Өнгөрсөн дөрөв дэх өдрийн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Баярцогтын МАН-тай нийлж Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай санал улстөрийн хүрээнд багагүй шуугиан тарилаа. 

Ардчилсан нам  хэдийгээр өнөөдөр яаран сандран гаргасан мэдэгдэлдээ “2014 оны 5 сарын 8-нд хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан дээр С.Баярцогтын хэлсэн үг нь хувь хүнийх нь үзэл бодол төдий л зүйл бөгөөд Ардчилсан намын албан ёсны байр суурь биш” хэмээж буй ч Шинэчлэлийн Засгийн газрын өнөөдрийн нөхцөл байдал хийгээд Н.Алтанхуягийн байр сууринаас авч үзвэл С.Баярцогтын үг үйлдлийг хувь хүнтэй холбож ойлгох боломжгүй гэдэг нь тодорхой .


Ямартай ч С.Баярцогт энэхүү үг үйлдлээ зүгээр ч нэг сэтгэлийн хөдлөлөөр, Ардын намд хайртайдаа хэлчихээгүй бөгөөд өнөөдрийн үүсээд байгаа эдийн засгийн хямралыг Шинэчлэлийн Засгийн газар давж чадахгүй, тийм чадвар ч байхгүй гэдгийг эдийн засагчийн хувьд харсан, мөн хүлээн зөвшөөрсөн үйлдэл боллоо.


Улстөрч, эдийн засагчдын хувьд ч Ерөнхий сайд  шинэчлэлийг хийх гэж  хичээж, ажиллаж байгаа ч хямралыг давах хүчтэй, чадвартай баг байхгүй, мэргэшсэн зөвлөхүүд бүүр ч байхгүй зөвхөн өөрөө л юм юм руу үсчиж байгаа нь энэ Засгийн газрыг төдийгүй эдийн засгийг улам туйлдуулж байна гэж үзэж байгаа нь нууц биш.


Тиймээс ч магадгүй өөрт нь нэмэр болохоос илүүтэй нэрмээс болж буй Ч.Улаан, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй С.Оюун мэтийн хамтрагчдаасаа залхаж Засгийн газраа, өөрийн байр суудлыг авч үлдэхийн тулд нөхцөл байдлыг мэдэрсэн Н.Алтанхуяг сайд эртний хамтрагч Ардын намыг түших битүүхэн сонирхлоо С.Баярцогтоор дамжуулан  илэрхийлчихээд дотроо битүүхэн тандалт хийн сууж  байж ч болох талтай юм. Ер нь бол үнэнд хамгийн ойрхон дөхөх хувилбар гээд хэлчихэд болно.


Хэрвээ Н.Алтанхуяг өөрийнх нь Засгийн газрыг хамтрагч, журмын нөхөр нь одоо үүсээд байгаа нөхцөл байдал хийгээд  эдийн засгийн хямралыг давах чадамжгүй гэсэн дүгнэлтийн үүднээс  ийнхүү үгүйсгэж  байгааг нь Ардчилсан намын даргын зүгээс ийнхүү намынхаа нэрээр мэдэгдэл гарган мэдэгдлээрээ няцааж байгаа бол тэрээр журмын нөхдөө ч тогтоож дийлэхээ больсны илрэл буюу Алтангадасын хагарал дээд цэгтээ хүрчээ гэж дүгнэж болох юм.  
Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэгдэх Алтангадас фракц дотор түүнд хамгийн ойрхон гэгдэх найзуудын тоонд Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Санжмятав, нарын нөхөд ордог. Харин энэ дөрвөөс залуусаа баруун зүүн гар болгон түшиж явдаг түүний хувьд яах аргагүй гол түшиг нь С.Баярцогт хэмээгддэг. 

Улстөр дэх үг хэл, үзэл бодлоо төдийгүй гэр бүл, амралт зугаа цэнгэлийн хувьд ч дөрөө харшуулдаг дотны хүн нь болох С. Баярцогтын хувьд Н.Алтанхуягийн оролцоогүйгээр Засгийн газрынх нь эсрэг үг үйлдэл хийх боломжгүй бөгөөд хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл Алтангадас чигийг заахаа больж, дотоодынхоо хямралыг тогтоож дийлэхээ больсны илрэл буюу, бүүр шулуухан хэлбэл Н.Алтанхуяг улстөрийн хүрээнд өөрийн баг найз нөхдөдөө хаягдаж улстөрийн үхдэл болж байгаагийн илрэл гээд хэлчихэд буруудахгүй дүгнэлт юм.