"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ
2022/01/25
Өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй
Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна.
Энэ жилийн хувьд ч ялгаагүй өвчлөл их байгаа учир УОК-оос гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Цар тахлын үндэс мөчир болсон олон вирус дэлхийг бүчиж буй энэ үед манай улсад омикрон вирус эрчимтэй тархаж буй. Одоогоор нийт өвдсөн иргэдийн 80 хувь нь энэ төрлийн вирусээр өвдсөн тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн өвдсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар омикрон вирусийн оргил үе нь хоёрдугаар сарын эхээр гэх. Тиймээс сурагчдын амралтыг сунгах талаар ярилцаж байна. Омикрон вирус энэ хэвээр тархалт өндөртэй халдварлавал өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад анхаарч байна” гэсэн юм.
“Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй”
УОК-оос уриалга гаргаж, өвчлөл дээд цэгтээ хүрч буй энэ үед хаа сайгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байгаа нь хачирхалтай. 18 аймгийн малчид цагаан идээгээ борлуулахаар зүг зүгээс иржээ. Одоогийн байдлаар “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Барилгачдын талбай”, “Сутай” захад үзэсгэлэн худалдаа дэлгэсэн байна. Хэдийгээр жил бүр “Цагаан сар экспо”-г зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд хоёр ч онцлогтой болж байна. Нэгдүгээрт, худалдан авагч багатай. Хоёрдугаарт, цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Бидний техникийн зах гэдгээр нь сайн мэдэх “Сутай зах”-ыг зорилоо. Амралтын өдөр таарсан ч хүний хөл хөдөлгөөн тун бага байна. Энд Архангай, Завхан, Булган аймгийн идээний дээжээс дэлгэжээ. Ихэвчлэн таваг засах ааруул, үхрийн өвчүү, ул боов, шар тос, цагаан тос, нэрмэл архи, сарлагийн өрөм тэргүүтнийг худалдаалж байв. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авалт бага байна гэж Архангай аймгийн Жаргалант сумаас ирсэн малчин онцолж байсан юм. Тэрбээр “Би жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирдэг. Өөрийн гараар хийсэн цагаан идээний дээжээс авчирдаг юм. Энэ жилийн хувьд манай сумаас хоёр өрх энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Жил бүр хангалттай их хүн ирдэг байсан ч энэ жилийн хувьд хүн багатай байна. Би 10 гаруй хоног энд зогслоо. Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй” гэсэн юм.
Тавгийн идээ 150-250 мянган төгрөгийн сонголттой байна
Энэ жил цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Малчдын хувьд үүнийг шатахууны үнэ нэмэгдсэн учир ачааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хоёр жилийн өмнө 18 мянган төгрөг байсан хорхой ааруул сарлагийн өрөм энэ жил 25 мянган төгрөг болсон байна. Жил өнгөрөх тусам иргэд хэвийн боовноос татгалзаж, сар шинийн идээгээ ааруулаар засах хүсэлтэй болсон байна. Тиймээс тавгийн идээ эрэлттэй байгаа тухай худалдагчид онцолж байв. Харин үнийн хувьд үеэсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Гурван үе идээ 150 мянга бол таван үе ааруул 230 мянган төгрөгөөс дээш байсан юм. Үүнээс гадна тавгийн идээгээ ул боовоор засах сонирхолтой иргэд гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг сонгож байв. Энэ нь илүү тослог, зөөлөн байдаг тухай хэрэглэгчид ярьж байсан юм. Тус хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгийн үнэтэй ажээ. Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ борлуулж буй Завхан аймгийн малчин Д.Доржханд “Би үзэсгэлэнд нэгдээд дөрөв хонож байна. Энэ удаад тавгийн идээ, монгол архи, айраг голчлон авчирлаа. Нэрмэл архи литр нь 8000 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жилүүдэд литр нь 5000 төгрөг байсан юм” гэсэн юм. Үүнээс ажиглахад барааны үнэ даруй ширхэг, литр бүртээ 3000-10000 төгрөгөөр өссөн байна. "Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнийн хөөрөгдөл Цар тахалтай тэмцэж буй энэ үед иргэдийн амьдралд ачаа болж байгаа нь лавтай. Мөн цагаан сар тэмдэглэхийг албан бусаар хориглоод байгаа энэ үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж, тэртээ 1000 гаруй километрийн цаанаас цагаан идээгээ авчирсан малчид маань “шатах вий” гэсэн бодол төрснийг нуух юун.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин