Монголын төр хохирогчийн талд зогсож, хэвлэл мэдээллүүд гэмт хэрэгтнүүдийг өдөөх ёсгүй
2014/05/20
“Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний л хэрэг, тиймээс хүн л үүнийг таслан зогсоож чадна” гэж монгол улсын ерөнхийлөгч хэлсэн удаатай.
Хулгайн хэрэг үйлддэг хулгайчийн зорилго юу вэ? Мэдээж шунахайн сэдэлтэй буюу ашиг мөнгө харж хулгай хийдэг. Харин авлигач бол амар хялбар замаар хэн нэгнээс мөнгө авч албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига өгч буй хүн өөрийн үйл хэргийг хурдан саадгүй бүтээх үүднээс авлига өгдөг. Энэ мэт гэмт хэргүүд бүгд өөр өөрийн гэсэн зорилготой байдаг. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн зорилго юу вэ? Гэр бүлийн хүчирхийлэлд араа харсан зорилго гэж үгүй гагцхүү шалтгаан л гэж буй. Шалтгаан нь ухамсар дорой, зэрлэг балмад, архидал, хууралт, дарамт шахалт зэрэг хамаарна.
Сүүлийн хэдхэн жилд манай улсад гэр бүлийн хүчирхийлэлээс үүсэлтэй урьд өмнө нь үзэгдэж сонсогдож байгаагүй хэргүүд гарч сэтгэл сэртэсхийлгэх боллоо. Аль эсвэл урьд нь гардаг байсан ч ард иргэдэд ингэж түргэн хүрдэггүй байсан биз ээ. Харин одоо мэдээлэл харилцаа хурдацтай хөгжиж хүн бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан сүүлийн үеийн мэдээллээс хоцрохгүй хөл нийлүүлдэг болж. Гэвч энэ нь зөв үү? Нэг талаараа олон хүнд анхааруулага сэрэмжлүүлэг өгч буй эдгээр аймшигт хэргүүдийг хэт илэн далангүй, нарийн титалчилж бичиж хүргэж байгаа нь олон зэрлэг балмад хүмүүсийн айдас эргэлзээг шулуутган хурцалж хэрэг хийхэд нь шууд нөлөөлдөг байх сөрөг талтай.
Гэр бүлийг хүчирхийлэгч, хохироогч этгээд хэрэв эрүүлжүүлэхэд орсон байвал, эсвэл урьдчилан хорих төвд саатуулагдвал хуулиар 7-30 хоног баривчилна гэсэн байдаг. Тэнд байсан өдөр бүрийг мөнгөөр тооцож дахин мөнгө нэхдэг. Энэ мөнгийг хохироосон танхай этгээд биш, явж явж хохирсон хөөрхий тэр эмэгтэй л төлж таарч байгаа юм. Би энд нэг зүйл онцолж хэлье. Монгол Улсын төр хохирогчийн талд л зогсч байх ёстой. Хохирогчийн талд зогсдог хууль хэрэгтэй байгаа юм. Бид бүгдээрээ нэг дараалал ойлгох хэрэгтэй болж байна. Хохироогч танхай этгээд гарсан бүх төлбөрийг төлөх ёстой. Манай хуулинд үүнийг тэдэн өдрөөр албадан хөдөлмөр эрхлүүлнэ гэх зэргээр зааж өгсөн байдаг. Тэр хуулийн заалтыг илүү нарийвчилж, албадан хөдөлмөр эрхлүүлэхээс гадна танхай этгээдээр бүх төлбөрийг төлүүлэх хэрэгтэй байгаа юм.
Төлбөрөө хийгээд албадан хөдөлмөр эрхэлж байхдаа танхай этгээд, хүчирхийлэгч тодорхой сургалтад заавал суусан байх ёстой. Гэр бүлдээ, нийгэмд ямар гай тарьснаа тэр хүн бүрэн ойлгож, ухамсарласан байх ёстой. Түүнийгээ баталгаа болгож гаргаж өгсний дараа шүүхтэй, дараа нь хууль хяналтыг байгууллагатай гэрээ байгуулдаг, баталгаа гаргаж өгдөг, "Дахиад би ийм үйлдэл хийхгүй, ийм үйлдлээ ухамсарлалаа, ойлголоо" гэж баталгаа гаргаж өгдөг байх ёстой. Тэр этгээдэд ямар ч гэсэн нэг зүйл ойлгуулсан байх ёстой. Цаашаа дахиад нэг алхах юм бол, буруу үйлдлээ дахин давтах юм бол дараагийн шатанд юу хүлээж байгааг тэр этгээд мэдэрсэн байх ёстой. Ийм зохицуулалтаар асуудлыг өргөн харах цаг болсон. Амьдрал баян учраас асуудалд иж бүрэн зохицуулалт хэрэгтэй болж байгаа юм. Түүнээс биш хуулийн ганц хоёр заалтуудаар асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.
Хохирогчид хуулийн зарим оновчгүй шаардлага дараа болдог. Гэрийн дарамтаас зугтаж яваа хохирогч эргээд төрийн дарамтад орж байгаа юм. Хохирогчоос нотлох баримт, шүүх эмнэлгийн дүгнэлт, шарх сорви шаарддаг. Түүнийг гаргаж өгч чадахгүй болохоор "Чамаас болсон байна" гэх мэтээр хохирогчийг өөрийг нь буруутгадаг. Тэгээд эвлэр гэж хэлээд дахиад хүчирхийлэгчтэй хэдэн сар хамт амьдрахыг шаарддаг. Хүчирхийлэгчээ чи олоод ир гэдэг. Хууль зөрчөөд оргож босоод алга болчихсон хүчирхийлэгчийг "Чи олж ир" гээд, нөгөө арга ядсан хохирогчийг хууль хяналтын байгууллага араас нь явуулж байгаа юм. Энэ чинь доромжлол шүү дээ. Тэр эмэгтэй, тэр хохирогчид газар хатуу, тэнгэр хол явахад түүнд туслах биш харин нэмээд бүр хүндрэл учруулдаг. "Та нар дотроо зохицчих. Гэр бүлийн хэрүүл байна" гээд явуулдаг. Дотроо зохицож чадахгүй болоод л оргож босч яваа хүн шүү дээ, хохирогч гэдэг бол. Ийм учраас бид амьдралд ойрхон байдлаар хуулийн зохицуулалтыг өргөн утгаар хийхгүй бол болохгүй байна. Төрөөс шийдвэр гардаг. Ямар шийдвэр гардаг вэ гэхээр шууд цавчиж байгаа юм шиг шийдвэр гардаг. Уг нь нөхөртэйгээ гэр бүл эвлэрээд явмаар байдаг. Тийм боломж гараасай гэж бодож байтал шууд нөхрөөс нь салгадаг. Чи хүүхдээ тэжээж чадахгүй юм байна гээд хүүхдээс нь салгадаг. Орон байр, эд хөрөнгөнөөс нь салгаж хаядаг. Хохирогч нэмээд нэр төрөөрөө хохирдог, байх суух газаргүй болдог. Ойр орчинд байгаа ах дүү, нөхрийн талын гэр бүлийн бүх хүн хохирогчийг үзэн яддаг. Ингээд ганцаараа үнсэнд хаягдсан шалз гэдэг шиг аюулд ордог.Хохирогч эмэгтэй ийм аюулд орно гэдгийг бид харах хэрэгтэй.
Үнэхээр тусламж дэмжлэг хэрэгтэй хүнд л тэр дэмжлэгийг үзүүлж чаддаг төртэй, хуультай нийгмийг хүнлэг нийгэм гэж байгаа юм. Түүнээс биш шийдсэн дүр эсгээд байдгийг хүнлэг нийгэм гэж нэрлэхгүй. Иймэрхүү байдлын зохицуулалт өнөөдөр үнэхээр манай хуулинд үгүйлэгдэж байна. Дээрээс нь бүдүүлэг асуулт хохирогчоос байнга асуудаг. Нэг зүйлийг хориглох хэрэгтэй. "Яагаад" гэдэг аймшигтай асуулт. "Яагаад чи зодуулсан юм" гэж асуудаг. "Яагаад чи хүчиндүүлсэн юм" гэж асуудаг. Ийм асуултыг зарим улс оронд хууль, хяналтын байгууллагынханд хандаж байгаа хүмүүст тавихыг хориглосон байдаг. Хохирогчтой харилцах харилцаан дээр хүртэл үнэхээр анхаарахгүй бол болохгүй.
