Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар өчигдөр Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Гаалийн тухай хууль нь 2008 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогд­сон харилцааг зохицуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Агаарын цэргийн зэвсэг­лэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэм­жих ажиллагаанд Зэвсэгт хүч­ний оролцоог нэмэгдүүлэх бодло­гын хүрээнд гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэл­цээрийн дагуу буцалтгүй тус­лам­жаар нийлүүлэгдэж буй зэв­сэг­лэл, цэргийн техник, мате­риал хэрэгслийг хүлээн авч байна. Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой зөвшөөрлийг авах ажилд олон хоног зарцуулж байгаагаас буцалтгүй тусламжийн бараа, материалыг тээвэрлэн ирсэн техник (вагон, онгоц, автомашин) гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэнд зогсох, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, цаашилбал өөр хоорондоо уялдаа холбоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг байна.

Үүнээс шалтгаалан Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын болон дотоодын сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад шаардлагатай зэвсэг, техник, сум, галт хэрэглэл, ар талын материал хэрэгслийн хан­галт, зохион байгуулалтын ажил тасалдах, буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нууцын хадга­лалт, хамгаалалтын эрх зүйн эохицуулалтгүйгээс хилээр орж ирсэн бараа, материалын мэдээлэл гаалийн мэдээллийн системд ил­тээр хадгалагдаж үлдэх зэргээр хууль тогтоомж зөрчигдөх асуудал гарч байна гэж хууль санаачлагчид үзжээ.Иймд Гаалийн тухай хуу­лийн зохицуулалтад батлан хамгаа­лах чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээ­гээр нийлүүлэгдсэн барааг түргэвчил­сэн бүрдүүлэлтээр гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах хэрэгцээ, шаардлага байна гэж УИХ-ын  гишүүн Н.Энхболд танилцуулав. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, бусад хэрэгслийг үе шаттай шинэчлэх, нөөц бүрдүүлэх уян хатан тогтолцоог бий болгох, худалдан авахад зориулсан төс­вийн хөрөнгийг үр дүнтэй захиран зарцуулах арга хэмжээний хүрээнд импортоор оруулж байгаа цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад материал хэрэгслийг гаалийн тариф, гаалийн татвар болон холбогдох бусад татвараас чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хуулиар бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаа.