Хуульзүйн сайд Х.Тэмүужинийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр тэрээр нэгэн сонин мэдэгдэл хийгээд амжив. Сайд “Манай хуулийн байгууллагууд эрх мэдэлтнүүдтэй нэгдэж мөнгөтэй хүмүүс рүү дайрдаг болжээ.

Зарим бизнесмэн, улстөрчид өрсөлдөгчөө хуулиар намнадаг. Бараг эд хөрөнгийг нь зүгээр шахуу булааж байна. Баялаг бүтээгчид ажлаа хийгээд, Монгол Улсын орлогыг өсгөөд явж байх нь чухал юм уу, шоронд хэрэгтэй юу. Одоо хүмүүс хуулийн байгууллагын шинэтгэлд эргэлзэж байна. Энэ эргэлзээг ил тод болгохын тулд эдийн засгийг нээлттэй болгох хэрэгтэй” хэмээн интернэт сайт болон Монголын Үндэсний телевизээр дахин давтан хэлсэн юм.

     Хууль хяналтынхан эрх мэдэлтнүүдтэй нэгдэж зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан хүний баялгийг булаадаг гэсэн энэ үг хэнийг, юуг хэлээд байна вэ гэдэг асуудал өөрийн эрхгүй гарч ирж байгаа юм. Мэдээж өөрөө хууль зүйн салбарыг тэргүүлж байгаа хүн сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаагүй нь мэдээж. Үүнийг ухаж үзвэл сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнд хандаад байгаа “Тээвэр хөгжлийн банк”-ны асуудлыг цаад утгаараа хэлсэн байна.

     Тус банкны хөрөнгө оруулагч Д.Энхтайваны хувьцааг орос монголын луйварчид нэгдэж, мөн шүүх хуулийнхантай хамтран ширхэг зоос гаргахгүй, шүүхийн тогтоолоор булаах гэж буйг өгүүлсэн аж. Орос монгол нийлсэн луйварчид сүүлийн үед Монголд ирж хөрөнгө оруулах нэрийдлээр хамаг хөрөнгийг нь  цөлмөж,  дээрэмддэг  явдал нэг биш удаа гараад байгаа ч энэ асуудал шуүх, прокурор дээр очоод нам дарагдчихдаг.

     Д.Энхтайван энэ асуудлаараа гомдол гаргаж, шат шатны шүүхээр явж, хуулийн дагуу шийдүүлж байгаа ч харамсалтай нь авлигад дуртай шүүх, прокурорын гайгаар маргаан нь хэдэн жил сунжирч байгаа юм. Гадаадын гэмт хэрэгтнүүдийн гар хөл болсон шүүх, прокурорынхон энэ хэргийг нь шударгаар, хуулийн дагуу шийдэж өгөлгүй ийнхүу сунжруулсаар байна.

     Уг нь баялаг бүтээгч монголчууд нь хүчтэй, олноороо байвал улс орон хөгжиж, улсаас сардаа таван сая төгрөгийн цалин тоншиж суудаг шүүх, прокуроруудын цалинг нь саадгүй бүрдүүлж өгдөг номтой билээ. Гэтэл таван сая төгрөгийн цалингаа голсон манай шүүгч, прокурорууд гадаадын луйварчидтай нэгдэн авлигын хэдэн төгрөгийн төлөө эх орноо худалдаж эхэлж байгааг Хууль зүйн сайд нь ийнхүү ил тод зарлаж байгаагаас харахад сайн цаг ирж байгаагийн дохио хэмээн хөрөнгөө булаалгасан бизнесмэнүүд ам сайтай явна.

 

ХОРИОТОЙ СОНИН