(Азийн хөгжлийн банк Монголтой хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ойд зориулсан хуралд хэлсэн үг)

Өнөөгийн философийн ухаанд давамгайлж буй ойлголтоор бол матери болон ухамсар бүхэлдээ энгийнээс нарийн руу, доод болхи тогтолцооноос илүү зохион байгуулалттай дээд тогтолцоо руу чиглэсэн урагшлах дэвшилтэт хөдөлгөөнийг хөгжил гэж нэрлэдэг. Мэдээж философийн зарим дэг сургууль үүнийг хүлээн зөвшөөрдөггүй ч энэ концепцийг ихэнх нь баримталдаг. 

 

Өнөө үед судлаачид эрдэмтэд хүний хөгжлийг үндсэн гурван бүлэгт хувааж үздэг:

 

1. Материаллаг хөгжил

 

Биеийн хөгжил (хүч чадал, тэвчээр, өсөлт г.м.)

Техник хөгжил (хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, мэдээлэл г.м.)

Санхүүгийн хөгжил (хувийн, гэр бүлийн, хамтлагийн, төрийн, нийгмийн г.м.)

 

2. Сэтгэл санааны хөгжил, (соёлын сэтгэлгээний, сэтгэл ханамжийн, өөрийгөө илэрхийлэхүйн г.м.)

3. Ёс суртахууны (ёс зүй г.м.)

Социал хөгжил (нийгэмд эзлэх байр суурь, зэрэг  дэв)

Энд сүүлийн гучин жилийн албан ёсны статистикийг харьцуулан тоо баримт ашиглан Монгол улсын хөгжлийн тоймыг харуулах гэсэн юм. Үүнд БНМАУ-ын Статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 1981, 1986, 1991 оны эмхтгэлүүд, Үндэсний статистикийн хорооны 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй баримт бичиг, Монгол банкны жил бүрийн тайлан, Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-2016 оны хоорон дахь жил бүрийн тайлан зэргийг ашигласан болой.

 

Хүний эрх, эрх чөлөө. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар нээлттэй болжээ. Одоо Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 оноос өмнө оршин тогтнох эрхийг нь төрөөс зөвшөөрсөн бие даасан нэг ч байгууллага байгаагүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хэвлэлийн тоо хэдийнээ 600 гаруй байгаа бол 1990 онд төрийн мэдлийн 10 орчим төвийн сонин сэтгүүлтэй байсан. Одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 40 орчим, монгол хэлээр нэвтэрдэг зурагтын суваг хэдэн зуу байгаагийн дотор сум болгон өөрийн гэх бие даасан телевизийн сувагтай болжээ. 

 

Амьдрах газраа иргэд өөрснөө сонгох болсноор 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар сая дөрвөн зуун мянгат болж, Дархан, Эрдэнэтэд тус бүрд нь 80-100 мянган хүн амьдарч байна. Үүнээс гадна Монгол улсын хүн амын 4 хувь нь гадаадад амьдарч байгаа. Монгол улсад тогтмол амьдран суугаа гадаадын иргэн ба харъяалалгүй иргэд нийт 15 мянга орчим байгаа нь нийт хүн амдаа 0,5 хувийг эзэлж байна. Монголд ирэх жуулчин 1990 онд жилд мянга хүрдэггүй байсан бол одоо хэдийнээ 50 мянга давжээ. Монгол улсын хилийн дээсийг жилд сая орчим монгол хүн нэвтэрч гадаад орнуудад аялж жуулчилж, худалдаа наймаа хийж, сурч боловсорч байна.

 

 

Шашин шүтлэгтэй хүний тоог 1990 оноос өмнө гаргадаггүй, ерөнхийдөө сүсэгтэн байхгүй гэж үздэг байсан бол 2005 онд гадны байгууллагаас тооцсон дүнгээр буддын шашинтан хүн амын 15 хувийг, христийнх 4 хувь, лалынх 2 хувь гэж гаргажээ. Улс төрийн нам МАХН-аас өөр байх нь хориглогддог байсан бол одоо бүртгэлтэй 37 нам байна.

