С.Эрдэнэ: АН-ын эв нэгдлийг бусниулах, үйл ажиллагааг нь саармагжуулах гэсэн эрх мэдэлтнүүдийн хуйвалдааныг таслан зогсоох болно
2021/07/26
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярт оногдуулсан сахилгын шийдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ. Уг үеэрээ тэрээр: “Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын тогтоол гарсан.
Уг хурлаар АН дотор үүсээд байсан маргааныг эцэслэн шийдэх шийдвэр гарсан байгаа. Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн сайт дээр АН-ын дарга С.Эрдэнийг хасч, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг бүртгэж, АН-ыг хуваагдалтай байгаа мэт харагдуулах уур амьсгалыг нийгэмд бий болгосон. Энэ үйлдлийг хийсэн гол этгээд бол хуучин Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч байсан Х.Сонинбаяр юм.
Энэ хүн уг асуудлыг анх үүсгэсэн. Уг асуудал дээр АН-аас удаа дараа шаардлага тавьж, уг асуудлаа таслан зогсоохыг шаардаж байсан боловч харамсалтай нь хүлээж аваагүй. Ингээд АН-ын зүгээс Улсын Дээд Шүүхийн ёсзүйн хороонд гомдол гаргаж , ёсзүйн хороо уг гомдлыг хянаж үзээд Х.Сонинбаяр шүүгч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, ёсзүйн алдаа гаргасан байна гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь сахилгын хороо руу шилжээд, УДШүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэгдээд Х.Сонинбаярт сахилгын арга хэмжээ тооцсон. Энэ сахилгын арга хэмжээтэй холбоотойгоор Х.Сонинбаяр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд, 2021 оны 06 сарын 30-ний өдрийн 11 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор УДШүүхийн Иргэний танхимын шүүгч Х.Сонинбаярын гаргасан гомдол үндэслэлгүй байна, УДШүүхийн ёсзүйн хорооноос Х.Сонинбаярт ногдуулсан сахилгын арга хэмжээ хууль ёсны байна гэдэг тогтоол гаргаад, үндсэндээ Х.Сонинбаяр хууль зөрчиж, өөрт оногдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ийм үйлдэл гаргасан гэдэг нь нотлогдож гарлаа. Хууль ёсны мэт ойлголтыг нийгэмд төрүүлж, УДШүүхийн цахим сайт бусад байгууллагатай адил зөвхөн мэдээллийн сайт шүү дээ. Ямар нэгэн эрхзүйн үр дагавар байдаггүй. Мэдээллийн сайт дээр тогтоол, шийдвэрийг үндэслэж уг мэдээллийг оруулдаг.
Гэтэл Х.Сонинбаяр шүүгч тухайн үед П.Нүрзэд гэж хүний гарын үсэгтэй бичгийг хүлээж аваад, шууд С.Эрдэнийг хасч, Ц.Тувааныг даргаар бүртгэ гэж гараараа цохолт хийгээд , энэ цохолтийн дагуу УДШүүхийн Тамгын газар ямар ч үндэслэл, тогтоол шийдвэргүйгээр хууль ёсны дарга С.Эрдэнийн нэрийг хасч, Ц.Туваан гэдэг этгээдийн нэрийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж бүртгэсэн. Энэ явдлаас болоод АН дотор үл ойлголцох явдлууд бий болсон.
Ингээд удаа дараагийн маргаан мэтгэлцээн болж, сүүлдээ Ц.Туваан гэж хүн АН-ыг төлөөлөх эрхгүй мөртлөө маш олон томилгоо хийсэн. Маш олон асуудал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох замаар хууль, шүүхийн байгууллага дээр маргаан үүсгэсэн асуудлууд явсан. Дүрмийн дагуу АН-ын тамгыг хадгалж байх ёстой хүн маань тамга буцааж өг гэсэн шаардлагыг хүлээж аваагүй. Уг тамгыг авч алга болсон. Гэхдээ өнөөдөр шүүхийн эцсийн шийдвэр шударга үнэний талд гарч, асуудал эцэслэн тогтоогдлоо. Х.Сонинбаяр гэж шүүгчийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгаж байгаад, сая ажлаа өгсөн Ерөнхийлөгч буцааж томилсон юм байна лээ. Энэ хүнийг улстөрийн үйл ажиллагаанд ашигласан байх магадлалтай гэж би үзэж байгаа. 2017 оны 03 сард гарсан УДШүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ С.Эрдэнийн нэр дээр олгогдсон хэвээрээ байгаа. Холбогдох дүрэм журмын дагуу АН-ын дараагийн даргыг сонгох сунгааг хийж, бүртгүүлэх асуудлыг 3 удаа УДШ-д хүргүүлсэн. Харамсалтай нь уг асуудлыг хууль бус үндэслэлээр УДШ 3 удаа буцаасан. Төрийн эрх мэдлийг тодорхой ашиг сонирхлын үүднээс ашиглаж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцуулах асуудлыг бид хуулийн дагуу тавьж явах болно. АН-ыг хагаралтай мэтээр харагдуулах, АН-ын эв нэгдлийг бусниулах, АН-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн эрх мэдэлтнүүдийн хуйвалдааныг таслан зогсоох болно.” гэсэн юм.
Зочин · 2021/07/26
Эрдэнэ гуай одоо болно доо.
Бат · 2021/07/26
Энэ бүгд Эрдэнэ чиний л хийгээд байгаа ажил биздээ