"Тэднийг буцааж болохгүй, Засгийн газрын бичгийг шаардаарай” гэж ярьсан монгол эмэгтэйгээс болж нутагтаа ирэх шийдвэрээ гаргаж чадаагүй оюутан бий
2022/02/25
Украин улсад байгаа монгол иргэдийг татаж авахтай холбоотойгоор мэдээлэл хийх үеэрээ ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Украинд байгаа оюутнууд өмнө нь ирье гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан ч дайн болох гэж байгааг нотол гэх байдлаар хойрго хандсан талаар оюутнууд мэдээлж байгаа. Энэ асуудалд тайлбар хэлэхгүй юу?
- Бид сар орчмын өмнөөс л нөхцөл байдал эвгүй болж болзошгүй гэдэг үүднээс тэнд байгаа оюутнуудынхаа бүх мэдээллийг цуглуулаад Элчин сайдын яамнаас холбогдож эхэлсэн.
Ингээд бид нөхцөл байдал гайгүй, нислэг хэвийн байгаа дээр эх орондоо ирэх зөвлөмжийг өгч байсан.
10 орчим хоногийн өмнө цахимаар холбогдох үеэр зарим оюутан дайн яг хэзээ болох талаар асуухад нь бид “Дайн болж болзошгүй гэж үзэж байгаа болохоос яг маргааш нөгөөдөр дайн болно гэсэн тодорхой мэдээлэл байхгүй” гэдгийг хэлж байв.
Үүнийг зарим оюутан буруу ойлгосон байж болзошгүй гэж бодож байна.
- Украинд сурч байгаа оюутнууд руу монгол хүн утастаж, Засгийн газраасаа бичиг авчирсан талаар мэдээлэлд тайлбар хэлэх боломжтой юу?
- Сар орчмын өмнөөс өгсөн зөвлөмжийн дагуу тэнд сурч байсан 60 гаруй оюутнаас 40 гаруй нь эх орондоо ирчихсэн байна. Харин одоо тэнд байгаа 30 орчим оюутантай өнгөрсөн Мягмар гарагийн орой Гадаад харилцааны дэд сайд цахим уулзалт хийсэн. Энэ үеэр тэдний зардлыг дааж, эх орондоо ирэхийг хүссэн юм.
Харин оюутнуудын зүгээс дийлэнх нь төгсөх курсийн болон хэлний бэлтгэлийнх тул хэрэв хичээлийн жилийнхээ дундуур Монгол руугаа буцвал төгсгөхгүй эсвэл ирэх жил нэгдүгээр курст оруулахгүй гэсэн шаардлагыг цаанаас нь тавьж байгаа тухай хэлж, энэ тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн.
Иймд бид тухайн бичгийг явуулахаар ажиллаж байтал гэнэт дайн эхэлж, энэ асуудал түр хугацаагаар зогссон.
Бидний сүүлд авсан мэдээллээр, тэнд оршин суудаг монгол эмэгтэй монгол оюутнуудын сурдаг сургуулиуд руу утсаар холбогдож, “Монгол оюутнуудыг буцаахгүй байх хэрэгтэй. Хэрэв буцна гэж зүтгэвэл заавал Засгийн газраасаа бичиг авчрах шаардлага тавиарай” гэж хэлсэн гэсэн мэдээлэл байна.
Тухайн эмэгтэй ямар зорилгоор ийм асуудал ярьсныг бид сайн мэдэхгүй байна. Түүний ярьсан асуудлаас болж цөөн хэдэн оюутан нутаг буцах шийдвэрээ гаргаж чадахгүй, хүндрэл учирсан асуудал гарсан.
Украинд суралцдаг манай оюутнуудын дийлэнх нь Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Харин тус эмэгтэйгийн хувьд, Украинд байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн бөгөөд хувийн журмаар суралцах оюутнуудыг Украины сургуулиудад жуучилдаг үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй гэсэн мэдээллийг бидэнд иргэдийн зүгээс өгч байна. Нарийн мэдээллийг нягтлан судалж байна.
зочин · 2022/02/26
Хөөрхөн зарим учираа олох нь ами аргалаад ирсэн боломж нөхцөл нь болоогүй нь улс орон төр үасгаас шиидвэр харсаар иим байдалд хүрчээ сүүлийн жилүүдэд хэдэн оюутанууд маань бор зүрхээрээ яваа л лаа Сайд гэх булмал дээлнии загвар үзүүлэгч арай л барахгүй байна даа
зочин · 2022/02/25
Анхааруулсаар байтал үлддэг нь буруу. 90-д оны сүүл хүртэл Украйнд МУ-ын консул байсан. Нэгэнт байхгүй бол аль эрт ирэх ёстой байсан. Уур, алдаагаа гаргадаг нь төр биш
Зочин · 2022/02/25
өмнө нь наашлах ёстой байж дээ одоо агарын хил хаачихсан газраар ч гэсэн хэцүү л байх шиг бна хэн нэгнийг буруутгаад байлгүй хэт их айж сандралгүй арга хайх л хэрэгтэй болж. Польшоор дамжуулаад авах оролдлого хийж байх шиг бна. Юм бүхэнд засаг төрлүүгээ дайраад баймааргүй байна шүү.
Зочин · 2022/02/25
Одоо тэгээд яг яах гэж байна? Өөрсдөөсөө зайлуулаад тэр эмэгтэйгээс болсон, оюутнууд шийрэгнэсээр байгаад ийм юм боллоо гэж суух цаг биш байлтай