"Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар" сэдвээр Тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс өнөөдөр / 2022.03.10/ мэдээлэл хүргэв.

Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлэхдээ, "Замын-Үүдэд 5,359 автомашин хил дээр Хятад улс руу гарах оочер дарааллаа хүлээж байгаа. Үүний 1,428 нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй. Харин 321 нь банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй байгаа бол иргэдийн 3,338 машин байна. Үүнийг нийтэд нь авч үзвэл, компанийн болон иргэдийн машин ч байна. Гэтэл Замын-Үүдийн жолооч нарт л муу нэрийг хамаатуулдаг” гэв.

Мөн яриандаа “Замын-Үүдийн тээврийг өсгөж, тээвэр ложистикийн салбарыг эзлэх санаархалтай төрийн байгууллагуудтай нийлсэн бүлэглэл гарч ирсэн. Тиймээс хил гааль хаагддаг шалтгаан нь энэхүү бүлэглэлийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэх дүгнэлтэд хүрээд байгаа.

Зам тээврийн яаманд байгаа хэдэн дарга нар нь төрийн бус байгууллагатай нийлж тээврийг авахаар янз бүрээр үздэг.  Тиймээс үүнийг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Энэ бүлэглэл үнэхээр хүчтэй, бүх тушаал шийдвэрээ төр засгаас гаргуулчихдаг. 

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь жолооч, тээвэрчдийн орлогыг булаах оролдлого. Өдөрт гурван компанийн 50 машинаар чингэлэг тээвэрлэж байгаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна. Чингэлэг тээвэрлэлт нь найм хоногт 300 задгай машинаар зөөх ачааг 21 хоногт 50 машинаар зөөсөн. Энэ хоногийн зөрүү нь ард иргэдийн мөнгө, цаг хугацаанд алдагдал болж байна. Ачаа тээврийн эргэлт улам удааширсан. Нэг чингэлэг ачаа нь задгай тэвшинд тал ачаа л болно" хэмээн хэллээ. Задгай тээврийн машин нь иргэдийн цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэдэг. Гэтэл Чингэлэг тээврээр явснаар урд Эрээний талд ачаа бөөгнөрсөн хэвээр байгаа юм. 

Мөн шилжүүлгийн ачааг цэргүүдээр хийлгэж, тэг цэгээс гаалийн терминал хүртэлх ачааны машиныг цэргийн хүмүүсээр жолоодуулж байгаа. Ингэснээр Замын-Үүд дэх хүмүүсийн ажлын байрыг булааж байна. 

Иргэд зээлээ төлж чадахгүй болж хүмүүс хоорондын харилцаа муудан гэр бүл салахад хүрлээ. Тэг цэгээс ложистикийн төв рүү зөөх ажлыг Хятадын гурван компани хийж буй. Нэг чингэлэг ачаа 70 м.куб болно. Нэг м.куб нь 1,500 юаньтай тэнцэнэ. Ингэхээр нэг чингэлэг ачаа нийт 150 мянган юань буюу 47.2 сая төгрөг болно. Хятад улс руу 44 хоногт 93 тэрбум төгрөг урсаад байна. Задгай тээврээ үргэлжлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ.