Шинэчилж байна, өөрчилж байна гэх боловч монголын улстөрд шинэлэг салхи огт сэвэлзэхгүй байна. Шинэчлэгдэж өөрчлөгдөхгүй, зарим бүлэглэлүүд хувийн эрх ашиг, суудлын төлөө илт улайрч байгаа учраас хувь улстөрч өөр өөрийнхөөрөө улстөр хийж, зарим зүйлээс татгалзаад эхлэв хэмээн нийгэм харж байна.

Гэхдээ улстөр дэх энэ татгалзалууд нь бүгд цаанаа өөрийн томоохон хөдөлгөөний үндэс суурийг тавьж буй нь тал талаасаа харагдаж эхэллээ. Цэвэр МҮАН угшилтай Ц.Цолмон нэгэнтээ МҮАН-аас татгалзаж байсан бол “Шударга ёс” эвслийн Д.Батцогт мөн бүлгээсээ татгалзлаа. МҮАН-ын гишүүн Г.Уянга ч бүлгийнхээ шийдвэрийг байнга эсэргүүцдэг. Ер нь бүлгээс татгалзахад бэлэн байгаагаа шууд бус утгаараа сануулсаар байгаа. Нөгөө талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Н.Алтанхуягийн танхимаас татгалзав. 

       
МҮАН-ын үймээн, бүлгээс татгалзагчид, Х.Баттулгын татгалзал нь зүгээр нэг үйл явдал биш гэдгийг эх сурвалж хэлэв. Учир нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Давхар дээл” тайлах хуулийн төсөл УИХ-ын босго давж чадсангүй бүдрэв. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр олонхийн бүлгээс хэдэн гишүүн дэмжиж саналаа өгсөн. Үүнийхээ хариуд намаасаа хөөх ялаар ч тулгуулаад буй. Н.Алтанхуягийн танхимыг унагаж, Ерөнхий сайд болох төлөвлөгөөг эртнээс тооцож суусан Х.Баттулгын санаархал талаар болсон учраас тэр танхимаасаа татгалзсан хэрэг. Өнгөн талдаа Монголын улстөрд сайн жишиг гаргаж ирлээ. Албан тушаалаасаа өөрөө татгалзаж, энэ Засгийн газрыг “буруу замаар будаа тээж” байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэх боловч байдал цаанаа өөр юм. 
       Нэгэнт Н.Алтанхуягийг түлхэж дийлээгүй Х.Баттулга, олон жил улстөрийн хашааны гадна сууж буй М.Энхсайхантай томоохон тохироо хийжээ. Учир нь тэдний төлөвлөгөө юуны өмнө МҮАН, МАХН хоёрын эвслийг гэрээг үл харгалзан задлах аж. Ингэснээр Засгийн газраас “Шударга ёс” гарч, дараагийн Засгийн газар гарцаагүй шинээр байгуулагдаж таарна. Харин энэ тохироонд хүрч гэмээ нь Х.Баттулга МоАХ фракцаа хөдөлгөж, УИХ-д цөөн ч гэсэн суудалтай МҮАН-ыг өөрийн талд урвуулснаар МоАХ, МҮАН хэмээх хоёр бүлэглэл ирээдүйн засгийг хамтран барих төлөвлөгөөний зураг юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар МҮАН, МоАХ нь энэ гэрээгээ нэгэнт байгуулжээ. Одоо харин эхний төлөвлөгөө болох МҮАН, МАХН хоёрын бүлэглэлийг задлах. Ингээд Н.Алтанхуягийн танхим бутрахтай дөрөө харшуулан ҮЗХ зарлаж, дараагийн Засгийн газрыг байгуулах гол дүрд “женко” тоглох нь. Үүнд хүч түрэх хүн бол УИХ-ын дарга З.Энхболд. Тэрээр өөрийн фракцийнхаа хүчийг МоАХ-той нэгтгэхэд хэнд ч дийлдэхгүй нь мэдээжийн хэрэг. Тиймдээ УИХ-ын дарга өөрөө “давхар дээл” тайлахыг дэмжиж, намаасаа хөөгдөхдөө тулаад буй. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол тохироо ёсоор Х.Баттулга Ерөнхий сайд, М.Энхсайхан Тэргүүн шадар сайдын үүрэг гүйцэтгэх аж. Тэдний баримталж буй нэг бодлого нь шинээр байгуулагдах Засгийн газар нь “Алтангадас”-чуудад нэлээд халгаатай байх гэнэ. 
      МҮАН-ын Д.Батцогтын татгалзал, Г.Уянгын хэзээ ч бүлгээсээ явахад бэлэн байгаа байдал нь хувь улстөрийн тоглолт огт биш юм шүү. Бүлгийг задлах ажиллагаа эртнээс эхэлснийг харуулж буй хэрэг. Өнөөдөртөө МҮАН-аас сайдын суудалд заларч буй М.Сономпил энэ тэр бол яахав ээ. Цагаа болохоор татгалзаад гарчихна. Тэртээ тэргүй дараагийн Засгийн газарт суудал нь хүлээж угтана. Ийм л төлөвлөгөөгөөр маргаашийн улстөр хөллөж байна даа. 
С.Баяр