--- Бельгид төдийгүй Европт шившгээ дэлгэхийн өмнө үүнийг сонордуулах үүрэгтэй ---

У.ОРГИЛМАА

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим оронд Элчин сайд томилох асуудлыг хэлэлцлээ. Тэдний нэг нь Лу.Болд. Тэрбээр Бельгийн Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар томилогдох гэж байна. Бельгийн Нэгдсэн Вант улсад суух Элчин сайд Benelux / Бельги, Нидерланд, Люксенбург/-ийн орнуудад болон Европын холбоо, НАТО-д хавсран суудаг онцлогтой. Гэтэл Лу.Болд гэж хэн сэн билээ? Юуны өмнө 2017 оны арван нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр уг албан тушаалд нэр дэвшсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсны нэхэмжлэх ирсэн.

Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. Батлан хамгаалахын генерал ял авсан. Би одоо цааш нь ярих уу, яах вэ” гэсэн нь дуулиан тарьсан билээ. Тэгвэл энэ талаарх нэгэн баримтыг өгүүлье. Миний өмнө 2014 оны наймдугаар сарын 13-ны өдрийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын 04/130 тоот тэмдэглэл байна. Энэ өдрийн 11.00 цагт Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын дэд захирал ахлах хурандаа Чой Хён Ир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Ноцтой сэдэвтээ шууд оръё. Уулзалтын тэмдэглэлд дурдсанаар БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны гадаад хамтын ажиллагааны ерөнхий газрын захирал, ахлах хурандаа Чой Хён Ир хэлэхдээ “Өнөөдөр тантай уулзах болсон гол зорилго нь хоёр орны хоорондын цэргийн хамтын ажиллагаанд гарсан ХЭВИЙН БУС үзэгдлийн талаар санал солилцох гэсэн юм. Энэ асуудлын талаар Гадаад харилцааны яамнаас анхаарал тавьж өгөөч хэмээн хүсэж байна.

Өнгөрсөн удаад Монголын талаас ашиглалтаас гарсан МИК-21 онгоцны сэлбэгийг авах талаар бид гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Анх Монголын талын саналын дагуу 2009 оны нэгдүгээр сард гэрээ байгуулсан. Олон шалтгааны улмаас гэрээний хэрэгжилт амжилтгүй болсон. 2011 оны нэгдүгээр сард Монголын талаас гэрээг цуцалсан. Гэрээ байгуулах эхлэл, хэрэгжилт, цуцлах бүх үйл явдлын талаар тухайн үеийн Батлан хамгаалахын сайд байсан одоо Гадаад харилцааны сайдын албыг хашиж буй Л.Болд сайн мэдэж байгаа. Гэрээ хэрэгжээгүй олон улсын болон улс төрийн шалтгаануудыг бид ойлгож байна. Анх гэрээг байгуулахад манай талаас урьдчилгаа төлбөр өгсөн. Одоогийн байдлаар урьдчилгаа төлбөрийн 60 хувийг манай талд эргүүлэн өгөөгүй байна. Гэрээг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг манай тал Монголын талаас нэхэхгүй.

Монголын тал төлсөн урьдчилгааг гүйцэд эргүүлэн төлөхгүй байгаа учраас бид Монголын шүүхэд хандсан. Шүүх хурал 2014 оны гуравдугаар сард болж Монголын тал Солонгосын талд урьдчилгаа төлбөрийг бүрэн эргүүлж төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, эргүүлж төлөөгүй. Энэ гэрээг хэрэгжүүлээгүйн улмаас манай Ардын зэвсэгт хүчний яамнаас холбогдох хүмүүст шийтгэл хүлээлгэсэн. Тиймээс миний бие сайн хөгжиж байгаа хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байдлаар энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн Солонгосын “Ылмил” гадаад худалдааны компанийн ерөнхий захирал Ким Гван Сү-гээс Гадаад харилцааны сайд Л.Болдод илгээсэн захидлыг авч ирлээ. 

