Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод КОВИД-19-ийн таван тохиолдол бүртгэгдсэн тухай Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

Аравдугаар сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан байна.

Аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоон Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулжээ.

Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүд энэ сарын 18-ны өдрийн 11:00 цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан байна.

Аравдугаар сарын 19-ны өдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод Ковид-19-ийн таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ өдрийн 00:00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж /хүнсний дэлгүүр, эмийн сангууд багтсан/ дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж эхэлжээ.