүд болж youtuber болох хүсэлтэй болжээ.

Тиймээс энэ удаа “Шинэ үеийнхэн” буланд Монголын анхны нэг сая захиалагчтай,  “Gold play button” буюу алтан пайз авсан “Asmr sound queen” youtube сувгийн youtuber Э.Золжаргалын зөвлөгөөг хүргэж байна. Youtuber бүсгүй АНУ-ын Виржиниа мужийн хамгийн том их сургуулийг төгссөн бөгөөд дэлхийн шилдэг дөрвөн санхүүгийн компанийн нэг “Ernst & Young”-д үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Харин Youtube суваг бол түүний хоёр дахь ажил. Youtuber Золоо багадаа Youtube сувгийн үнэнч фэн байжээ. Багаасаа өөрийн гэсэн контентоо бүтээж, Youtube-д байршуулах юмсан хэмээн боддог байж. Удалгүй энэ мөрөөдлөө биелүүлж долоо хоног бүр шинэ контент хийхэд 1-2 өдрийг  зарцуулдаг байна.

Тэрээр “Би өдөр нь үндсэн ажлаа хийгээд, шөнө контент дээрээ суух дуртай. Долоо хоногт аль болох 1-3 контент Youtube сувагт байршуулахыг зорьдог. Бичлэгийнхээ гэрэлтүүлэг, зураг авалт, монтаж, өнгө дэвсэх бүх ажилд суралцаж өөрөө хийх нь миний хобби. 2017 онд нээсэн “ASMR sound queen” суваг одоо 1.3 сая гаруй subscriber-тай. Нийт үзэлт нь 379 сая 800 мянга болсон. 58 улсаас миний контентуудыг үзсэн байна. Үүнээс хамгийн их үзэлттэй нь саяхан 82 сая хүрсэн.

Цаашид улам хичээж, “Diamond play button” цол авахыг зорино” гэв. Мөн Youtuber болох зорилготой хүүхэд залууст хандаж, Youtube-ээс олох орлого янз бүр. Тодруулбал, аль улсаас таны суваг руу хандаж, контентыг тань үзснээс хамаарч их, бага байдаг. Тиймээс хэр их бичлэг хийж, олон хандалт авна тэр хэрээр орлого олно. Youtube-ийн хамгийн том давуу тал бол өөрийн хүссэн цагаар ажиллаж болдог. Тиймээс тууштай байх, бусдаас өвөрмөц содон зүйл сэдэж санаачилж хийх нь чухал” хэмээн зөвлөв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин