Хакеруудын сайт дээр Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг $700-aaр зарахаар байрлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг багтсан болохыг мэдээлсэн байв. 

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас уг мэдээлэлтэй холбогдуулан сэрэмжлүүлэг гаргажээ. 

Тус сэрэмжлүүлэгт "Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллароор худалдах зар www.raidforums.com вэбсайтад 2021.10.06-ны өдөр байршсан ба энэ үеэс Тагнуулын байгууллага анхааран судалж байна.

Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.

Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг болно.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна" гэжээ.