ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа хийсэн бол дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд нь өөр газар Онц их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг намаас хөөж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгосон. Талуудын байр суурийг хүргэе.

ИЗНН-ын даргаар сонгогдсон, УИХ-ын гишүүн Р.Батболд: Манай нам татан буугдах хэмжээнд хүрсэн

-Манай нам дөрвөн удаа дүрмээ бүртгүүлэх гэж хандсан ч Дээд шүүх бүртгэж авсангүй. Энэ хариуцлагыг ч бас ярих ёстой. Одоо дээд шүүхээс нэг л удаагийн боломж олгосон. Үүгээр нам дүрмээ бүртгүүлж чадахгүй бол улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй, татан буугдах хэмжээнд хүрсэн. Тиймээс анхан шатны байгууллагуудын шаардлагаар нийт гишүүдийн онц Их хурал зарлаж хуралдуулсан. Манай нам дүрэмгүй болчихоод байгаа. Хуучин дүрмээрээ явахаар Улс төрийн намын тухай хууль зөрчих болно. Дээд шүүхийн 2025 оны тавдугаар сарын тогтоолоор намын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээс татгалсан байгаа. Тамга шинээр хийлгэхгүй. Дээд шүүхийн шийдвэрээ л харна.

ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар:  Намын дүрэм журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа

-Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын гишүүд зохион байгуулж, намын Онц их хурал гэдэг зүйл хийсэн гэх мэдээллийг хэвлэлээр авсан. Дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа зарлахад нь манай намын дэд дарга, дүүргийн дарга нар очиж, зогсоох шаардлагатай, энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж ийм онц хурал хийх нь буруу гэдгийг хэлэхээр танхим руу орох болоход хамгаалалтын алба гаргаж,  боломж олгоогүй. Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын дүрэмд онц их хурал зарлах процесс гэж бий. Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлыг зарлана. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг. Үндэсний хороо намын Их хурлыг хуралдуулдаг. Гэтэл өмнөх өдөр нь зарлаад намын Их хурлыг хийлээ.  Онц Их хурлаар намын даргыг хөөлөө гэж ярьж байгаа этгээдүүдэд хандаж хэлэхэд зөвхөн ИЗНН биш аль ч улс төрийн хүчин намын гишүүнээс хасах асуудлыг тухайн намын дүрмийн хороо, Хяналтын хороо нь шийдвэрлэдэг. Манай намын гишүүнчлэлээс хасах асуудлыг Дүрмийн хороо шийддэг. ИЗНН Дээд шүүхээс дүрэм бүртгэхгүй гэсэн бичгийг гуравдугаар сарын 2-нд гардаж авсан. Гардаж авснаас хойш 60 хоногийн дотор бүртгэхээс татгалзсан гурван үндэслэлийг засаж, Дээд шүүхэд бүртгүүлнэ. Тэгэхээр ИЗНН-ын дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. ИЗНН-ын нэрээр парламентын гишүүн болсон хүн намын үзэл баримтлалыг дагах ёстой. УИХ-ын гишүүн Р.Батболд ИЗНН-ын үйл ажиллагаа, санхүүжилтэд нэмэр болоогүй нөхөр. УИХ-ын гишүүнээр ажиллах энэ хугацаанд тодорхой хууль ч санаачлаагүй.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7787)