Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой замын хөдөлгөөний дүрэм болон түгжрэлийн асуудлаар ярилцлаа.


-САППОРОГИЙН УУЛЗВАР ТОЙРОГ ЗАМТАЙ БАЙХАД ХЭЗЭЭ Ч ДӨРВӨН ТАЛААСАА ГАЦАЖ БАЙГААГҮЙ-


-Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье. Баяр наадмын үе шиг л замууд таг гацаж байна. Уулзвар, гэрэл дохио бүрт цагдаа нар зогсож харагдах юм. Ачаалал яг яаж нэмэгдэв?

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаал 2022 оны хоёрдугаар сарын 9-нөөс гарч, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар хичээллүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой авто замын түгжрэл, саатал нэлээд үүсч байна. Сургууль, цэцэрлэг амарч байх үед өдөрт дунджаар 250-350 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан. Харин одоо бол замын хөдөлгөөн 10-20 хувиар нэмэгдээд байна. Ялангуяа Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүр, та бидний ярьж заншсанаар Наадамчдын гудамж буюу Яармагийн замд хөдөлгөөний ачаалал их үүсч байна.

-Тээврийн цагдаагийн байгууллага замын түгжрэлийн шалтгааныг юу гэж харж, дүгнэдэг юм бол?

-Замын түгжрэл үүсч байгаа хэд хэдэн гол шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсад жолоочийн бүртгэлтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй 1.4 сая хүн байна. Тээврийн хэрэгсэл нь ч 1.4 сая байна. Энэ нь насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь жолооч, нэг нь автомашинтай гэсэн үг.

Манай улс 2020, 2021 онд ковидын нөхцөл байдалтай байлаа. Үүнээс улбаалж гадаадад байсан Монгол Улсын иргэд эх орон руугаа зорчин ирэх хөдөлгөөн нэмэгдсэн. Автомашин худалдаалдаг томоохон зах, худалдааны төв, жишээ нь, Да хүрээ зэрэг захын автомашины борлуулалт дууссан байдалтай байна. Авто тээврийн бүртгэл хяналтын төв дээр ирж байгаа мэдээллээр бол жилд 80.000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж байна. Энэ нь замын ачааллыг зохиомлоор үүсгэж байгаа нэг үндэслэл.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанд хоногт дунджаар 300-400 дуудлага мэдээлэл ирдгээс яг зам тээврийн осолтой холбоотой нь 200-300 орчим байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 200-300 цэгт зам тээврийн осол гарч байна гэсэн агуулга. Түгжрэлийн бас нэг шалтгаан энэ.

-Осол гарсан тохиолдолд шуурхай баримтжуулаад замаа чөлөөлөх байдал манайд муу юм шиг харагддаг. Үүнээс л болж түгжрэл үүсээд байдаг байх нь?

-Эхлээд хэлэхэд зам тээрийн ослын шалтгаан жолооч нар үл ойлголцол, соёлын байдлаас болж осол аваар гардаг. Бие биедээ зам тавьж өгөөгүйгээс мөргөлддөг, шүргэлцдэг. Ийм байдлуудыг арилгачихвал замын хөдөлгөөний ачаалал саарах боломжтой. Жишээ нь, олон улсад хэрэгждэг “Та-би-та” зарчим байдаг. Гэтэл манайд “Та-би-та” биш “Би” гэдэг хувийн аминчхан байдлаас болж зам тээврийн ослын дийлэнх нь гардаг.

Өдөрт 200-300 цэгт осол гардаг гэж хэллээ. Манай эргүүлийн байцаагчид гурван бүсэд хуваагдаад хөдөлгөөнийхөө эргүүлийг хийж явдаг. Хэрэв нэг бүс дээр тав зургаан осол гарах юм бол байцаагч дуудлагынхаа дарааллаар явдаг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл ойролцоо бүсийн эргүүл дуудлагагүй бол түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс хамтарч ажилладаг. Даатгалын байгууллага мөн адилхан, ингэж бүсчилж явдаг.

