Автозамын засвартай холбогдуулан зарим хөшөө, баримлуудыг нүүлгэн шилжүүлнэ
2014/05/20
Жуулчны гудамжийн автозамыг өргөтгөн шинэчлэх ажилтай холбогдуулан тус гудамжинд байрлах унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Ингэхдээ Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн байна. Үлдсэн 8 баримлуудыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах аж.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Энэ ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарчээ. Ж.Лхагвасүрэн жанжины хүүтэй нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал уулзан саналыг нь сонсоход баруун тийш шилжүүлэн өндөрсгөхийг зөвшөөрчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн, суурийг бага зэрэг өндөрлөж байрлуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Хотын төв дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэнэ. Тиймээс Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.