Н.Мягмардорж: Нэгдүгээр сарын 11-нээс хойш нэг ч контейнер эргэж гараагүй. Гэтэл хоногт 400 юанийн түрээс төлдөг
2022/03/10
Эрээнээс орж ирж буй бараа ямар үнэтэй байгаа, Улаанбаатарт хэдэн төгрөгөөр зарагдаж буй талаар “Хөх тэнгэр” карго компанийн худалдааны мэргэжилтэн Н.Мягмардоржоос (нэрийг өөрчлөв) тодрууллаа.
-Эрээнээс Улаанбаатар хот руу бараа татахад 1 м.куб ачаанд хэдэн юань төлдөг вэ?
-1 м.куб ачааг Эрээн боомтоор аваад Улаанбаатарт ирэхэд 1600 юань төлдөг. Үүнд гаалийн татвар, тээврийн зардал гээд бүх зүйл нь орсон.
-Гаалийн татвар, тээврийн зардал зэрэг нь оролгүй Эрээнээс 1 м.куб ачааг яг хэдэн юаниар авдаг юм бэ?
-600-800 орчим юань болдог. Их хэмжээгээр бол 600, багаар 800 юань төлдөг. 1-2 м.куб ачаанд 800 юаниар үнэлдэг. 10 м.кубээс дээш бол 600 юань болж буурна.
-Улаанбаатарт 1600 юаниар ирсэн барааг жижиглэнгийн худалдаачид бас нэмж зарж байгаа юу?
-Тэгнэ. Гэхдээ ямар ачаа гэдгээсээ шалтгаална. 1 м.куб ачаанд ариун цэврийн цаас овор ихтэй, жин багатай учир цөөхөн орно. Хэмжээ багатай хүүхдийн өмд, цамц олон орно гэдэг ч юмуу, ирж байгаа бараанаасаа шалтгаална.
-Тухайн ачаанд юу орж ирж байгаагаас үл хамаараад үнэ адилхан уу?
-Үнэ өөрчлөгдөхгүй. Зөвхөн эзэлхүүнээр нь боддог. Нэг контейнерт 60 м.куб ачаа орох бол түүнд нь тулгаж л ачдаг. Тухайн ачааг ямар хайрцаг саванд хийсэн байна, тэр хайрцагны өндөр уртаар ачааны эзэлхүүн гарна шүү дээ. Түүнийгээ 1 м.кубийнхээ үнээр бодож өгдөг.
-Танайх ачаа бараа оруулж ирж байгаа юу. Ямар шугамаар яаж оруулж ирж байгаа вэ?
-Манайх Гашуунсухайт боомтоор явахгүй байгаа. Эрээн-Замын-Үүдээр ачаагаа авч байна. Үнийн хувьд Замын-Үүдээр явахад арай хямд. Манайх 1 м.куб ачааг 1280 юаниар бодож ачиж байгаа. Яагаад ийм хямдхан байгаа вэ гэвэл Гашуунсухайт боомт дээр ирэхээрээ оочер дугаарлалт байхгүй шууд ордог. Тэгэхээр ирэх хугацаа нь богинохон. 7-10 хоногт багтаад ирчихдэг. Эрээнээс хөдөлсөн ачаа Гашуунсухайтаар тойроод Улаанбаатарт ирэхэд 7-10 хоногт багтахгүй. Гашуунсухайтаар оруулахад 15-20 хонож байгаа. Манай ачаа Замын-Үүдээр шууд ирж байгаа болохоор арай хөнгөлөлттэй үнээр буюу 1280 юаниар 1 м.куб ачааг ачдаг. Яаралтай ачааг баруун талын боомтоороо 1600 юаниар ачаад байгаа.
-Чингэлэг тээврийг хүн хоорондын контакт үүсгэхгүй ариутгал халдваргүйтгэлийн дэглэм баримталж байгаа гэсэн. Энэ тал дээр ямар нөхцөл байдалтай байна вэ?
-Ариутгалаа бүх газар журамд заасны дагуу хийдэг. Хамгийн асуудалтай ганц зүйл нь урдаас орж ирсэн контейнерууд буцаж гарахгүй байгаа.
-Яагаад?
-Гуравдугаар сарын 20-ны үеэр гаргаж эхлэх юмуу тийм л сураг дуулдсан. Контейнераас өвчин халдана гэдэг болгоомжлол Хятадын талд байгаад байгаа. Тэгэхээр Монголын талд хоосон контейнерыг ариутгаад тэг цэг рүү аваачаад, тэг цэг дээрээ дахин ариутгаад Хятадын гаалийн хашаа руу аваачаад тэндээ 14 хонодог ч юмуу, нэг сар болдог ч юмуу ийм хорионы хугацаа байгаа юм. Тэр хугацаагаа өнгөрөөгөөд тухайн контейнераас янз бүрийн зөрчил илрэхгүй байвал цааш нь буцааж оруулах юм билээ. Нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг тээвэр явж эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш ирсэн нэг ч контейнер буцаж гараагүй. Тэдгээр контейнерууд зүгээр хэвтэж байдаг юм биш байхгүй юу. Нэг хоногийн 400 юанийн түрээс төлдөг.
