Будлиу Р.Бурмаа юу, мэдрэмжтэй Б.Мэдрээ юу?
2014/05/06
Яг ийм сонголтын өмнө Ардчилсан намынхан ирээд байна. Олон жил сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн төлөө гадаад, дотоодоос чамгүй олон төсөл хэрэгжүүлж, ам нээх болгондоо сонгууль, нам хэмээн ярьж явдаг УИХ-ын гишүүн Р.Бурмаа өнөөдөр өөрөө сонгогч, сонгогдогчийнхоо хувьд огт боловсроогүй нь батлагдлаа.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн үйлчлэх хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалгахад Р.Бурмаа гишүүн намынхаа эсрэг аашилж, дэмжсэн товчлуурыг дарсан юм. Гэвч тэрбээр “Уучлаарай, би товчлуураа андуураад дарчихлаа, дахиад санал хураалгая” хэмээн учирлаж, алтан үеийн агуу жүжигчдийг дагуулахааргүй жүжиглэж байсан билээ. Сүүлдээ бүр товчлуур буруу дарсан өөрийгөө бус техник ажиллуулж буй инженерүүд рүү савлаж байж, сэтгэлээ тайтгаруулсан гэнэ.
Харин түүний тар хэдхэн хоногийн дараа танигдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг батлахад тэрбээр мөн л намынхаа эсрэг санал өгснөөр, АН-ын Засгийн газар эгзэгтэй болж ирсэн юм. Үнэндээ өөрөө хамгийн их сонгогчдын боловсролын тухай ярьдаг хүн парламентад орж ирснээсээ хойш бүтэн хоёр жилийг үдэж байгаа мөртлөө хоёрхон товчлуурын учрыг олохгүй боловсорч чадахгүй байна гэдэг эргэлзээтэй асуудал. Тэр тусмаа намынхаа тэргүүлж буй Засгийн газартай холбоотой асуудлаар ийм гоомой хандана гэвэл түүний хувьд сонгогч, сонгогдогчийн хувьд боловсролын түвшин нь улаан нойл гэхээс өөр үг алга. Иймд АН-ын Хяналтын ерөнхий хороо болон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, түүнийг намаас хөөх шийдвэрийг гаргаад байгаа.
Гэвч тэрбээр мөн л сонгогчийн боловсрол тааруу гэдгээ харуулж, намын удирдлагуудаа элдвээр шүүмжилж эхэлсэн. Р.Бурмаа 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар орж ирсэн бөгөөд тухайн үед намынх нь зүгээс жагсаалтаар орж ирсэн гишүүдтэй намын нэгдмэл бодлогыг хангаж ажиллах үүднээс ам өчгийг нь авч, араа шүдийг нь тоолохоос наахнуур гэрээ үзэглэж, нэгэн цул хүчин болж орж байжээ. Ингэж АН зөв бодлого хэрэгжүүлснийхээ хүчээр 2012 онд бүхэл бүтэн 12 жил буюу нэгэн мөчлөгийн дараа өөрсдийнх нь уриалснаар “олуулаа” болсон түүхтэй.
Тэрбээр өмнө нь хоёр ч удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан боловч ард түмэн гэдэг аргагүй л мэргэн сонгодог хүмүүс учир түүнийг төрд зүтгүүлэхэд төвөг удаж мэдэх хүн хэмээн саналаа өгөөгүй билээ. Үнэхээр ард түмний сонголт мэргэн байсан нь өдрөөс өдөрт ийнхүү батлагдаж байна. Нэг талаараа “дан дээл”-тэй ажиллахыг дэмжсэн түүний сонголтыг хүндэтгэж болох хэдий ч нөгөө талаас нь ухаж үзвэл боловсролын түвшин дорой, болчимгүй зан араншинтай иймэрхүү хүмүүсээс болж төрийн хямрал эхэлдгийг сануулахад илүүдэхгүй биз. Холын биш ойрын түүхээс сөхөхөд л, тэрээр төрсөн дүү Р.Баяраагаа Дорнод аймгийн Засаг дарга болгохын тулд намаа золиослосон удаатай.
Тэрээр 14 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг 2 хоногийн өмнө зарлан хуралдуулж, ирц бүрдээгүй байхад өөрийн талд шийдвэр гарган өөрийгөө Дорнод аймгийн АН-ын даргаар томилуулан, намаа ялагдуулах алхмыг хийжээ. Ингээд намынхан дотроо түнжин хагарч байх зуур МАН боломжийг ашиглан хэдхэн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулж байжээ.
Тухайн үедээ ч ийм асуудал болсныг аймгийн АН-ын хорооноос намынхаа удирдлагуудад хүргүүлснээр Р.Бурмаа сануулга өгч байсан гэнэ. Тэгэхээр түүний хувьд ганцхан товчлуурын асуудал бус удаа дараа намынхаа эсрэг ажиллаж байсан хангалттай баримт нотолгоо байгаа учир ийнхүү хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Нэгэн цагт ардчиллын голомт болж байсан аймгийг самарчихсан тэрээр андуурсан гэсэн үгээр халхавч хийн энэ удаа төрөө самрахаа шахлаа. Иймд түүнийг шийдвэр гаргах түвшний намын удирдлагууд намаасаа хөөх нь хамгийн зөв шийдвэр гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.
Хэдийгээр наанаа нэг хүний асуудал мэт харагдаж буй ч эцсийн үр дүндээ намын төлөвшилд жишиг тогтоох нэг том алхам болно гэж намын гишүүд нь үзэж байна. Түүний оронд жагсаалтаар банкир Б.Мэдрээ орж ирэх бөгөөд буруу зөрүү товчлуур дарснаа мэдэхгүй будлиу хүн байснаас эдийн засаг хүнд хэцүү энэ цаг үед мэдрэмжтэй хүнээр солих нь наанадаж Ардчилсан намын, цаанадаж улс эх орны эрх ашигт үнэтэй билээ.