“Давхар дээл”-ндээ халуу дүүгэж яваа Х.Баттулга сайд дан дээлтэй болохоор хүсэлтээ гаргасан дагуу Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа.
Энэ нь Х.Баттулга “давхар дээл” тайлах анхны даваагаа амжилттай давлаа гэсэн үг. Түүнчлэн өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар "Х.Баттулгыг чөлөөлөх нь зүйтэй" хэмээн үзсэн. Хуралдаанд оролцсон 26 гишүүнээс 14 нь сайд Х.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. Ийнхүү тэрээр “давхар дээл” тайлах хоёр дахь даваагаа амжилттай давав. Одоо түүнд ганцхан том даваа бий. Тэр нь УИХ-ын чуулганы хуралдаан. 
      Гэтэл АН-ын бүлэг хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын асуудлыг хэлэлцжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол АН-ын бүлгийн хуралдаанд намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө ирээгүй бөгөөд тэрээр ерөнхий санаагаа бүлгийн хуралдаанаар хүргүүлсэн байна. Ингээд АН-ын бүлгийн гишүүд намынхаа даргын заавар ёсоор Х.Баттулгын “давхар дээл”-ийг тайлах тухайд санал нэгдсэн байна. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “өөрөө татгалзаад байгаа хүнийг бид яахав дээ. Хүслийг болгоохоос өөр аргагүй. Өнөөх “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг шиг юм болж байна” хэмээжээ. Бүлгийн бусад гишүүдийн хувьд ч энэ тал дээр санал нэгдэж, Х.Баттулгыг үдэж өгөхөөр тохирчээ. 
       Харин намын жагсаалтаар УИХ-д сууж буй Р.Бурмаа намынхаа эсрэг санал өгсөн хэргээр жанч халахдаа тулаад буй. Тиймээс түүний асуудлыг хэлэлцэж, УИХ-д нь үлдээх эсэх тухай маргаан дэгдсэний эцэст Р.Бурмаагийн суудлыг хамгаалж үлдэхээр болсон байна. Н.Алтанхуяг болон АН-ын бүлэг чухам яагаад Х.Баттулгыг авч үлдэх гэж улайрахгүй байгаа нь хэний ч сонирхлыг татна. Ерөнхий сайдынхаа суудалтай зууралдсаар айсуй сонгуультай золгох чин хүсэлтэй Н.Алтанхуяг мөнхийн дайсан Х.Баттулгыгаа зүгээр явуулчихаж байгаа нь хачирхалтай. 
        Уг нь тэр дайснаа хажуудаа байлгаж байж л дарж чадах билээ. Түүнээс биш, Х.Баттулга танхимын гадна гарлаа л бол жинхэнэ утгаараа Н.Алтанхуягтай ноцож таарна. Ерөөсөө Х.Баттулгын хувьд засгийн тойргоос гарч, сэлэм эргүүлэх л төлөвлөгөөний дагуу “давхар дээл”-ээ тайлж байгаа шүү дээ. Гэтэл ийнхүү чимээгүй явуулж байгаа нь ихээхэн сонирхолтой. Х.Баттулга ингээд зүгээр суухгүй, дараагийн сайдуудыг ч өөртөө татаж, “давхар дээл” тайлах тухай хор найруулж л таарна. Угаасаа ажил нь урагшаа явахаа больсон танхимаас нэр бүтэн салчих гэсэн сайдууд байж л таарна. Арай нэр цэвэр байгаа дэрээ бусдадаа буруугаа чихээд нэрээ татах нөхдүүд байлгүй яах юм. Тэгээд ч мөнгөгүй засгийн суудал хэн шунаад суухав дээ. “Шударга ёс” болон Н.Батбаяр мэтийн малууд л суудалдаа шигдэнэ үү гэхээс биш бусад нь бол “давхар дээл” тайлахаас татгалзахгүй нь илт. Ингээд айсуй өдрүүдэд их улстөр тун ч хөл хөдөлгөөнтэй байх нь дамжиггүй харагдаж байна. Гэхдээ АН-ынхан эхний хоёр давааг амжилттай давуулаад гурав дахь даваа буюу УИХ-ын чуулганы хуралдаанаар аваад үлдэж мэдэх юм. Тиймдээ ч санаа амар байгаад байх тал бас бий.  
      Х.Баттулга зүгээр ч нэг сэлэм эргүүлээд тойргийн гадна зогсоод байхгүй, нэн даруй ҮЗХ-ны хурлыг хуралдуулах нь түүний ойрын зорилт юм. ҮЗХ-ны нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар ҮЗХ хуралдах учиртай. Тэгэхээр Х.Баттулгын өөрийнх нь толгойлдог МоАХ фракц, З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо, “Шонхор” фракц, үүн дээр нэмэгдээд Ц.Элбэгдоржийн фракц гэхээр гуравны хоёрыг бүрдүүлчихнэ гэдгийг тэр тооцоолсон байж таарна. Гэхдээ түүнд нэг том даваа байгаа нь УИХ-ын чуулганы хуралдаан. Мэдээжийн хэрэг, сөрөг хүчнийхэн 100 хувийн саналаар дэмжих байх. Харин түүнд шавар хаах бүлэглэл бол “Шударга ёс” эвслийн бүлэглэл. Тэд засгийн хатавчинд л суухгүй бол амиа тавих гэж буй учраас Х.Баттулгын “давхар дээл”-ийг тайлахгүй гэж ноцох байх. Бүлгийнх нь гишүүд ч энэ тал дээр зүгээр явуулахгүйг хичээх болов уу. 
 
С.Баяр