Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг Люксембургийн оффшор компанийг нэг настай хүүхэд эзэмшиж байгааг мэдээлжээ
2022/02/09
Өчигдөр OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийн вэб сайтад дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын насанд хүрээгүй эзэмшигчдийн талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулжээ.
Люксембургийн засгийн газар 2019 онд өөрийн улсад бүртгэлтэй оффшор компаниудын эцсийн эзэмшигчдийг зарлахаар болсон юм.
Ингэхдээ компани эзэмшигчдийн мэдээллийг буруугаар ашиглагдахаас сэргийлэх зорилгоор зарлахаас өмнө бүртгэлээ өөрчлүүлэх гурван жилийн хугацаа өгч байжээ.
Ийнхүү гурван жилийн хугацаа өнгөрсөн тул оффшор компаниудын эзэмшлийн мэдээллийг ил болгосон байна.
OCCRP төслийнхөн уг мэдээллийн санг судлаад сонирхолтой үр дүнд хүрснээ өчигдөр танилцуулсан юм.
Тухайлбал 2020 оны байдлаар Люксембург улсад бүртгэлтэй компанийг бүрэн эзэмшдэг, эсвэл томоохон хувийг нь эзэмшдэг нийт 291 хүүхэд байгааг тогтоожээ.
Сонирхолтой нь Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байсныг дурдсан байна. Төслийнхөн монгол хүүхдийн талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эдгээр хүүхдүүдийн эцэг эх нь хэн нэг олигархи, гэмт хэрэгтэн, эсвэл нөлөө бүхий улс төрчтэй холбоотой хүмүүс байх магадлалтайг тайланд бичжээ.
Зарим эзэмшигч хүүхдүүд компаниа байгуулагдахад төрөөгүй байсан буюу насаар компаниасаа ч залуу байгааг онцолсон байна.
Люксембург улсын хуулиар компани эзэмшигч нь насанд хүрээгүй хүн байх боломжтой байдаг гэнэ. Энэ нь жинхэнэ эздийг хүүхдийнхээ нэрийн ард нуугдах боломж олгосон байх гэж судлаачид дүгнэжээ.
Тайланд Азербайжаны 11 настай хүү засгийн газрынхаа Туркменистан, Хятад улсуудтай байгуулсан гэрээнээс ашиг хүртдэг тухай, Оросын өсвөр насны охин Канад болон АНУ-ын тэтгэврийн санд олон тэрбумын хөрөнгө эзэмшдэг тухай жишээнүүдийг дурдсан байна.
Бид уг тайланд дурдагдсан монгол эзэмшигчтэй компанийн талаар мэдээлэл олж авахаар ажиллаж байна.
Эх сурвалж: OCCRP.org