-Тэр түрээсийн мөнгийг хаанаас хэн төлөх вэ?
-Тэр мөнгийг энгийн хэрэглэгчид л төлж байгаа шүү дээ. Контейнерын эргэлт нь хурдан байвал үнэ хуучны ханшин дээрээ очих боломжтой. Гэтэл орж ирсэн контейнерыг нэг ч ширхэгийг гаргахгүй гурван сар түгжиж байна. Гурван сард өдрийн 400 юанийн түрээс төлөхөөр тэр түрээсийн мөнгийг барьж авахын тулд Монголд худалдан авч буй энгийн хэрэглэгчдэд үнээ өндөр хэлж, зардаг. Түүнээс контейнерын эргэлт хурдан, сар дотроо гаргаад байвал үнэ бууна. Хятадын талын бодлогоос болж үнэ нэмэгдээд байгаа. Түүнээс дунд нь нэг жолооч, нэг тээвэр зуучийн компани үнэ нэмээд байгаа юм биш.
-Түрээсээс өөр ачаа тээвэрт гарч буй хүндрэлтэй асуудал юу байна вэ?
-Сугалаа гэж нэг юм бий. Сугалааг Өмнөд Монголын Эрээн хотод байгаа гааль тээврийн, төрийн албанаас зохион байгуулж байгаа. Тэр нь бидэнд маш их түвэг болж байна.
-Тэр сугалаа нь ямар учиртай юм бэ?
-Гаалийн хашаанд 1000 контейнер байна гэж бодъё. Гэтэл наанаас хамгийн түрүүнд орж ирсэн контейнерыг түрүүлж гаргах ёстой. Тийм үү?
-Тийм.
-Цаг хугацаагаар уг нь эрэмбэтэй байгаа шүү дээ. 1-нд орсон бол нэгэнд, 2-нд орсон бол хоёронд гээд. Эхлээд түүгээрээ ачаад явж байтал манай монголчууд яаруу юм болохоор таньдаг мэддэг хүн амьтнаараа яриулаад 1-нд орсон контейнер гараагүй байхад 10-нд буюу ес хоногийн дараа орсон контейнерыг өмнүүр нь дайруулж ачуулаад байсан, хээл хахууль өгөөд. Гэтэл Хятадын тал тийм юманд дургүй шүү дээ. Хээл хахууль авдаггүй. Тэгээд “Ном журмаараа явж болохгүй юм бол сугалаанд оруулна” гээд санамсаргүй байдлаар хүний оролцоогүй компьютерийн программаар тодруулж оруулах болсон. Үүнд нь урьд нь орж ирсэн контейнерууд хугацааны алдагдал хүлээж, түрээс их төлнө гэсэн үг. Би гуравдугаар сарын 1-нд контейнероо оруулж ирсэн мөртлөө аз таарахгүй бол 10-нд оруулна гэсэн үг. Гэтэл би арав хоног хүлээж байхад 10-нд орж ирсэн контейнер сугалаанд ороод аз нь таарвал тэр өдрөө орж ирж байгаа. Ийм л үл ойлголцлын асуудал үүсээд байна. Гэхдээ энэ нь манай монголчуудаас л болж байгаа юм л даа. Миний контейнерыг оруулаад өгөөч, 1000 юань өгье гэж хэлдэг зангаасаа болоод өөрсдөө хохирч байгаа юм.
хүннү · 2022/03/11
Монгол улсд Ковид дуусаж байна. Монгол байгаа котейнерүүд “эрүүл” харин Хятадад Ковид галзуурч байгаа юм билээ. Ковид Хятадаас дахин орж ирэх магадлал өндөр. Мөн хятадууд авилга авдаггүй гэв үү? Ёстой уучлаарай харин ч авилгын “ төрлөх эх орон” шүү дээ. Манай авилгачид хятадуудаас их юм сурсан. Хятадад хууль чанга ч тэр болгон авилгачиддаа хүрч чадахгүй байна. Одоо тэр 1 м.куб-н үнэ чинь л авилга байхгүй юу? Өнгийг нь хувиргасан авилга юм. Улаан цайм мөнгө авахгүй ч 1м.куб-с мөнгөө авчхаж байгаа юм.
dn · 2022/03/10
shulaachid ardchilaliin jiluuded usun nemegdseen ,yay gehevdee deeree bodlogo n tegj yvj baigaa hoino doroo dogosood bh yu l bhvdee