Гол нь иргэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй байдлаасаа болж заавал цагдаа ирж хэмжилт хийнэ, эсвэл даатгал ирэхийг хүлээдэг. Энэ талаар замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заачихсан. Хэрэв та зам тээврийн осол гаргаад хөдөлгөөнд саад учруулж байгаа бол 102 дугаарын утсанд дуудлага өгнө. Мөн даатгал руу холбогдоно, хэрэв хүн гэмтсэн бол 103-т дуудлага өгөх ёстой. Шаардлагатай тохиолдолд хэргийн газрын зургийг дөрвөн талаас нь авах, дөрвөн дугуйн дээрээ ямар нэгэн зүйлээр тэмдэглэгээ хийгээд уулзварыг чөлөөлж, бусад хөдөлгөөнд оролцогчдод давуу байдлыг олгох ёстой. Гэтэл дүрмийн мэдлэггүйгээс болж ослын газар дээрээ зогсоод л байдаг. Хөдөлчихвөл миний буруу болчих байх гээд. Нэгэнт фото зураг, тэмдэглэгээтэй байхад цагдаагийн албан хаагч хэмжилтээ хийгээд л явна. Ямар ч ялгаагүй.

-Жолооч нар замын хөдөлгөөний соёлгүйгээс болж осол гарах шалтгаан болж байна гэлээ. Дүрмийн мэдлэггүй хүмүүс ч хөдөлгөөнд оролцож явдаг шүү дээ?

-Жолооч нарын осол гаргаад байгаа явдалд цагдаагийн байгууллага анализ хийгээд үзэхээр нийт 1.4 сая жолооч нарын 50-60 хувь нь 18-30 насны ид хөдөлмөрийн насны залуус байна. Нэг ёсондоо туршлага бага жолооч нар гэсэн үг. Үүнээс харахаар сургалтын систем манайд олон улсаас хоцрогдож байна гэж үзэж байгаа. Жишээ нь, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй Азийн орнуудад замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцлагыг өндөржүүлсэн. Манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад 400.000 төгрөгөөр торгож, нэг жил жолоо барих эрхийг хасдаг. Давтан баригдах юм бол 7-30 хоног баривчилдаг.

Харин Солонгост согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдвал бүх насаар нь жолоодох эрхийг хасах арга хэмжээг авч эхлээд байна. Торгууль нь гэхэд 10 сая хүртэл вон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод хүний амь нас хохирсон, гэмтсэн бол тус улс бүх насаар нь хорих хүртэл ялыг 2020 оны шинэчилсэн хуулиараа оруулаад өгчихсөн.

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авахдаа тэдгээр улсууд иргэдээрээ 100 карт бөглүүлдэг. 100 карт бөглөнө гэдэг замын хөдөлгөөний дүрмийг бүгдийг нь уншиж, цээжилж таарна. Манайд 20-хон карт бөглөж байгаа. Тэгэхээр хүн бингодох юмуу, бидний ярьдгаар таамгаар бөглөөд төгсөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр дунд дүрмээ уншиж байгаа сайн төгсөгчид байгаа л даа.

Нэг ёсондоо олон улсын жишиг бол замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлье гэвэл хууль нь чанга байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь иргэдийн ухамсрыг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Манайхаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг оруулъя. Хүүхдэд багаас нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгоё гэж. Энэ аргууд Япон, Солонгост хэрэгждэг. Гэтэл манайд зам тээврийн осол гаргачихаад 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгөхөө мэдэхгүй хүмүүс төгсөж байна шүү дээ.

-Замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх, зөрчсөн тохиолдолд торгуулиа төлөх асуудал манайд тун хүнд. Замын цагдаа торгуул бичээд л байдаг, араас нь Өршөөлийн хууль гаргаад тэглэчихдэг. Танай алба үүн дээр ямар суурьтай байдаг вэ?

-Цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагч уулзварынхаа ойр орчимд 100-200 метрт хяналт тавих ёстой. Тэнд гарч байгаа зөрчилд хариуцлага тооцох нь хууль ёсны үйлдэл. Уг нь хуулиндаа цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага буюу торгуулийг 14 хоногийн дотор төлөх ёстой байдаг. Үүнтэй давхар зөрчлийн оноо хасагддаг. Торгуулиа төлөөд, дахин зөрчил гаргахгүй бүтэн жил явахад зөрчлийн оноо сэргэдэг журамтай. Үүнийг жолооч нар ихэнх нь мэддэггүй.

Торгууль төлүүлэх асуудал дээр сүүлийн үед манайд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд жолоочоор хүн авахдаа торгууль, замын хөдөлгөөнд хэрхэн оролцдогийг нь хардаг болж эхлээд байна. Энэ бол сайшаалтай. Та манай компанид борлуулалтын жолооч хийх гэж байна. Таны мэдээллийг шалгахаар тэдэн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, тийм газруудад дүрэм зөрчиж торгуулсан байна. Ер нь та их зөрчил гаргадаг юм байна. Дээрээс нь татвар, торгуулаа төлдөггүй юм байна гэж хөшүүргийн арга хэмжээ авч байна.

-Гэхдээ нийтлэг арга хэмжээ биш шүү дээ?

-Тийм л дээ. Энэ тал дээр цагдаагийн байгууллагатай хамтраад дүрэм журам болгож боловсруулан, Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагууд ийм байдлаар хяналт тавиад эхэлбэл үр дүнтэй. Дараа нь нэг ажилд оръё гэхэд зөрчилтэй бол ажилд орохгүй юм байна гэдэг ойлголт жолооч нарт бий болно. Ийм зарчмыг бусад улсууд хуулиндаа хүртэл зохицуулаад өгчихсөн байдаг.

Жолоочийн хариуцлагыг чангаруулъя гэвэл хуультайгаа л ярих ёстой. Нэгэнт би нэг хүн дээр очоод “Чи дүрэм зөрчиж болохгүй шүү” гэж хэлээд нэмэргүй. Нийтийг хамарсан эрх зүйн зохицуулалт бол хууль. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулах арга зам байгаа гэсэн үг. Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг, чиглэлийнхээ хүрээнд ажилладаг.

-Улаанбаатар хотын замын түгжрэл олон гэрэл дохионоос үүдэлтэй гэж зарим мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэрэл дохиогоо цөөрүүлж, зүүн гар тийш эргэхийг хориглобол хөдөлгөөний эрч буурах боломжтой гэх юм. Үүн дээр замын цагдаагийн байгууллагын байр суурийг сонсмоор байна?

-Замын зохион байгуулалттай холбоотой асуудлыг Хотын захиргаа шийддэг. Тээврийн цагдаагийн албанаас санал л хүргүүлдэг. Хэрэгжүүлэгч байгууллага нь Нийслэлийн захирагчийн алба болон Нийслэлийн авто замын газар. Нийслэлийн авто замын газарт замын инженерчлэлийн судалгааны том байгууллага, баг ажиллаж байдаг. Одоогоор Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хөдөлгөөн зохицуулалт дээр ажиллаж байна.

Уг нь гэрэл дохио бол цагдаагийн албан хаагчийг орлох зохицуулалт байх ёстой. Гэвч үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас цагдаагийн албан хаагчид уулзвар, гэрэл дохионууд дээр зогсч байна. Нөгөө талаар Замын хөдөлгөөний дүрэмд таны орох гэж байгаа уулзвар гацаатай байвал та хөндлөн замаас яваа тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр зогсох ёстой гэдэг. Гэтэл манайх түгжирчихсэн байсан ч араас нь очиж зогсоод би ч явахгүй, хөндлөн замын жолооч ч явах боломжгүй болгоод таг гацаачихдаг. Энэ үед иргэдийн бухимдал үүсдэг. Гацаж, гацаж гарахаар уулзвар дээр цагдаа зогсож байдаг. Тэгээд л “Өө цагдаа гацаагаад байсан байна” гэдэг. Гэтэл цагдаа бол тэр уулзварын гацааг арилгахаар, бусад хөдөлгөөнд оролцогчдод давуу эрх олгохын төлөө гэрэл дохионы үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ талаас нь ойлгоосой гэж хүсч байна.

-Түгжрэлийг бууруулах тал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар нэг санал гаргасан уу?

-Тээврийн цагдаагийн алба болон бусад төрийн байгууллагуудаас сургууль, цэцэрлэгийн эхлэх болон тарах цагийг ажлын цагаас зөрүүлэх саналыг Хотын захиргаанд хүргүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн захирагчийн албанаас олон нийтээс санал асуулга авч эхлээд байна. Харин гэрэл дохиотой холбоотой асуудал яригдаагүй байна. Энэ бол манайхаас хамаарах асуудал биш.

-Зүүн эргэхийг хориглох шийдвэр өмнө нь гарч байсан ч улс төрөөс болж зогсож байсан. Ер нь замын хөдөлгөөн, түгжрэлд улс төр нөлөөлж байгаа гэсэн агуулга яригддаг?

-Зарим шаардлагатай уулзваруудад чигээрээ явах хөдөлгөөний эрчим их байдаг. Гэтэл зүүн болон баруун эргэх чиглэл дээр хоёрхон машин зогсож байх тохиолдол бий. Нийт гэрэл дохионы асах хугацаа 20-30 секунд. Шулуун гэрэл нь 30 секунд асаад зүүн эргэх гэрэл 30 секунд давхар асангуут бусад хөдөлгөөнд оролцогч хүлээх болчихдог. Гэтэл энэ хугацаанд хоёр машин гараад л сул болчих жишээтэй. Өндөр хөгжилтэй улсуудад замын түгжрэл саатал их үүссэн газруудад уулзвараа тойрог хөдөлгөөнд оруулж шийдвэрлэдэг жишиг бий.

Энгийнээр хэлэхэд, манайд Саппорогийн тойрог, Баянбүрдийн тойрог гэж байгаа шүү дээ. Уг нь тойрогтой уулзвар дөрвөн замын уулзвараас илүү хөдөлгөөн нэвтрүүлэх чадвартай. Яагаад гэвэл гэрэл дохио бол зөвхөн нэг талынхаа хөдөлгөөнийг авдаг, бусад хөдөлгөөн зогсчихдог. Тэгээд л ачаалал үүсчихдэг. Тойрог бол мөнхийн урсгалтай. Жолооч нарын ухамсаргүй соёлгүй байдлаас болж хэн нь төв зам, хэн нь туслах замаа мэдэхгүй дайрч ороод мөргөлддөг. Тэгээд л тойрог гацчихдаг. Үүнээс үүдэж манайх тойргийг болиулаад дөрвөн зам болгочихдог. Гэрэл дохиотой уулзвар нэг цагийн дотор 100 машин нэвтрүүлж байхад тойрог хөдөлгөөнтэй зам 400, 500 машин нэвтрүүлэх чадалтай. Та санаж байвал Саппорогийн уулзвар тойрог замтай байхад хэзээ ч дөрвөн талаасаа гацаж байгаагүй.

-Яармагийн замын ачаалал юунаас болж байна вэ?

-Зам, замын байгууламжтай холбоотой. Яармагийнх нэг л замтай. Яармагийн эцсээс Туулын гүүр рүү орж ирээд уулын зам, наадамчдын гудамж, Саппоро гээд салаад явчихдаг. Цаанаас ирж байгаа урсгал нэг чиглэлтэй учраас гацаад байгаа юм. Миний дуулснаар Яармагийн эцсээс шууд Хархорин руу нийлэх зам барих ажил Нийслэлийн авто замын газар дээр яригдаж байгаа юм билээ.