МУИС-ийн оюутнууд Л.Гантөмөр сайдтай уулзаж жагсаалаа зогсоолоо
2014/05/20
МУИС-ийн оюутнууд өнөөдөр жагсаал хийлээ. "Сургалиын төлбөрийг нээлттэй болго" гэх уриалга барьсан 100 гаруй оюутнууд МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байраас Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд очиж, МУИС-д шаардлага хүргүүлэх оюутны хөдөлгөөний төлөөллөөс бүрдсэн оюутнууд тайван жагсаал зохион байгууллаа.
Тус жагсаалд оролцогчдын төлөөлөлийн байр суурийг сонсоход "энэ жил төгсөх курсын оюутнууд сургалтын кредитийн шинэ тогтолцооноос болж өмнөх жил төлсөн төлбөрөөсөө гадна нэмж дор хаяж нэг оюутан 200,000-400,000 төгрөг нэмж өгөх болоод байна. Энэ нь оюутан бидний дургүйцлийг хүргэж төгсөж чадахгүйд хүргээд байна. Мөн МУИС-ийн оюутандаа үзүүлдэг үйлчилгээ, сэтгэл ханамж, огт хангалтгүй байдагтай холбоотой” гэсэн юм.
Оюутнууд Боловсрол шинжлэх ухааны яамны сайдтай уулзсан байна. "Бид зөвшилцөлд хүрлээ. Л.Гантөмөр сайд МУИС-ийн оюутнуудын шаардлагыг хүлээн авч дараа долоо хоногийн даваа гаригт сайд болон МУИС-ийн ерөнхий захирал А.Галтбаяр, оюутнуудын төлөөллөөс оролцсон гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр болсон” гэж оюутан Г.Чойжамц хэллээ. Сайдтай уулзсаныхаа дараа тэд жагсаалаа зогсоосон юм.