Манай тал олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан энэ асуудлыг аль болох албан бусаар, харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байдлаар шийдье гэсэн байр суурьтай байсан. Гэвч урьдчилгаа төлбөр нь Засгийн газрын хөрөнгөөс гарсан тул хариуцаж байсан хүмүүс нь шийтгэл хүлээгээд байна.Тухайлбал энэ захидлыг илгээсэн Солонгосын “Ылмил” гадаад худалдааны компанийн ерөнхий захирал Ким Гван Сү бол гэрээг байгуулахад оролцсон хүн юм. Тэрбээр өөрөө Монголд ирж уг захидлыг өөрийн биеэр гардуулах байсан боловч Ардын зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны ерөнхий захирлын хувьд миний бие яамыг төлөөлөн ирлээ. Би Монголд 15 хоног ажиллана. Солонгост очоод урьдчилгаа мөнгийг эргүүлэн төлүүлэх явц ямар байгаа талаар удирдлагадаа тодорхой мэдээлэлтэй очих тушаалтай ирсэн. Бид өнөөдөр Монголын Гадаад харилцааны сайдад захидлаа гардуулсан тухайгаа Ардын зэвсэгт хүчний яамандаа мэдэгдэх болно” гэжээ. Хорин минут үргэлжилсэн уулзалт ийнхүү өндөрлөсөн ч төлбөр одоо хэр нь төлөгдөөгүй. Уг уулзалтаас хойш дахиад гурван жилийн дараа Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурцын сөхөж ярьснаар цоо шинэ мэт яригдсан нь энэ.

 Гэтэл үнэн хэрэгтээ 2013 он буюу Батлан хамгаалах ын сайдаар Л.Болд ажиллаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хойд Солонгосоос МИГ-21 онгоцны мотор худалдаж авахаар 1.8 сая ам.долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ иргэн Ж.Бямбаноров, бизнес эрхлэгч Нацагдорж нарын дансанд хийсэн байна” гэх мэдээлэл нийтлэгдэж, хууль хяналтынхан шалгаж генерал Т.Дашдэлэг хорих ял сонссон ч 2015 онд өршөөлөөр суллагдсан. АТГ-т энэ талаар хангалттай материал байх ёстой. 

Урьдчилгаа төлбөр гэгчийн хэмжээ их, бага байхаас үл шалтгаалан энэ сэдэв өөрөө харилцаанд үлдэх түүх талаасаа маш ноцтой.Гэтэл энэ асуудлын эзэн, Батлан хамгаалахын сайд байхдаа ч, Гадаад харилцааны сайд байхдаа ч хамгийн сайн мэдэх тэр хүн өнөөдөр НАТО, Европын холбоо, Венелюксийн орнуудыг хавсран суудаг Бельгийн Вант Улсад Элчин сайдаар томилогдох нь зөв үү? Эдүгээ түүний хамаарал бүхий “Богд” банкийг Лу.Болдыг Гадаад харилцааны сайдын албан тушаал хашиж байхдаа Люксембургийн Вант улсад албан ёсны айлчлал хийхдээ банкныхантай тогтоосон харилцааны “үр дүн” гэж үзэх нь бий. Энэ бол хардах эрх. Монголын тал Европын орнуудад илгээсэн Элчин сайд нараасаа, дипломатчдаасаа ичих олон шалтгаан бий. Янжуур тамхи, мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл, бүр сүүлдээ их хэмжээний героин тээвэрлэж баригдсан хэчнээн тохиолдол бий билээ. Яагаад энэ удаад заавал Лу.Болдыг Бельгийн Вант улсад Элчин сайдаар явуулах болов гэдгийн учир шалтгаан, үүсэж болох эрсдлийг Засгийн газар, УИХ сайтар тооцох шаардлагатай. Хэрэв дээрх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу тухайн орны мэдээллийн хэрэгслээр цацагдвал Лу.Болдыг байтугай Монголын Элч төлөөлөгчийг Европ хүлээн авахгүй л болов уу гэхээс эмзэглэх үүднээс сэрэмжлүүлж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН