Улаанбаатар хот болон орон нутагт энэ сарын 9-ний өдөр гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хоёрдугаар багт иргэн "Б"-ын эзэмшлийн дөрвөн ханатай гэр эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг гуравдугаар сарын 9-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Н-ийн эзэмшлийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна. Очиход 12х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний галлагааны 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд авто засварын газарт гал гарсан тухай дуудлагыг 16:35 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-ын эзэмшлийн 684 м.кв талбай бүхий гурван давхар барилга, авто засварын газрын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан байна.

Харин Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:56 цагт хүлээн авч, Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчид ажиллажээ. Очиход иргэн Г-ын эзэмшлийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.