З.УРАНСҮХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх асуудал улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлын маргааны гол сэдэв болсон.

Анх өргөн барьсан төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Гэвч хэлэлцүүлгийн шатанд заавал ингэх шаардлагагүй, дээрх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр дээрх хугацаагаар батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд 2021 онд улирч нэр дэвших эрхгүй нөхцөл байдал үүссэн гэх маргаан дагуулсан. Маргааныг ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд эхлүүлсэн байдаг.

Товчхондоо, Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь өнөөдрийн маргааны үндэс болсон. Гэхдээ Үндсэн хуульд маш тодорхой нэг л заалт бий. Тэр заалт нэг хүнд зориулагдаагүй. Тухайн заалт дээр 50 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа зургаан жилээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд тов тодорхой биччихсэн байгаа. Яг энэ агуулгаар нь ойлгож 2019 онд Үндсэн хуулиа баталсан байж таарна. Мэдээж, Үндсэн хуулийг батлахын тулд наана нь яриа хэлцэл хийж, зөвшилцөж, тал бүрийн байр суурийг ч сонссон байх. Гэхдээ нэг зүйлийг маргаан үүсгээд байгаа талууд ойлгохгүй байгаа юм. Тэр нь юу гэвэл Үндсэн хуулийг зөвхөн УИХ баталдаг. 

Өөр хэн нэгэн баталдаггүй. Ерөнхийлөгч тэнд очиж кноп дардаггүй. Энгийнээр хэлбэл Ерөнхийлөгч хууль батлагдасны жилийн дараа тамга дардаг үүрэгтэй. Товчхондоо, УИХ баталдаг гэсэн үг. Энгийнчилбэл, Үндсэн хууль дээр байгаа нэг текст байна. Ямар ч маргаангүй... Энэ маргаангүй текстийг Ерөнхийлөгчийн тухай хууль руу маргаангүй хуульчилж, чадаагүй нь УИХ өөрөө буруутай. Тэр утгаараа УИХ-ын хариуцлагын тухай асуудал энд яригдах ёстой. Тэрнээс энэ зүйл заалт дээр ярилцаад, маргалдаад, мэтгэлцээд байх асуудал өөрөө биш юм. Хуулийг гадарладаг, мэддэг мэргэжилтнүүд нь ч бас ийм байр суурьтай байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Харин ойлгомжгүй, хоёрдмол утгаар ойлгогдоод гэж маргаан үүсгэсэн хүмүүс ч энд буруугүй. Өдгөө Ерөнхийлөгчийн хуулийг тодорхойгүй баталсан гэх маргаан Үндсэн хуулийн цэц дээр байгаа. УИХ ажлаа хийхгүй байгаад энд байгаа Ерөнхийлөгч, тэнд байгаа иргэн ямар ч хамаагүй. Эл эргэлзээ маргаан ид өрнөж байх зуур, гишүүдийн үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц хэрэг үүсгэн шийдэх гэж байхад Ерөнхийлөгч хоёр удаа Цэц дээр оччихлоо гэх яриа түгсэн. Зүй нь маргаанаа шийдүүлэх гэж байгаа хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй уулзаж, тэр нь протоколтой, ил байгаа бол хууль зөрчсөн үйлдэл биш. Харин утастаад, далдуур уулзаад байгаа бол хууль зөрчиж байна гэж хардаж болно. Харин далдуур уулзаж дарамт үзүүлж байвал энэ гэмт хэрэг. Шүүхэд нөлөөлсөнтэй утга адил зүйл. 

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эцэг хууль нь Үндсэн хууль. Бусад хуулиуд үндсэн хуулийн үзэл баримтлалтай яв цав нийцэж байх ёстой. Тодруулбал аливаа асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, дээдлэх ёстой.Гэтэл манайд хуулиудыг Үндсэн хуулиас нь салгаж, төөрүүлж хэрэглэдэг, тэрнээс болоод хуулийн хэрэгжилт нь Үндсэн хуулийн зарчимтай илт зөрчилддөг, бүр хараажаар зориудаар зөрчилдүүлдэг жишээ сүүлийн үед нэлээд гарах болсон. Эцэст нь тэмдэглэхэд, ажлаа хийж чадаагүй, чадахгүй байгаа УИХ-ын хариуцлагыг гаднах өөр хэн нэгэн рүү нялзаах нь утгагүй явдал, улстөржсөн хийрхэл. Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгчийн тухай хууль ойлгомжтой хуульчлагдах ёстой байсан. Үүнийг УИХ хийх ёстой, үүрэгтэй. Үндсэн ажил нь эцэг хуульд нийцүүлэн эрхзүйн орчныг бүрдүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, хийгээгүй ажлынхаа хариуцлагыг УИХ үүрэх ёстой. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, батламжилсан цаг хугацаа нь 2019 он. Атал 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг хөндөх болсон нь маргашгүй үнэн.

Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй шүү дээ. Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхад зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн дахиж нэр дэвшихгүй гэж нэг ойлголттойгоор хуулиа баталсан байж таараа. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгааг юу гэж ойлгох вэ. Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж байна гэж харахаас өөр өнцөггүй болгочихоод байгаа юм. Ташрамд дуулгахад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 4/3 хувь нь МАН-ын 65 гишүүний санаачилсан заалтууд. Үлдсэн 1/4 д нь Ерөнхийлөгчийн саналууд орсон гэх тайлбарыг холбогдох албаныхан хэлдэг. Тэгээд ч маргааныг Үндсэн хуулийн Цэц, Үндсэн хуулиа үндэслэж шийдэх нь баараггүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан УИХ-ын протоколыг аваад уншихад нэг удаа зургаан жилээр сонгогдохын тайлбар гарч ирнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь СЕХ-нд байгаа. Цэцэд огт хамаагүй асуудал. Цэц маргаан үүсгэх ч үгүй биз.

Тэгээд ч 2019 оны 11 дүгээр сарын 14-ны Үндсэн хуульд оруулсан бичилт бол нэмэлт, өөрчлөлт болохоос шинэ Үндсэн хууль биш гэдгийг эрх биш гадарлаж байгаа байлтай. Хэрвээ Үндсэн хуульд үл нийцэх хууль баталсан бол хариуцлагыг нь УИХ хүлээх ёстой. Гэхдээ УИХ-д хариуцлага үүрүүлэх боломж бий юу? Эсвэл хариуцлагаа ухамсарлаж, маргаантай хуулийн заалтдаа засвар оруулах ёс зүйтэй юу гэх асуулт л эзэнгүй үлдлээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН