Э.Амарбат: Н.Энхбаяр нарт холбогдох хэрэг дутуу орхигдсон
2013/04/11
Авлигатай тэмцэх газрын холбогдох албаны хүмүүс шалгагдаж байгаа хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлстийнхэн өнгөрөгч өдрүүдэд хөдөө орон нутагт ажилласан байна.
Тэд энэ оны нэгдүгээр сарын 3-наас нийт 13 аймгийн 20 гаруй суманд ажиллахдаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэд, төрийн үйлчилгээний талаар ямар санал бодолтой байгааг мэдэхээр ажиллажээ. Ажиллах явцад нийтлэг алдаа дутагдал нэлээд гарсан байна. Тодруулбал иргэдэд хүрэх мэдээлэл хаалттай, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ муу гэх мэт алдаанууд байсан ч тэр дунд гэмт хэргийн шинжтэй авлигын зөрчлүүд илэрсэн байна. Жишээ нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зүй бусаар зарцуулагдах, УИХ-ын гишүүдийн нэг тэрбум төгрөгийн багц хууль бусаар зарцуулагдсан. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл зориулалтын бус зарцуулагдсан гэх мэт маш олон зөрчил илэрсэн байна. Ялангуяа говийн гурав, дөрвөн аймагт ноцтой гэмээр зөрчлүүд илэрчээ. Иймээс Авлигатай тэмцэх газрынхан 14 хоногийн хугацаанд баг гарган Өмнөговь аймгийн бүх сумдад ажилласан байна. Ингэх явцад төрийн байгууллагууд орон нутагт дарамт болж байгаа хэрэг зөрчил гарч байсныг илрүүлжээ. Төрийн байгууллагаас орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид томилолт авч очдог. Ингэхдээ хоол, унаа байрныхаа зардлыг гаргуулж, санхүүгийн дарамт учруулсан зөрчил байсан учир Авлигатай тэмцэх газрынхан уржигдраас төлөвлөгөө гарган шалгаж эхэлжээ.
Санхүүгийн дарамт үзүүлж байсныг жишээ болгон дурьдвал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар Өмнөговь аймагт ажиллахдаа томилолттой холбоотой 19 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтнууд, Сонгдо эмнэлгийн ажилтнууд, мөн Орхон аймгийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх хүртэл тус аймагт очиж зардал гаргуулсан гэх мэт орон нутгийн төсвөөс нэлээд төгрөгийн зардал гарсныг тогтоожээ.
АТГ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАЙ 19 ХҮНИЙГ ШАЛГАЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хэчнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн талаар хэлсэн юм. Тэрбээр “Он гарсаар гэмт хэргийн шинжтэй 87 гомдлыг хүлээн авч шалгалаа. Эрүүгийн 307 үйлдэлтэй 76 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Эдгээр хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогийн байдлаар 33.8 тэрбум төгрөгт хүрсэн. Учирсан хохирлын 990 гаруй сая төгрөгийг мөрдөн байцаалтын явцад төлүүлж, 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх хөрөнгийг битүүлжилж төлүүлсэн.
Дээрх эрүүгийн хэрэгт нийт 133 хүнийг сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан. Эдгээрээс улс төрийн албан тушаалтан 19, төрийн захиргааны алба хаагч 26, үйлчилгээний алба хаагч 26, энгийн буюу аж ахуйн нэгжийн 51 хүн байгаа” хэмээгээд улс төрийн албан тушаалтан 19 хүний дотор та бүхний сайн мэдэх хүн ч байгаа мэдэхгүй хүн ч байгаа хэмээн онцолсон бөгөөд нэрийг нь дурьдаж болно гэсэн юм.
Эрүүгийн хэргийн хувьд төрийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг 26, эрх мэдлээ хэтрүүлэх хэрэг долоо, хээл хахууль авсан хэрэг ес, өгсөн хэрэг 14, зуучилсан хэрэг гурав бүртгэгдэн шалгаж байна. Шалгасан нийт хэргээс долоон хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын газарт шилжүүлж, 11 хэргийг хэрэгсэхгүй болгож, есөн хэргийг харьяаллынх нь дагуу шилжүүлсэн байна. Одоогоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 47 эрүүгийн хэрэг, 20 гаруй материал шалгагдаж байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэд, байгууллагаас нийт 68 өргөдөл гомдлыг ирүүлжээ. Үүнээс ашиг сонирхолын зөрчилтэй зөрчлүүдийг шалгаж нийт 81 албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Тодруулбал 17 албан тушаалтныг ажлаас нь халж, найман албан тушаалтныг албан тушаал бууруулснаас гадна зөрчил гаргасан хүмүүст сануулга өгөх, цалингаас нь тодорхой хувийг хасах гэх мэтээр арга хэмжээ авчээ.
Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас цөөн асуултад хариулт авсан юм.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж байх явцад долоон тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэнийг мэдэж байгаа байх. Энэ хүнтэй холбоотой таван үйлдэл бүхий хэргийг Авлигатай тэмцэх газрынхан шалгасан. Үндсэндээ таван үйлдэлт хэрэг нь хангалттай гэж үзсэний үндсэн дээр прокурорт шилжүүлж шүүхээр шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Н.Энхбаяр нь хоёр үйлдэл дээрээ хариуцлага хүлээсэн. Тэр хоёр үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хуучнаар “Өргөө” зочид буудлын 453 сая төгрөг, Улаанбаатар таймс сонины тухайд 2.1 тэрбум төгрөг, эдгээр маань таны асуугаад байгаа долоон тэрбум төгрөг дотор багтаж байгаа. Харин Ж.Мягмаржаргал нартай бүлэглэсэн гэсэн асуудал бол шүүхийн шийдвэр гарснаар орхигдсон. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр Ж.Мягмаржаргал гэдэг хүн “Эрдэнэт” үйлдвэртэй ганбөмбөлөг нийлүүлнэ гэж Н.Энхбаяраар дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад хэлүүлж байгаад гэрээ байгуулсан байдаг. Бүр хоёр удаа 3.9 тэрбум төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг Ж.Мягмаржаргал нартай байгуулах үүргийг Н.Энхбаяр өгч байсан. Хамгийн гол асуудал нь ердөө л энэ. Харамсалтай нь энэ хэрэг хангалттай тогтоогдоогүй байна гэж үзсэн. Яагаад хангалттай тогтоогдоогүй гэж үзсэн юм бэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.9 тэрбум төгрөгийн асуудлын үйлдлийг хэрэгсэхгүй болгосоноор орхигдчихсон. Тэгэхээр долоон тэрбум төгрөгийн ихэнх нь иймэрхүү маягаар алга болсон гэсэн үг.
-Т.Дашдэлэг генералын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Зэвсэгт хүчний жанжан штабын Агаарын довтолгооноос хамгаалах командлагчаар ажиллаж байхдаа Хойд Солонгосын зохих хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хэрэгжүүлээгүй. Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан гэх үйлдэлд нь О.Бямбаноров нар хамтран оролцсон гэдгийг тогтоосон. Хэрэг шалгагдаад дуусаж байгаа. Хохирлын зарим хэсэг 1.5 сая ам.долларын тал нь гэж хэлж болно. Бараг 670 гаруй мянган ам.долларын хохирлыг эдгээр хүн барагдуулчихаад байна.
Энэ хэргийн хохирлыг барагдуулчихлаа гээд хэргийг хэрэгсэхгүй болгочих юм биш биз дээ?
-Тийм зүйл байхгүй. Харин ял шийтгэл нь хөнгөрч магадгүй.
-Татварын ерөнхий газрын дарга Ч.Гансүхийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ хэрэгт Татварын ерөнхий газрын Ч.Гансүх, Д.Энхбат, О.Бямбасүрэн нар шалгагдаж байгаа. Одоогийн байдлаар Ч.Гансүх нь хүүхдийнхээ дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон гэдгийг тогтоосон. Мөн Ч.Гансүхийн эцэг н.Чимэд гэх 80 гарсан хүний төгрөгийн дансаар нэг тэрбум 200 сая төгрөг, валютын дансаар нэг сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болохыг мөн тогтоосон. Түүнчлэн Ч.Гансүхийн хүүхэд нь АНУ-д суралцаж байх хугацаанд нь нэг сая орчим ам.доллар эргэлдэж байсныг тогтоогоод байна. Харин Д.Энхбат гэдэг хүний нэр дээр өөрөө тайлбарлаж чадахгүй зарим хөрөнгө орлогууд байгааг тогтоосон. Энэ мөнгөнүүдийн эх сурвалжийг шалгах ажил үргэлжилж байна.
-Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярыг шалгаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-Хуучнаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яам байх үед тус яамнаас зохион байгуулж байсан худалдан авах асуудалтай холбоотой зарим зарим зүйлийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Одоо шалгагдаж байгаа аймаг болон дүүргүүдийн Засаг дарга нар байгаа юу?
-Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очирын хэргийг шалгаад дуусаж байгаа. Удахгүй прокурорт шилжүүлнэ. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч н.Очирхуяг гэдэг хүнийг тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэсэн хэргийг шалгаж байгаа. Харин Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлчихсэн. Одоо шүүхэд шилжих байх.
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад холбогдох хэргийг шалгаж байгаа юу?
-Д.Хаянхярваад холбогдох хэргийг манай байгууллага шалгаад албан тушаалын гэмт хэрэг гэхээсээ илүүтэйгээр Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд зааснаар буюу сонгогчийн санал худалдан авах гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэж үзээд харьяаллынх нь дагуу шилжүүлсэн учир энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяантай холбогдох хэрэг юу болсон бэ. Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хоёр хүнийг одоо яах бол?
-Э.Эрдэнэжамьяантай холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн. Удахгүй шүүхэд шилжих байх. Нөгөө эрэн сурвалжлагдаж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа гэж хоёр байгаа. Энэ хоёр дээр Т.Билэгт гэдэг хүнийг нэмээд гурвууланг нь эрэн сурвалжлуулахаар интерполд хандаж байна.
Ж.Баттуул