Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд дуусна гэсэн судалгаа бий. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн ус бохирдож байгаа талаар сүүлийн үед ярих болжээ.

Нийслэлийн нийт иргэд, аж ахуйн нэгжийг аюулгүй, цэвэр усаар хангах үүрэг бүхий Ус сувгийн удирдах газрынхан “Манайх хоногт 150-168 метр куб ус түгээж, түүнээс гарсан бохир усыг зайлуулж байна. Одоогийн байдлаар нийслэлийн иргэдийг стандартын шаардлага хангасан усаар хангаж байгаа” хэмээн мэдээлж байсан. Гэтэл бодит байдал дээр бидний хэрэглэж буй ус үнэхээр стандартад нийцэж байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Орон сууцны айлууд ундны усаа түүхийгээр нь бүү хэл, буцалгаад ч ундандаа хэрэглэхэд хэцүү болсон байна. Цэвэр ус хэрэглэх ёстой иргэд зэвтэй усаар ундаалаад нэлээд хугацааг үджээ. Зэвтэй усны асуудал Хан-Уул дүүрэгт шинээр барьсан хэд хэдэн орон сууцанд гарсан байна. Оршин суугчид нь ундны ус эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартад нийцэхгүй байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргажээ. Тодруулбал, “Олимп виллаж”, “Алтай”, “Рапид харш”, “Эв эе” зэрэг хотхоны оршин суугчид өнөөдрийг хүртэл зэвтэй ус хэрэглэж байгаа гэнэ. “Рапид харш”- ийн байруудыг дөрвөн жилийн дотор барьжээ. Нэг, 24, 25, 26, 27 дугаар байрны иргэд ашиглалтад орсон цагаасаа л зэвтэй усаар ундаалсан гэнэ. Иргэд барилгыг барьсан компани, удирдлагууд болон холбогдох бүхий л газар гомдол гаргасан ч энэ байдал өнөөг хүртэл үргэлжилсэн хэвээр. Уснаас болж хүүхдийн биеэр тууралт гарах, ханиад томуу тусах, арьс хуурайшиж загатнах, харшил тусах зэрэг өвчлөл их байгааг оршин суугчид онцолж байсан юм. Иргэд орон сууц, нийтийн аж ахуйн корпорацид хандахад “Манай байгууллагын зүгээс ямар нэгэн асуудал байхгүй. Цаанаас цэвэр ус дамжуулж буй үндсэн шугам нь 1970-аад оных болохоор зэвтэй ус гоожиж байгаа байх даа” гэсэн хариулт өгсөн юм. Зэвтэй ус хэрэглэж өвчин тусахаас эмээсэн иргэд ус шүүгч хэрэглэдэг аж. Ус шүүгч нь чанараасаа хамаарч 250 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Зэвтэй усыг сайтар шүүлгэхийн тулд сар болгон ус шүүгчээ солих шаардлагатай болдог. Тэгэхээр урсгал зардал дээр нэмэгдээд мөнгө урсдагийг тус байрны оршин суугч Э.Энхтуяа хэлж байсан. Түүнчлэн шүүлтүүр авч чадахгүй өрх ундны усаа дэлгүүрээс худалдан авдаг байна. Таван литрийн савлагаатай ус нэгээс гурван ам бүлтэй айлын нэг өдрийн хэрэглээ болно. Гэтэл иргэд өнөөдөр ус ашигласны мөнгөө төлсөөр байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад “Хан- Уул дүүрэгт байрлах хэд хэдэн хотхоны айлууд зэвтэй ус хэрэглэж байгаа талаарх гомдлоо манайд ирүүлсэн. Бид нягталж үзээд хариуцан ажилласан компанид нь асуудлыг цэгцлэх албан бичиг явуулсан байгаа. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна” гэв. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хаана яваа нь тодорхойгүйг эндээс харж болохоор байна. “Рапид харш” хорооллыг “Хурд групп” барьсан. Яагаад ашиглалтад орсон цагаасаа зэвтэй ус гоожих болсныг тодруулахад “Манайх ашиглалтад өгөөд удаж байна. Орон сууцны контороос нь асуу. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Эндээс харахад хариуцлага хүлээх хүн хаана ч байхгүй болсон нь илт мэдрэгдэж байв. 

“Алтай хотхон”-ы иргэд ам.метрийн зөрүү, зэвтэй уснаас болж хохирч байна 

Түүчээг зарга хийдэг зартай “Тайгам Алтай” компани үргэлжлүүлж байгаа аж. Тус компанийн барьсан “Алтай хотхон” Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Одоогийн байдлаар тус хотхонд 1000 гаруй айл амьдардаг. “Тайгам Алтай” компанийн зүгээс ашиг олохыг илүүд үзэж, оршин суугчдын амьдрах нөхцөлд санаа зовдоггүй гэдгээ удаа дараа харуулаад байгаа. Хамгийн нийтлэг зөрчил нь квадрат метр дутсан асуудал юм. Оршин суугчид барилгын талбайн ам.метр дутсан, хана болон цонхны шилэнд цууралт өгч эхэлсэн, хажуу талын айлын яриа тод сонсогддог, тоглоомын талбайгүй, улаан өнгийн зэвтэй ус гоождог гэх мэт асуудлаар ШӨХТГ-т гомдол гаргасан байна. ШӨХТГ-аас тус компанид иргэдийн гомдлыг бүрэн барагдуул гэсэн албан тоот явуулдаг ч өнөө хүртэл нэг ч хүнд ам.метрийн зөрүүг олгоогүй байгаа аж. Түүнчлэн “Тайгам Алтай” компанийн хувьд хууль зөрчөөгүй, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, иргэдийг хохироогоогүй гэсэн үндэслэлээр ШӨХТГ-ыг шүүхэд өгч байсан. Шүүхэд хандаж байгаа шалтгаан нь залилангаа нуун далдлах нэгэн заль мэх гэлтэй. Энэ компани нь барилгын бүх компанийн мөрдөх 2010 онд баталсан стандартыг мэддэггүй гэдгээр түрээ барьдаг аж. Түүнчлэн барилгын стандартыг баталсан өдрөөс хойш 30 хоногийн дотор “Барилгын дагаж мөрдөх стандарт буруу байна” гэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл энэ компани гурван жилийн дараа барилгын стандартыг хүчингүй болгохоор шүүхэд хандсан. Үүнийг нь Захиргааны хэргийн шүүх хүлээж авч байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар онцолж байсан юм. “Рапид” харш болон “Алтай хотхон”-д амьдарч буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

“Алтай хотхон”-ы оршин суугч Б. Дэлгэр: Жилд 800 мянгаас нэг сая төгрөгийг ундны усандаа зарцуулж байна

Манайх байраа 150 сая төгрөгөөр лизингийн зээлд хамраг- даж авсан. Гэтэл чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байрыг 15 жилийн хугацаатай авчээ. Манай хаас зургаан ам.метр талбай дутсан. Өнөөдрийг хүртэл “Тайгам Алтай” компаниас нэг ч төгрөг аваагүй байна. Хажуу айлын яриа их сонсогдоно. Хана нь их нимгэн юм билээ. Цууралт өгөөд эхэлчихсэн. Зэвтэй шар ус гоожоод байх юм. Хоёулаа амьдардаг болохоор өдөрт таван литрийн савлагаатай уснаас хоёрыг авдаг. Нийлээд дөрвөн мянган төгрөг болно. Сардаа 60-80 мянга, жилдээ 800-1000000 төгрөгийн ус ундандаа хэрэглэж байна гэсэн үг л дээ. Тэгээд ус хэрэглэсэн гэж бас мөнгө төлнө. Энэ асуудалд төр засгийнхан анхаарал хандуулах хэрэгтэй байна. “Тайгам Алтай” компанийн удирдлагуудтай уулзах гэхээр урдаас загнаад байдаг. Харилцааны соёлгүй хүмүүс юм билээ. 

“Рапид харш” хотхоны иргэн С. Наран: зэвтэй уснаас болоод хүүхдүүд өвчилж байна

Манай байр ашиглалтад ороод дөрвөн жил болж байна. Энэ үеэс л зэвтэй ус гарч эхэлсэн. “Хурд” группын удирдлагуудад энэ талаар хэлэхэд “Орон сууцны конторт чинь хүлээлгээд өгчихсөн” гэсэн тайлбар хийдэг. Зэвтэй уснаас болоод хохирсон иргэн зөндөө бий. Биеэр нь тууралт гарах, ходоод нь өвдөх гэх олон асуудалтай тулгардаг. Ус шүүгч хэрэглэх гэхээр өндөр үнэтэй байдаг. 200 мянгаар сар хэрэглээд хаях айл Монголын нийгэмд хэр их байгаа билээ. ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандсан. Асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн ч чимээгүй байна. Энд олон хүний эрх зөрчигдөж, хүүхдүүд зэвтэй уснаас болоод өвчилж байна шүү дээ.
 

С. Ичинхорлоо

Эх сурвалж: Монголын үнэн сонин