 

 

Макро эдийн засаг. 1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол 1990-2014 оны хоорон дахь 24 жилд 20 дахин өсчээ. Үүнээс 1990-2004 онд хоёр дахин өссөн бол 2004-2014 оны хооронд 10 дахин өссөн байна. Төсөв, хөрөнгө оруулалтын 70 хувийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг байсан бол 1999 онд хандивлагч болон олон улсын санхүүнийн байгууллагын энэ талын дэмжлэг 40 хувь болсон ба 2005 оноос төсвийн бүрдлийг өөрснөө 100 хувь хангадаг болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42 хувь нь 1940 онд хувийн хэвшил эзэлж байсан бол 1960 онд огт үгүй болоод 2000 онд 80 хувь хүрчээ. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 оноос энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давах болжээ. Монгол улсыг 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч ОУВС-ын олон хөтөлбөрөөс хаслаа. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө бараг 5 мянган долларт дөхөж дэлхийн дундач төвшний эдийн засагтай оронд тооцогдох болов. 

 

Ажилгүйдэл огт байхгүй гэж үздэг, ажилгүй байхыг гэмт хэрэгт тооцдог байснаа больж, албадан хөдөлмөрийг хориглосноос хойш ажилгүйдлийн төвшин 5-7 хувийн хооронд хэлбэлзсээр буй, харин ажлын байр хэдэн зуун мянгаар эзэнгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сард 60-80 төгрөг авдаг байсан малчдыг эс тооцвол улсад ажиллагсдад 160 төгрөг байсан, харин одоо 300 мянган төгрөг байна. Худалдан авах чадварыг нь тооцвол багаар бодоход хоёр дахин илүү болжээ. Энгийн жишээ хэлэхэд 160 төгрөгөөр 20-25 кг мах авдаг байсан бол энэ тоо өдгөө огт буураагүй. Харин бусад барааг чанар, хүртээмжтэй нь харьцуулан коэфициентлахад хавьгүй илүү болохыг янз бүрээр батлаж болно. Малын тоо толгой 1943 онд 27 сая хүрч байсныг эс тооцвол 1990 он хүртэл хэзээ ч 25 сая хүрч байгаагүй бол 2014 онд төлийн тоогоо оруулаад 59,2 сая толгойд хүрсэн, одоо 70 саяд хүрч байна. Хэдийгээр малын тоо бараг гурав дахин нэмэгдсэн боловч ДНБ-д эзлэх хувь нь бараг гурав дахин буурсан. Хатуу хучилттай зам 90 онд 1184 км байсан бол одоо 7 мянган км болжээ. Нийт импорт найм дахин, экспорт долоо дахин өсчээ. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол одоо арилцааны банк 17 байна. Хэдийгээр хагас нь татвар төлдөггүй ч гэсэн өнөөдөр 100 мянга гаруй хувийн аж ахуйн нэгж оршин буй.

Эрүүл мэнд. Хүн амын тоо 1990 онд 2,2 сая байснаа 2020 оны үзүүлэлтээр 3,4 сая хүрчээ. Монгол хүний дундач наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо монгол эмэгтэйн дундач наслалт 76, эрэгтэйнх 68 болжээ. 1990 оны байдлаар ой хүртлэх нярайн эндэгдэл 128 промил байсан нь дэлхийд хэт өндөр үзүүлэлт учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 64 гэж мэдээлдэг байжээ. Одоо нялхсийн эндэгдэл 16 промил буюу тэр үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. Нас баралтын үзүүлэлт 10 мянган хүн тутамд 10,4 промил байсан бол одоо 5,6 промил болтлоо буурсан байна. Өнөөдөр Монголд жилд 16 мянган хүн нас барж бараг 80 мянган хүүхэд төрж байна. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 10 орчим сая доллар байсан бол 2011 оноос энэ тоо 500 сая долларт хүрчээ. ХДХВ-ын тархалт хүн амын 0,01 хувиас бага байвал аюулгүй гэж ДЭМБ-аас үздэг, харин Монголд тархалт нь 0,0007 хувь орчим аж. 

 

Боловсрол. Долоон дээд сургуультай, 16 мянган оюутантай байсан Монгол өнөөгийн байдлаар 100 орчим дээд сургуультай, гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200 мянга орчим оюутантай болжээ. Төсвөөс боловсролд өгч буй мөнгө 20 орчим хувь эзэлдэг хэвээр авч мөнгөн утгаараа доллароор тооцоход сүүлийн 25 жилд 10 дахин нэмэгджээ. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд нэгд орж байна. Дээд боловсролтой хүний тоо 1990 онд 100 мянга байсан бол одоо 400 мянга гаруй болжээ. Үүний 62 хувь нь эмэгтэйчүүд. Дунд сургуулийн 10 жилийн сургалтыг дэлхийн жишигт ойртуулан 12 жилийн сургалттай болголоо. Одоо нийт сумын бараг ихэнх нь 12 жилийн сургуультай болж байна. Сургуулийн насны боловч сургууль завсардсан хүүхдийн тоо нийт сурагчидтай харьцуулахад 0,8 хувь эзэлж байна. Улсын сургуулийн сурагчид үнэгүй үдийн хоол идэж, улсын цэцэрлэгт хүүхэд төлбөргүй явдаг болсон нь урьд хэзээ ч байгаагүй үзүүлэлт юм.

 

Орон сууц. Тухайн цаг уурын бүст амьдрах бололцоотой уламжлалт болон орчин үеийн сууцыг орон сууц гэж нэрлэдэг олон улсын жишигтэй. Монгол нь 2010 оны тооллогоор 713 мянган өрхийн 99 хувь нь орон сууцтай байсан энэ үзүүлэлтээр дэлхийд маш дээгүүрт орж байна. 322 мянга өрх гэрт, 382 мянган өрх байшинд амьдарч буйн дээр 8 мянган өрх зориулалтын бус сууцтай нь нийт өрхдөө нэг хувь эзэлж байна. Оюутан сурагчдын нийтийн байранд 1700 өрх буюу 0,2 хувь, ажилчдын нийтийн байранд 10 300 өрх буюу 1.5 хувь өрх амьдардаг аж. Ийм нарийвчилсан тоог 1990 оноос өмнө гаргаж байгаагүй. Цахилгаан эх үүсвэргүй өрх 3,3 хувь, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нь 15.6 хувь ба төвийн эрчим хүчээр хангагддаг өрх 76,6 хувь байна. Таваас доош хүнтэй өрх 82 хувь аж.

Хүнсний хэрэглээ. 1990 онд дундач монгол хүний өдрийн хүнсний хэрэглээ 2 000 ккалори хүрдэггүй байсан бол өдгөө 2 800 ккалори болж энэ үзүүлэлтээр Японыг давах болжээ. Махны хэрэглээ 1985 оны Хүнсний программаар нэг хүнд жилдээ 88 кг болгохын төлөө зорилт тавьж байсан бол өдгөө махны хэрэглээ бараг 150 кг болжээ. Үүнээс дотоодод үйлдвэрийн аргаар нядлан бүртгэгдсэн тураг махны хэмжээгээр тооцвол нэг хүний жилийн ноогдол 100 кг-д дөхөх ба энд хувиараа нядалж идшинд хэрэглэж буй мал мах тооцоонд ороогүй болно. Үүнээс гадна махан дайвар бүтээгдэхүүн, импортоор орж ирдэг гахай, загас, тахианы мах болон бусад махан бүтээгдэхүүн, консервыг нэмэхээр дэлхийд хамгийн их мах хэрэглэдэг орон болжээ. Хүнд ноогдох гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд худалдаалагдж буй 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин хүчил, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.

Ахуйн хэрэглээ. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатарт явж байгаа автомашины тоо өрхийн тооноосоо хэдийнээ давсан. Нэг саЯ гаруй автомашинтай нь 3 хүн тутмын дунд нэг машин гэсэн үг. Мөн гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоо 4 сая 300 мянга байна. Үүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчид хэт дийлэнх хувийг нь эзэлж буй. Гүйлгээнд хэрэглэгдэж байгаа банкны карт хэдийнээ хүн амын тооноосоо давсан. Нэг сая 600 мянга орчим компютер интэрнэтийн сүлжээнд холбогджээ. Бүх өрх телевизортой.

Монгол иргэд 2006 оноос хойш 7 тэрбум долларыг автомашинд, 2 тэрбум долларыг гар утсанд, нэг тэрбум долларыг цахилгаан хэрэгслэл, түүний дотор ихэвчлэн нимгэн дэлгэцтэй зурагтад зарцуулжээ. 

 

Орлого. Улсын орлогын дийлэнх хэсгийг 1990 оноос өмнө хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй бүрдүүлдэг байлаа. Одоо энэ үзүүлэлт 30 хувьд хүрэхгүй, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүний тоо 15 орчим хувь байна. Мал аж ахуй нь бараг тэр чигээрээ хамтралд харъяалагддаг нийгмийн гэх өмч байсан ба тэнд хөдөлмөрлөгчдийн өрхийн сарын цалин орлого 100 төгрөг хүрдэггүй байсныг өнөөгийн ханшаар долларт шилжүүлэх юм бол 3-5 доллар байлаа. Үүнд нэг долларыг тухайн үеийн захын ханшаар бодоход 20 орчим төгрөгтэй тэнцэж байснаар тооцов. Мэдээж энд хаалттай эдийн засаг дахь төгрөгийн худалдан авах чадварыг тооцсонгүй. Улсад ажиллаж буй хамгийн бага цалинтай иргэд болох цэвэрлэгч манаач сард 160 төгрөгийн орлоготой байсан нь тухайн үеийн 3 кг баавгайтай чихэртэй тэнцэж байв. Дундаж багш, эмчийн сарын цалин 40-50 кг махтай тэнцэж байлаа. Юутай ч энэ махаар тооцсон хэмжээ өдгөө өсөж “хөгжөөгүй” юм гэхэд буураагүй. Барааны олдоц, чанарыг ярих юм бол хоёр нийгмийн зөрөө хэмжихийн аргагүй ялгаатай. 

 

2004 оноос уул уурхай түүхий эдийн үнэ огцом өссөнөөс болж нийгмийн баялаг огцом нэмэгдсэн. Үүнээс болж нийгмийн халамж нэрээр 10 хүрэхгүй жилийн дотор нийт ард түмэндээ дөрвөн тэрбум орчим долларыг бэлнээр жигд тараажээ. Үүнд хүүхдийн, сар бүрийн, өндөр насны, хуримын, оюутны гэх мэтээр ялгаварлан гадуурхалгүйгээр бүгдэд хүртээмжтэй тарааснаас гадна янз бүрийн дэмжих сангийн хүрээнд ямааны, тариалангийн, сүүний, жижиг дунд үйлдвэрийн гэх мэт нэртэйгээр нийгмийн тодорхой хэсэг, анги бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд асар олон тэрбум төгрөг тараагдсан юм. Энд бэлэн мөнгө тараах бодлогыг сайн гэж байгаа юм биш, үүнийг дагаад асар их шамшигдуулал, хулгай авилга дэлгэрсэн авч ерөнхий дүнгээрээ нийт хүн ам, өрхийн орлогод чамгүй нэмэгдэл болсон билээ.

 

Ядуурлын төвшинг гаргая гэхээр янз бүрийн үзүүлэлттэй учир нэгэн утгаар тодорхойлоход хүндрэлтэй байна. 1990 оноос өмнө ийм судлагаа хэзээ ч хийж байгаагүй. Ядуу гэдгийг чухам аль төвшнөөс хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв өнөөдөр НҮБ-аас гаргасан шалгуураар нэг хүнд нэг өдөрт нэг доллар гэдгээр хэмжих юм бол ядуурал Монголд огт алга. Хэрэв Үндэсний статистикийн газраас авсан багцаар хэмжих юм бол ядуурал хорь гаруй хувьтай байна. Хэрэв Дэлхийн банкнаас хэдэн жил дараалан нэг цэгээс тогтмол хэмжсэн шалгуураар авч үзвэл ядуурал арав гаруй хувьтай байна. Үүнээс гадна ядуурлыг тогтоохдоо ямар нэгжээр хэмжихээс их хамаарна. ДНБ гэсэн америк доллароор тооцохоор нэг өөр, РРР буюу худалдан авах чадамжаар хэмжихээр шал өөр дүн гарна.

 

Нийгмийн сэхээтэнлэг гэх хэсэг дээрх олон статистикийг зөвшөөрөх боловч “Үүнээс хавьгүй дээгүүр байж болох байсан” гэж баталдаг. Энэ бол маш үнэн дүгнэлт. Ихэнх хүн үүнд төр засгийг буруутгадаг боловч энэ нь хагас үнэн юм. Чөлөөт ардчилсан тогтолцоотой Монгол оронд сүүлийн 30 жилд үргэлж чөлөөт сонгууль болж төрийн удирдлагыг ард түмний чөлөөт сонгуулиар буй болгосоор ирсэн. Монголын төрийн удирдлагын бүрэлдэхүүн бол Монголын ард түмний ойлгоц, сэтгэлгээний шууд тусгал, жижигрүүлсэн толь нь юм. 

 

Монгол улсын сүүлийн хорин жилд тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм юм. Ер нь дэлхийн хаана ч тийм байдаг. Популизм нь хөгжлийн хурдцыг сааруулдаг, асар их боломж бололцоог сүйтгэдэг, улмаар хөгжлийг зогсоох төдийгүй ухраадаг. Ийм жишээ орчин үеийн ертөнцөд дэндүү элбэг байна. Хөгжиж буй орнууд дийлэнхдээ Гадаадын хөрөнгө оруулалтаар босож өндийдөг. Учир нь нэг талаас ядуу орнуудад эргэлдүүлэх өөрсдийн капитал байдаггүй, нөгөө талаас гадаадын капитал тухайн орон дахь аль салбар ашиг олж ирэхийг гярхай хардагаас гадна хөгжиж буй оронд хамгийн их гачигдалтай байдаг мэнэжмэнт маркатэнгийг чухам тэд авчирдаг. Монгол орон XXI зууны эхээр гэнэт баяжиж эхэлснээ популизмаас болоод дороо хоолны хордлого болон Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух, энэ дэлхийд уул уурхайгаас өөр зарах юу ч үгүй байж эдийн засгаа солонгоруулна гэх мэтээр балайрсаар эдийн засгийн материаллаг хөгжил зогсох тийшээ хандлаа. Улс орон нь хувь хүн, өрхийн нэгэн адил эхний ээлжинд зах зээлд гаргаж болох боломжит бараа үйлчилгээндээ тулгуурлан капиталын хуримтлалтай болж түүгээрээ аяндаа бусад салбараа хөгжүүлдэг хүүхэд ч ойлгочихмоор энгийн үнэнийг манай нийгмийн олонхи ойшоодоггүй, ойлгосон байсан ч популизмд илүү автамхай учраас ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын үржүүлэгчийн нөлөө гэх мэтийн бага ангийн хүүхэд бодоод олчихмоор тоог сонсохыг ч хүсдэггүй.

 

Өнөөдөр Монгол оронд үзээд өгье ч гэсэн түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр дэлхийн зах зээлд зарагдах ядахнаа ганц бүтээгдэхүүн байхгүй. Ноолуур, аялал жуулчлал, сүүлний саван, жамц давс, гадаадад гаргах ажиллах хүч зэргийг ярьж хөөрөн баясаж болох ч энэ нь нэгэнт 13 тэрбум долларын хэмжээнд хүрсэн үндэсний орлогод эзлэх хувь нь бараг нүдэнд үл өртөнө. Монгол банк, Сангийн яамны тооцоолсноор өнөөдөр Монголын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа Оюутолгойн уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол одоо нэг доллар тавин цент байна. Энэ юу гэсэн утгатайг энд хуралдан суугаа эдийн засагчид эрх биш ойлгох бизээ. Зөвхөн энэ тоог харахад л Монголд маргааш ямар ч сайн засаглал гарч ирэн идэвхи зүтгэлтэй ажиллаад ч гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд дор хаяхад 10 жил шаардлагатай боллоо. 1990 оноос эхлэн 15 жилийн турш Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайд нар энд тэнд хэлсэн үгэндээ нийт 200 шахам удаа Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж гуйж аргадаж байсныг тоолсон байдаг. Ийм л их хичээл зүтгэл цаг хугацаа зарцуулж үнэмшүүлний эцэст дөнгөж 2004 оноос л доривтой Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хаалгаар цухуйх болсон юм. Харин популизмаар удирдлага хийх болсон өнөөгийн нөхцөлд Гадаадын хөрөнгө оруулалтыг дахин сэргээх гэж оролдох дараагийн арван жилд “хөгжихгүй байна, хөгжил зогслоо, уруудаж байна” гэсэн өмнөх хорин жилийн ёр зөгнөлөө бодит амьдрал дээр “хэрэгжүүлэх” болов уу. 

Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш. Гадаадын хөрөнгө оруулалтаар АНУ нэгдүгээрт, Хятад хоёрдугаарт орж буй нь тэдний ингэтлээ тэлэн томорч чадсаны нэг эх үүсвэр байх. Хятадыг ардчилсан тогтолцоотой гэж тооцдоггүй байх шүү.

 

2021.11.19

 

Баабар