Аливаа улс орны хамгийн үнэт баялаг нь хүн буюу иргэн нь байдаг. Харин манай улсын хувьд энэхүү үнэт баялаг нь үнэгүйдсээр өдгөө зуданд үрэгдэж буй малаас ч дор үнэлэгдэж буй мэт.
Хоёр гурваар нь амь насыг нь хөнөөнө, төрийн тусгай хамгаалалтай бүсэд зуурдаар нөгчинө, гэр бүлээр нь галдан шатаана. Эмнэлэгт төрөхийн хүндрэлээс, эрүүл мэндээ сахин хамгаалуулах гэж вакцин тариулаад “дашийн шог” болно. Үймээн самууны үеэр хөөж байгаад буудна.Амьд явах эрх, эрх чөлөө ингэхэд манай улсад байна уу. Бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн тохиолдол ихсэх тусам нийгэмд айдас түгшүүр улам нэмэгдэнэ. Энэ хэрээр гэмт хэрэгтнүүдийн үйлдэл улам харгис болдог гэх. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах нийгмийн чиг баримжаа бүхий манай улсын хувьд дээрээ гүйдлээ олохгүй бужигнах тусам доогуураа улам л ёс зүй, оюун ухааны ядууралд өртөж, харгис бурангуй нийгмийн дүр төрх өдөр ирэх тусам тодрох болов. Төрийн тусгай хамгаалалттай, иргэнийхээ аюулгүй байдлыг хангах нэрийн дор хорьж байгаад хохироож байгаа төр гэмгүй гэмтэн болох тусмаа иргэдийнхээ эрх, эрх чөлөө рүү далдуур халдах нь улам л нарийн, далдуур, харгис, нууцлагдмал болоод байна уу. Эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдлийг хязгаарлахгүй бол нийгэм өөрөө, өөрийнхөө эрхийг хамгаалахын төлөө хэзээ нэгэн цагт тэсрэх л болно. Учир нь амьд явах эрх гэдэг олон юмаар хэмжигдэнэ. Хуулийн өмнө тэгш байх, төр иргэнээ хамгаалах, улс орны хамгийн үнэт капитал нь иргэн хүн нь байх. Энэ бүхэн байхгүй болж, иргэн хүний амьд явах баталгаа алдагдаж, хуулийн тэгш бус үйлчлэл нийгмийг хамарч, хууль бус үйлдлээ, өөрийн хийсэн гэм нүглээ нуун далдлахын тулд бусдын амь насыг санаатай хөнөөх явдал газар авсаар байгаа нь төр хүчгүйдэж, хууль бус үйлдэл хэтийдэж, нийгмийн үнэт зүйлийг үгүй хийж буй хэрэг юм.Төрийн үгүй хийж буй энэ олон эрхээ олж авахын тулд, эдлэхийн төлөө, амьд явах эрхээ баталгаажуулахын тулд ард түмэн тэмцэх эрхтэй. Өглөө гэрээсээ ажилдаа гараад орой гэртээ амь мэнд харимаар байна. Албан тушаал хашиж байгаад хэн нэгэн албан тушаалтны буруутай үйлдлийг илчлэх болсныхоо төлөө төрийн хамгаалалт нэртэй шоронд орж, тэндээ цаг бусаар үхмээргүй байна. Барьж буй барилгын дээрээс төмөр унаж, тоосгонд цохиулж амиа алдмааргүй байна. Монголын төрөөс би амьд явах эрхээ нэхмээр байна. Иргэн бүхэнд энэ эрх нээлттэй бий. Төрөөс амьд явах эрхээ баталгаажуулахын тулд, нэхэхийн тулд жагсах, тэмцэх олон хүн бий гэдэгт итгэдэг. Тэр хүмүүсийн нэг нь болж, нэгдэхэд би бэлэн байна.
 
Д.ЛХАГВА-ОЧИР