Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан.

Энэ талаар Х.Нямбаатар сайд олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэллээ хэмээн онцоллоо.

Ингээд уг асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, дараах албан тушаалтнуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо. Оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх ажиллана.
  • Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбат. Оронд нь В.Намхайнямбуу ажиллана.
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан. Оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатар ажиллана.
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах. Оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ажиллана.
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаяр. Оронд нь ажиллах хүн тодорхой болоогүй.

Үүний дээр Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.