Гажуудал 3. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулинд эрх хязгаарлах гэсэн дэвшилттэй зохицуулалт бий. Гэвч үүнийг мэддэг хохирогч, яаж хэрэглэхийг сайн ойлгосон шүүгч, хууль хяналтын байгууллагын ажилтан харамсалтай нь өнөөдөр цөөхөн байна. Тооцож үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн бараг 40 гаруй тохиолдолд эрх хязгаарлах шийдвэр ганц удаа л гарчээ. Гэр бүлийн хүчирхийлэл 2000 гаруй гарч байна гэхэд 50 удаа л эрх хязгаарлахтай холбогдсон шийдвэр гарсан байгаа юм. Гэтэл эрх хязгаарлахтай холбогдсон шийдвэр нь иж бүрэн биш. Эрх хязгаарлах шийдвэрийг хэн хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэн түүнд хяналт тавих юм, ямар тохиолдолд түүнийг сунгах юм бэ, ямар тохиолдолд зогсоох юм бэ. Эсвэл өөр шийтгэлээр хэдийд солих ёстой юм бэ гэдэг зохицуулалт ерөөсөө байхгүй. Энэ бол бүхэл бүтэн зохицуулалт хэрэгтэй асуудал. Эрх хязгаарлах шийдвэрийг ганц удаа 24 цагийн дотор шүүгч гаргаж болно гэдэг. Энэ байдлаас болж нөгөө эрхээ хязгаарлуулсан этгээд олны нүдэн дээр хохирогч болох нь холгүй, бараг гавъяа байгуулсан юм шиг дотроо улам хорсож гэртээ эргэж ирдэг. "Энэ намайг хохироосон, миний эрхийг хязгаарлуулсан" гэж бодож ирдэг. Та бүхэн бод доо. Үүнийг гажуудал гэхгүй юм бол юуг гажуудал гэх юм бэ. Эрх хязгаарлах шийдвэр иж бүрэн байж гэмээнэ үр дүнгээ өгдөг. Энэ асуудлыг орчин цагт олон янзаар шийдэж байна. Тодорхой мэдрэгчтэй тусгай бугуйвч хэрэглэж байна. Манайд энэ тухай ойлголтыг маш хурдан оруулж ирэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй айлын нөхөр нь байлаа гэхэд бугуйвч зүүлгэчихдэг, эхнэрт нь бас нэг бугуйвч зүүлгэчихдэг. Ойртохоороо тэд чинь бие биенийхээ эрхэнд халддаг учраас бугуйвчинд нь программ суулгаад компьютерт оруулчихдаг. Бие бмедээ 100 м ойртох юм бол тэр бугуйвч шууд дуугардаг. Тэгэхэд нь тэр этгээдийг барьж аваад шууд шоронд хорьж байх жишээтэй.
"Чи эхнэртээ 100 метр ойртож болохгүй, чи хүүхэддээ 100 метр ойртож болохгүй, чи аюул учруулах гэж байна" гэдэг. Маш тодорхой хугацаа зааж өгдөг. Тодорхой хугацаанд тэр этгээд засарсан уу, үгүй юу гэдгийг харж байж дараачийн арга хэмжээг авдаг. Манайд ийм зохицуулалт ерөөсөө байхгүй. Техник, технологи, боломжийг бид нар оруулж ирэх шаардлагатай байна. Ийм цогц үйлчилгээ байдаг юм байна. Хохироосон этгээд өөрөө уучлал гуйж ирдэг, өөрөө ойлгодог, өөрөө эргэж эвлэрдэг, өөрөө дамжуулан зуучилдаг хүмүүсээр дамжуулж эхнэртэйгээ, хүмүүстэйгээ хуулийн дагуу гэрээ байгуулдаг. Тэрнийгээ биелүүлж чадахгүй бол дараачийн арга хэмжээнд ордог. Хэрвээ чи дахиад эхнэр рүүгээ гар далайх юм бол, дахиад охинтойгоо бүдүүлэг харьцвал чиний дараачийн шийтгэл энэ байна гэдгийг маш сайн ойлгуулдаг. Ихэнх оронд энэ бугуйвчийг зөвхөн эрх хязгаарлах биш, зарим гэмт хэрэг дээр нэмэлт ял, шийтгэл болгож ашиглаж байгаа. Ийм онцгой зүйлийг манай хууль хяналтынхан анхаарах ёстой гэж бодож байна.
Хүчирхийлэл үйлдсэн этгээд шоронд суулаа, тодорхой хэмжээнд хугацаа, ялаа эдлээд гараад ирлээ гэхэд бага насны охидыг хүчирхийлдэг этгээдэд үргэлжлүүлэн заавал хэрэглэдэг. Ялаа эдлээд гарахад нь бугуйвчтай гаргадаг. Түүнийг компьютераар хянаж байдаг. Бага насны охидыг хүчирхийлнэ гэдэг нь хүний ааш авир биш, араатны ааш авир. Тийм учраас тэр араатан хаана явж байгааг хүн бүхэн мэдэж байдаг. Нэг хүн хүчирхийллийн хэрэгт ороод шоронд суугаад гараад гараад ирэхэд "Өө, манай суманд тэр ирж гэнэ" гээд сум даяараа түүнийг мэдэж байх ёстой. Нэр төрөө хүндэтгэдэг, хүн бүхэн бие биеэ мэддэг нийгэм шүү дээ. Хэрвээ тэр бугуйвч зүүдэг аргыг хэрэглэх юм бол энэ нь эргээд асар том жигшил зэвүүцэл, хөдөлгөөн болж хувирна. Асар том хүмүүжлийг, эерэг нөлөөг авчирна. Сумаараа нэг ирдэг, аймгаараа нэг ирдэг. Дараа нь тэр этгээд Улаанбаатар руу нислээ гэхэд хотод нисч явааг нь, аль хороонд очсоныг нь мэдэж байдаг. Эмчийн дүгнэлтээр биологийн чадавх нь дуустал нь тэр бугуйвчийг гараас нь салгадаггүй. Энэ бугуйвч зүүх ялыг хаана хэрэглэдэг юм бэ гэхээр насанд хүрээгүй охидыг хүчирхийлдэг хүмүүс дээр онцгойлон хэрэглэдэг хандлага олон улсад байдаг.
Ийм учраас энэ асуудлыг бид хуулийнх нь дагуу шийдэх хэрэгтэй. Их Хуралд сууж байгаа эмэгтэй гишүүдийн анхаарлыг үүнд онцгой хандуулъя гэж бодож байна. Нэг үеэ бодоход олон эмэгтэй гишүүн Их Хуралд орж ирсэн. Гэмт хэргийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг дахин шинээр боловсруулсан. Түүхдийн эрхтэй холбоотой, хүний эрхтэй холбоотой хуулиудад асуудлыг иж бүрэн суулгаж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал монгол үндэстэн энэ муухай юмнаасаа салж болно.
А.Алтанзул
Зочин · 2014/05/21
Detalichlah gedeg ugiin bichiltiig haraad ts**** unshihaas gutchihlaa.Uls Mongolyg mini hen ***juulne dee ee...
Зочин · 2014/05/21
unen dampuu huuliin togtoltsootoi
Зочин · 2014/05/21
buruu l bichtsen bna sh de yahav.gehdee aguulga iluu c***al shuu de super hun guai
Зочин · 2014/05/21
титалчлах гэж яг яахыг хэлээд байна???